Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Пүрэвийн Батнайрамдалын “Саран хүрээ” өгүүллэгийг уншигчдадаа хүргэе.
П.Батнайрамдал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг, төрийн тахилгат Бурхан буудай хайрхны өвөр бэлд мэндэлсэн нэгэн. Тэрбээр Дархан хотод ерөнхий боловсролын дунд сургууль, Украин улсын Львов хотын ЦУТДС-ийг дүүргэсэн, цэргийн сэтгүүлч мэргэжилтэй. Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуульд оюутан, Дархан хотын Барилгын 11 трестэд гагнуурчин, Барилгын цэргийн 022 дугаар ангид хугацаат албаны цэрэг, Цэргийн төв хэвлэлд мэргэжлээрээ ажилласан П.Батнайрамдал яруу найргийн “Бодлын тусгал”, “Өргөст модны шувуу”, “Дотоод шаталт”, “Чанд алс”, “Үлэмж алс”, “Сарны сэвх”, “Улаан шаргал навч” номоо уншигчдын хүртээл болгосон билээ. Мөн өгүүллэгийн “Зүүдэн нуур”, “Усан будагийн нулимс”, “Хар морьтын хөтөл”, “Намрын хонгор салхи”, дурсамж, бодол эргэцүүллийн “Элдэв инээд”, “Элдэв явдал” ном хэвлүүлсэн. Түүний бичсэн “Сүүлчийн амраг”, “Замын хүзүү”, “Хүйтэн зун”, “Далдуу модны гэгээ” зэрэг сонирхолтой туужууд нь чолны хүртээл болсон юм.
Цэргээс халагдаж ирсэн Даш залуу хүний ааг омгоор адуунд аатайгаа дуудуулж, ан авд хорхойсож, хөхрөн униартах алсын цэнхэр уулс, Хэдрэг, Хэргэнтийн уужим бэл хөндийг туучиж, хээрээр гэр, хэцээр дэр хийсэн хавтай сайхан эр нутаг усандаа сул чөлөөтэй жигүүртэн шиг дэрвэлзэж хэдэн жилийг ардаа эвхэв. Мал сүрэг, цас бороо, хадлан гэх хэвшмэл үгтэй тулга тойрсон аж амьдралын үйлээс тэс өөр сонор содон мэдээг мөнөөх Даш дуулгаж, хөдөөгийн уул талаар өдтэй бичиг шиг хийсгэлээ.
-Өнөө Даш ч ов сүйхээтэй эр юм, залуу хүн арга байж уу. Хулангийн унага бариад ногтолчхож. Эр унага юм гэнэ шүү, алсдаа хурдан хүлэгтэй болох дог шүү гэж өвгөн Дамдин бахарахсан ч юм шиг, бардсан ч юм шиг ярихад дуугүй чагнаж суусан дэргэдэх өвгөн нь:
-Хулан хараалтай л амьтан гэдэг, захын хүнд л мал шиг дасдаг бол хавийнхан хулангийн сүрэгтэй болох байсан биз. Зэрлэг бол зэрлэгээрээ л дуусна. Амьтны нялх үрийг ижлээс нь салгаж яах нь вэ дээ. Аягүй бол зэлэн дээрээ харангадаж мэднэ. Үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэгч л болох вий. Би тэр залуутай ер тааралдахгүй юм, чи нэг таарвал хулангийн унагыг чөлөөлж тавь гэж намайг хэлж байна гэдгийг дамжуулаарай. Золигийн сагсуу залуу зөнөг миний үгийг авахгүй л болов уу. Гээд яая гэхэв, хэлэхгүй байснаас хэлсэн нь дээр, дараа нь үгтэйгээ үлдэнэ шүү дээ гэлээ. Тэднийг ийн ярилцаж байхад Дашийн барьсан хулангийн унагыг харах гэж хол ойроос сониуч хүмүүс тэднийх рүү жим гартал цуваад сонин нь буурсан биз, үзэгдэхээ больж, ижил сүргээсээ таслагдан хашигдаж, уяатай хоцорсон хулангийн унага зүс гандаж, тийчилсээр байгаад турж эцээд хийморь жавхаагүй болсон байлаа.
Өглөө эрт гэрээс гарч таахаг таахаг алхлан саравчны арын довцгийг тойрч, гараа алдлан хэд савчуулаад морь харж зогсохдоо Даш содон мөр олж харжээ. Даш тэр мөрийг дагуулан хэд алхаад явгалан сууж ажиглав. “Ганц хулан энд юу хийж явдаг байна аа, газар хол шүү дээ. Ац нь гадагшаа эргэсэн байна. Энэ бол хулангийн гүү биш, азарганы мөр л дөө. Яадаг барам бэ, унага нь энд байгааг мэдэж байна гээч, ухаантай амьтан юм, арга ч үгүй биз, адууны садан төрөл юм хойно. Өдөрчийн газраас үнэр авдаг амьтан гэж байгаа, мөрөөр нь биш үнэрээр нь мөшгөөд энд ирсэн байх. Уяанаас нь мултлаад дагуулаад явж чадахгүйгээс хойш тэр муу азарга энд ирээд ирээд яах ч юм билээ. Дахин дахин ирээд байвал шөнө отож байгаад буудаж тогоо тослохгүй юу, чамаар. Харин энэ унагыг яах вэ, хүнд дасна гэж байхгүй бололтой юм. Үхэхгүйн тулд чи муу миний гарыг харж л таарах байлгүй” гэж өөртөө хэлсэн Даш гэрээдээ таахаг таахаг алхав.
Даш гэрийн хоймор голлон завилж, чанасан мах хэрчиж хөвүүлсэн том шаазантай цайнаас хаа нэг оочлохдоо мөн хаа нэг хэрчсэн мах хөгшин хүн шиг бувар бувар зажлах нь залхуутай ч юм шиг харагдана. “Өнөө зоопарк гээчид нь аваачаад өгчих сүйхээтэй эр хаа нэгтээ байгаа даа. Ер нь хот явдаг хэрэг ээ, сул ороод ирсэн олзыг яаж суллаад явуулчхав. Үнэ хүрэх газраа өчнөөн л үнэ хүрнэ. Ингээд гэрийн мухар сахиж суугаад байвал хэн ирж надаас авах вэ. Юу гэдэг билээ, суусан цэцнээс явсан тэнэг илүү гэж. Ер нь олз наймааны гар хэр хол сунаснаас ашгийн их, бага нь хамаарна. Яадаг ч байсан хот ордог хэрэг ээ” гэсэн бодолдоо итгэлийг олж, маасайтал инээд алдан тамхи татаж суухдаа, хэзээний ажигч зангаараа гэнэт толгой гэлжийлгэн нээлттэй үүдээр харвал урд гүвээ хэжиж морьтой хүн бөг бөг дөтөлж байгаа нь үзэгдэв. Хэн байж болох вэ, хаа хүрэх хүн манай хаяагаар өнгөрдөг билээ гэж хэрэгт дурлан ахиулан ажигласан Даш:
-Үгүй энэ чинь өвгөн Дамдин шив дээ. Хар үүрээр шахам үлийгээ хийж энд явдаг байна аа. Алдуул малын хойноос сажлаагүй нь лавтай, өмнөх замаа харахгүй шахам өвгөнийг хэн эрэлд явуулахав. Хариугүй нүд аних гэж байгаа өвгөнд хулангийн унага ямар хамаа байна аа. Өөрсдөө чадахгүй зүйлийн төлөө өвгөн хүн ч атаархан бачуурч явдаг байх нь хэмээн эгдүүцэн бодоод Даш гэрээс гарлаа.
-Хулангийн унага харах гэж явна уу, өвгөн гуай гэсээр морины уяанд угтан очиход:
-Хүүх ээ, чамтай л яриатай ирж байгаа минь энэ гэсээр өвгөн Дамдин морио уячихаад гэр лүү зүглэв.
-Та надтай морь малын наймаа ярих нь уу, ан авын тухай юу гэж Дашийг лавлахад:
-Аль аль нь биш ээ, хүүх ээ. Хөгшчүүлийн ярилцах нь хулан бараан мөртэй, хараалтай амьтан гэлцэх юм байна шүү. Өвгөн би өдий наслахдаа соёолонгийн тоосонд хийморь сэргэдэг гэж итгэж явснаас биш, хулангийн тоосонд хийморь сэргэдэг гэж огт сонсоогүй юм байна. Залуус та нарын чадал тэнхээг басаж яаж болох вэ. Чиний барьсан хулангийн унагыг сонирхож хол ойроос бишгүй л хүн наашаа зүглэх шиг боллоо. Би бол чамаас огт өөр бодолтой ирж байгаа хүн. Өнөө битүү Гомбо надаар чамд үг дайж явууллаа. Сохор шахам нүдтэй, суугаа гэж тэр өвгөнийг басамжилж огт болохгүй. Одон тэмдэг хүртэж, орон шоронд ч сууж, орчлонгийн амьдралыг туулахаараа нэг болсон хүн. Битүү Гомбо хэлэхдээ, энэ нутгийн авхаалжтай сэргэлэн залуусын нэг чамайг миний үгийг эрхбиш дагана гэж найдаж байна гэсэн шүү. Тэр унагыг суллаж тавь гэж байна. Хулан үнэрч амьтан, тэр дороо л сүрэгтээ нийлнэ гэж байна. Битүү Гомбо чиний эцгийн найз явсан хүн гэдгийг бодолцоно биз. За, хүүхээ ийм л байна даа гэхэд өвгөн Дамдингийн үгийг сонсож, тэвчээртэй суусан Даш:
-Үүнийг л хэлэх гэж та наашаа зорио юу. Өнөө зарлага ч бил үү, элч ч бил үү явж байгаа юм биз дээ. Цаг цагаараа байдаггүй гэсэн үгтэй, бидний үе ирсэн шүү дээ, өвгөн гуай минь. Хувийн малыг нь аваад хашчихсан биш, хээрийн амьтан хэний гарт орж, хэний гадаа байх нь хэнд юуны хамаа байна аа гэхэд өвгөн Дамдин:
-Битүү Гомбын үгийг дагана уу, байна уу чиний хэрэг. Явдал чирэгдэл болж би наашаа гарсан юм, яавч ардаа сулгүй биз гээд өвгөн Дамдин амнаасаа үг унагалгүй өвдгөө тулан босож гэрээс гарч мордоод чигтээ явчихав.
Хэнхэг хөтөлсөн хоёр өвгөн миний зоригийг мохоохгүй ээ, холын хүнтэй уулзаж хэргээ бүтээх минь гээд Даш ердөө маргааш нь хотыг зорьжээ. Олны хөлтэй их хот гэдэг Дашийн бодол, олз хоёрыг багтаалгүй яах вэ. Урд, хойно хэлхээ сүлбээтэй, сүйхээтэй эртэй Даш танилцаж, тохиролцоод яаран ирэхэд Зүйлийн говийн шанднаас барьсан хулангийн унага зэлэн дээрээ өлдөж үхсэн байлаа. Нэг барьсан юм хоёр барьж болох байлгүй гэж шазуур зуусан Даш хулангийн унага барихаар зэхэж, уургын уртыг бүсэлж, хоол хүнс базаагаад гэрээс гарч хоёр ч говь гэтэлсэн боловч хулангийн сүрэгтэй тааралгүй хээр гадаа хэц дэрлэн гурав хонов.
Өглөө эрт Хэдрэгийн хөндий рүү дурандаж суусан Даш зэрэглээн дунд тунарч суунагласан тоос ялгарч байгааг мэдэрлээ. Даш алсаас алгуурхан дөтөлж, хулангийн сүрэг шанд булаг руу цуврахыг хүлээж айвуу тайвуухан явлаа. Шанд булаг руу зүг бууруулан дөхөхдөө, яарах хэрэг юу байх вэ, цатгалан унага сүргээсээ хоцорч таарна, ер нь онох вий гээд Даш буцаж эргээд хэсэгхэн гэлдрүүлж, багахан манхан давтал саахалтын зайтай ойртсон хулангийн сүрэг баруун талаар нь тоос босгон хурдлах нь тэр. Энэ зэрэглээ юу, нэлээд хол л харагдсан, ийм ойроос гараад ирэх гэж. Хоёр чих ч чимээ анир авахаа болио шив, яадаг барамнууд вэ гэж үглэсээр Даш баруун тал руу эргэж тоосноос гарахаар ухасхийтэл урдаас нь мөн л тоос. Үнэндээ бол хулангийн сүрэг Дашийг ээрч, түүнийг тойрон дугуйрч алсаас дөтлөн хүрээгээ хумьж, түүнд ойртсоор байгааг Даш огтоос анзаарч мэдэрсэнгүй. Тэгтэл зүүн урд талаас нь сүргийн түрүүч зам хааж, Дашийн араар тойрч сүргийн сүүлчтэй нийллээ. Дашийг тойрон дугуйрч давхилдах хулангийн сүргийн босгосон тоос битүү хар сүүдэр үүсгэн, уурсаж догширсон хулангийн сүргийн хурд хүрээгээ улам улмаар хумьж, Дашид ойртон эргэлдэж байлаа. Юу болоод байгааг ойлгоогүй Даш хань болсон мориныхоо хондлойг илж, за хүлэг минь дундуур нь зүсээд гаръя гэж шивнээд зүтгүүлсэн ч шил шилээ даран хэдэн арваараа эгнэн нягтарч хар хурдаараа тойрон давхилдах хулангийн сүрэгт ойртох ямар ч боломж байсангүй. Унасан морь нь дороо эргэлдэн янцгааж, сандарч балмагдан нуруун дээр нь хүн байгааг мартсан тэр л агшинд Даш хулангийн сүрэг өөрийг нь тойрон давхилдаж, хүрээгээ улам бүр хумиж байгааг анзаарч, айдас хүйдэст нөмрүүлэв. Өөрийг нь тойрон хэдэн арваараа эгнэн битүү эргэлдэх хулангийн сүргийн туурайн тачигнаан, янцгаалт, ойртон буй дайралтад Даш бөгтийн мориныхоо хүзүүгээр тэвэрч, хоёр хөлөөрөө давирсаар байсан ч морь нь агдан эргэлдэж самсаа нь сарталзан бухаж, бусгах нь нэмэгдэв.
Дөрвөн хөл нь шаасан гадас шиг газар тулж хэсэгхэн зогссон морь нь ганцхан хүчтэй цоройход Даш мориноосоо уналаа. Хулангийн сүрэг тойргоо улам хумьж, эргэлдэн давхилдаж Дашийн амь тэмцэн буй орон зай ердөө гэрийн буурины дайтай багаслаа. Түрүүчийн хулангийн халуун амьсгаа Дашийн ар шилэн дээр сэрвэлзэж, өмнөөс нь уруул нь омголтсон зэрлэг амьсгаатай зэрэгцэн амаа ангайхыг Даш сүүлчийн удаа харлаа. Сүрэг хулан тойргоо хумьж, хоорондоо нийлэн холилдож дугуйран давхилдаж, гурвалжин хурц туурайгаараа газар цавчлан хэсэг дунгуйраад, сургийн манлай азарга ухасхийхэд сүрэг хойноос нь хошууран хойд хөндий рүү тоос босгон давхилдаж одох нь тэр. Хулангийн сүргийн үүсгэсэн саран хүрээний тоос өөдөө цоролзон цоролзоод замхрахад Дашийн сүүдэр ч үлдсэнгүй, сүрэг хулангийн туурайд хэгз татуулсан элс хайрган дунд улаан толбо л үлджээ.
П.Батнайрамдал МЗЭ-ийн шагналт зохиолч