МУИС, МУБИС-ийн Утга зохиолын нэгдэл, Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангийн гишүүн, залуу яруу найрагч Б.Санчирыг энэ удаагийн “Уран зохиол” буландаа онцолж байна. 1999 онд Улаанбаатар хотод төрж, 2022 онд МУБИС-ийг Хэл, уран зохиол судлаач мэргэжлээр төгссөн тэрбээр шинэ цагийн яруу найрагт өөрийн гэсэн өнгө аясыг бүрдүүлж яваа авьяаслаг, залуу уран бүтээлчдийн нэг юм. Түүний “157 тоотын диваажин” хэмээх яруу найргийн анхны түүвэрт багтсан болон сүүлийн үед бичсэн шинэ шүлгүүдээс уншигчдадаа дээжлэн хүргэе.
Эндхийн шувуу бүхэн
Урьд насандаа хүн байгаад
Аль нэг нь миний эхнэр байсан бол…
Хайрт минь хэний тагтан дээр
Тэнгэрийн хэлмэрч хийж байгаа бол…
Энэ хотын мод болгон
Урьд төрөлдөө хүн байгаад
Аль нэг нь миний эхнэр байсан бол...
Хайрт минь надаас ч урт настай болчхоод
Хаана даарч зогсоо бол...
Өнөө бидний дуулдаг гунигийн дуунууд
Урьд цагт хүн байгаад
Аль нэг нь миний эхнэр байсан бол...
Яг аль нь чиний тухай дуу юм бэ?
Булган нударгыг шалчийтал уйлжээ
Хайрт минь энэ чи мөн үү...?
Цээл хоолойтой хүний үр
Бид хоёрыг уулзуулна...
Хамгийн эхний автобус
зургаа хорьд хөдөлдөг
Би МУИС-ийн хоёр дээр буудаг
49 номерын автобусанд дандаа бээлийгээ хаядаг
Орой 40 эсвэл 57-д сууж гэртээ харьдаг
Хааяа хороолол орж тэндээсээ алхдаг
Хэдэн номерт сууснаа мэдэхгүй
Ямар ч байсан хайртай хүнтэйгээ
10 дугаархороолол орсноо санаж байна
Тэр үед л гараас нь атгах байсан гэж харамсдаг
Ахиж би түүнтэй автобусанд суугаагүй
Зургаа дөчин тавын модны хоёр хааяа
түүнийг минь сануулдаг
Хамгийн эхний автобус зургаа хорьд хөдөлдөг
Би МУИС-ийн хоёр дээр буудаг
49 номерт хүүхдүүд сууж хичээлдээ явдаг
Цонхон дээр мөрөөдлөө зурдаг
Тэдэн шиг мөрөөдөл байхгүйдээ харамсдаг
40 57 тоо нь хамаагүй автобус надад хань болдог
Харих замыг минь урт болгож өгдөг
Хамгийн эхний автобус зургаа хорьд хөдөлдөг
Би тэр автобуснаас дандаа хоцордог
Алдаа минь
Цээжин дотор эмтэрч орхисон
Арван тавны сар минь
Хуримаар дүүрэн намрын
Шинийн гурванаар аялсан
Хагацлын тухай дуу минь
Алдаа минь
Өвлийн адаг сарын
Бэлгэт сайн өдөр
Хожимдож татсан солонго минь
Дотогшоогоо асгарч
Цээжний талд үдлэх
Өнчин шувууны
Цангааг тайлсан нулимс минь
Алдаа минь
Арван тавны сар минь
Гуниг минь
Гутранги үзэл минь
Ахиж уулзахгүй ч байж мэдэх
Хүйтэн харцтай чи минь.
Нэгдүгээр хорооллын хаан болох гэж
Гудамжны ноход, шувууд
Үеийн хүүхдүүдтэйгээ олон жил дайтсан
Зүүн нүдэндээ чулуугаар цохиулж
Гараа бэртээж өвдгөө шалбалж элсээр бөмбөг хийн байлдаж
Тоглоомын талбай дээр хэн нэгний босгосон хана хэрмийг нурааж
Ялалтаа 250-ийн газтай ундаагаар тэмдэглэж
Маргааш нь дахиад тулаанд орж ялагдаж
Өөрийнхөө эзэнт улсыг элсний талбай дээр дахин байгуулж
Заримтай нь гал зогсоох гэрээ хийж
Чихэр зайрмаг солилцон найрамдаж
Хамтдаа хажуу байрны тоглоомын талбайг дайлаар мордож
Бидний ялалт нэгдүгээр хороолол даяар түгж
Эцэст нь бид том болцгоож
Дүү нартаа хаан суудлаа үлдээсэн
Гэхдээ тэдний хэн нь ч
Гараа бэртээж өвдгөө шалбалж тоглоомын талбай дээр эзэнт улс босгож
Ялалт байгуулахыг хүсээгүй
Ингэж бидний хөлс, цус, амттанаар босгосон хаан сэнтий
Эзэнгүй хэнд ч хэрэггүй дурсамж болсон
Авч өгсөн тоглоомыг чинь эвдэлчхээд
Араас нь уйлж байлаа
Тэр нулимс та бид хоёрынх
Таны авч өгдөг гадил жимс шиг
Хавирган сар цонхоор ширтээд л
Энэ сарыг хоёулаа заавал хувааж иднэ шүү эгч ээ
Таны өгсөн чихэр бүгд алга
Бага нас бүгдийг нь олоод идчихжээ
Танд би чихэр захья
Та ирэхдээ аваад ирээрэй
Эвдэрхий тоглоомынхоо араас унагасан нулимс
Одоо бүгдээрээ хүн болчихсон
Тэр нулимснууд таны хүүхдүүд шүү эгч ээ
Аав минь тамхи татдаг
Гэхдээ гэртээ утаа гаргаж үзээгүй
Хааяа балгах дуртай
Эмээ бид хоёрын гаргасан
Тайтгарлын замаар
Гэртээ ирээд гэмгүй унтаад л өгдөг
Эмээ минь далан зургаатай
Насыг нь хүндлээд
Гэрийн онгон ганц ч үг дуугардаггүй
Тэр гурил зуурдаг,
Хоолны мах хөшиглөдөг
Хорин гурван жил надад хоол хийсэн
Найман жилийн өмнө өвөө тэнгэр зүг
Байнга зогсдог тагтыг нь би өвлөж авсан
Дээрээ хов зөөх ахгүй өссөн
Ганцаардал бид хоёр сайн найз
Эмээ байсан болохоор
Зодооноос харин холуур явсан
Ганц, хоёр удаа алгадуулж явсан удаа бий л дээ
Гэхдээ өвдөлтгүй амьдралыг ямар амьдрал гэх юм
Айлын хүүхдүүдийг ээж нь сургуульд нь хүргэж өгдөг
Харин намайг эмээ, өвөө хоёр л зөөдөг байсан
Авга эгч, эмээ хоёр зах дээрээс
Тор дүүрэн тайтгарал авчирч өгсөн
Би өлсөж үзээгүй
Товчхондоо амьдрал,
Ганцаардахыг бас өглөгч байхыг заасан
Тоглоомуудаа би ганцаардлаас
Ганц ч удаа харамлаж байгаагүй...
Миний хотын хүмүүс эвэртэй
Булган сүүлтэй
Хоёр амтай
Хоёроос илүү чихтэй
Дөрөв тэгээд тэрнээс олон нүдтэй
Уйлаад эхэлбэл үер болдог
Нэгээс олон зүрхтэй
Жигтэйхэн дурламтгай
Дор хаяж долоо хоногт нэг удаа
Нэг нэгэндээ дандаа гомдож тунирхдаг хүүхэд шиг
Хүүхдийн цэцэрлэг шиг нэгнээсээ сэтгэлээ харамлана, хуваалцана
Цугтаа хэн нэгнийхээ сэтгэлээр тоглоно
Тоглож дуусчхаад сэтгэлийг нь хурааж тавилгүй тэр чигт орхино
Миний хотын хүмүүс дөнгөж долоон настай
Хамгийн томдоо л арван наймтай
10 жилийн хүүхдүүд шиг хотдоо үймүүлнэ
Хоорондоо зодолдоно муудалцана
Хорь хүрэх гэж яарцгаана
Ангийн даргаа сонгох гэж дандаа хэрэлдэнэ
Дараа нь зурагтаар үзнэ
Миний хотын хүмүүс харь гаргаас ирсэн
Буцна гэж огт боддоггүй
Бүгд өөр хэлээр ярилцдаг хэр нь ойлголцдог
Гэрлийн шонгууд нь оршин суугчид шигээ уйлж
Өдөржин унтаж орой нь нүдээ нээдэг
Заримдаа ноход нь хүний хэлээр ярьж хүмүүс нь хуцдаг
Шувуудтайгаа дэндүү дотно тэдэн шиг нисэхийг хүсдэг
Миний хотын хүмүүс харь гаргаас ирсэн
Буцна гэж огт боддоггүй
Миний хотын хүмүүс
Таныг хэн гэдэг вэ? Долоодугаар анги хүртлээ
Нэрийг чинь огт мэддэггүй байлаа
Хүүхдийн парк явдаг дэлгүүрт чихэр тоглоом авхуулах гэж уйлдаг
Гадуур тэнэж хичээлээ тасалж
Чихнээс чинь хонх уядаг
Сэтгэлийг чинь зовоодог
Хэнийгээ дуурайгаад ийм болчихдог юм гэж загнуулдаг
Хичээлд хүргэж өгч орой нь авдаг
Бусад хүүхдүүдийнх шиг
амьдралаар амьдарч үзээгүй юм байна
Хэн нэгэн таны тухай асуухад худлаа хэлдэг
Мартын наймнаар хүүхдүүд бүгдээрээ захиа бичдэг
Би тэр захианаас нь зугтаадаг
Эцэг, эхийн хуралд эцэг, эх нь л ирдэг
Орой нь тэгээд загнуулдаг
Бусад хүүхдүүдийнх шиг амьдрал
Ямар байдаг бол
Хүүхдүүд бүгд нэг л нэрийг сайн мэддэг
Тэр нэрийг дандаа дууддаг
Би тэр нэрээс харин дандаа зугтаадаг
Бусад хүүхдүүд шиг зохион бичлэг дээрээ
Таны нэрийг бичиж үзээгүй юм байна....
Би өвөл
Авга эгч зун
Эмээ намар
Бусад нь харин хавар
Заримдаа би
Эмээд хатуурхана
Эмээ харин
Усан бороо шиг
Урсаад л урсаад л...
Заримдаа өвөл гэдгээ мартчихаад
Хавар шиг хуйсгануур
Эмээ дэргэд минь жаахан жиндүүхэн
Намар юм болохоороо үс нь унаад л унаад л
Миний дэргэд хөл муутай намар
Дуул аялаад л даараад л даараад л...
Би өвөл
Авга эгч зун
Эмээ намар
Бусад нь харин хавар
Заримдаа би
Авга эгчид хатуурхана
Авга эгч харин
Усан бороо шиг урсаад л урсаад л
Заримдаа өвөл гэдгээ мартчихаад
Асгаад л асгаад л
Эмээ эгч хоёр үг дуугүй
Нороод л зогсоод л зогсоод л
Би өвөл
Авга эгч зун
Эмээ намар
Бусад нь харин хавар
Заримдаа би гэрт орж ирсэн
Хавар болгонд хатуурхана
Ах нарт, аавд өөр хэнд билээ?
Тэд харин усан бороо шиг
Урсаад л урсаад л...
Заримдаа өвөл гэдгээ мартчихаад
Тэдэнд шиг ээлжлээд л ээлжлээд л
Эмээ харин нэг л янзаараа
Дуу аялаад л суугаад л суугаад л....