Биднийг гэгээрүүлэхийг хүссэн уран бүтээлчид “Клеопатра” жүжгийг тайзнаа амилуулжээ. Үзэгчид ч шинэхэн театрын анхны бүтээл “Клеопатра” Монголын хөрсөнд хэрхэн буусныг сонирхохоор танхимыг дүүргэжээ. Улмаар хоёр үзэгдэлт жүжгийн завсарлагааны хонх дуугарч, гэрэл асахтай зэрэгцэж мэдэрсэн, ажигласнаа хуваалцахаар яарч, шивэр авир дуу гаргаж, дүнгэнэж эхлэв. Цөөнгүй нь танхимын гадна эгнэсэн Ром, Египетийн "дайчид"-тай зургаа авахуулахаар яаран гарав. Үлдсэн нь “Тайз засал үнэхээр супер болжээ” гэдэгтэй бүрэн дүүрэн санал нэгдэв. Дээр нь хувцас хэрэглэлийн нүд алдам гоёмсгийг дурдахаа мартсангүй. Нөгөө хэсэг нь “Жүжигчин Н.Баярмаад “Клеопатра”-гийн дүр төгс зохицсон” гэдгийг яг таг баталж, уулга алдах аж. Аа бас “Хасар” Жагаа Цезарь болсон нь нүдээ олжээ. Цезарийн дотоод илэрхийллийг үүнээс илүү яаж гаргах вэ” гэж шагшив. Хүүхнүүд “Марк Антони” хурдхан гарч ирээсэй гэж хүсэмжлэх аж. Тийн хүсэмжлэхэд тэднийг хяссан аятай завсарлагааны 15 минут хэтэрхий урт үргэлжлэх шиг.
Цагийн юм цагтаа болох юм болдгоороо болно. Гэрэл бүдгэрч хоёрдугаар үзэгдэл эхэллээ. Суут жанжин Марк Антони алтан өмсгөл юүгээ өмсөн гарч ирэв. Танхим даяараа уулга алдав. Хүдэр чийрэг бие, зангирсан булчин шөрмөс, дайнч эрийн гоо зүй үзэгч бүсгүйчүүдийг ийн уулга алдаж алга ташихад хүргэсэн болов уу.
“Монгол” театр ийн “мэндэллээ”. Бидний сэтгэлийг хиргүй тунгалаг байлгах, соён гэгээрүүлэх зорилгоор “Клеопатра”-г “барьж авснаа уран бүтээлчид онцлов. Мөн бүх цагийн үед дэлхий нийтээрээ магтан шагшсаар ирсэн тул Монголын үзэгчдэд Монголд нь толилуулахаар “Клеопатра”-г сонгожээ. Дэлхийн сонгодгийг сонгох нь асар их зоригийн асуудал. Харин эхлүүлсэн ажлаа нэр төртэйгөөр даван туулна, дуусгана гэдэг өөр хэрэг.
Ямартай ч шинэ содон зүйл хайж, оюуны таашаал эдлэх гэсэн үзэгчдийнхээ урмыг тэд хугалсангүй. Египетийн эцсийн хатан хаан Клеопатраг мэдэхгүй хүнгүй. Дэлхийн олон найруулагч Клеопатра зохиолыг сонгон кино, жүжиг хийсэн. Гэхдээ Бернард шоугийн 1898 онд бичсэн Клеопатра болон Цезарийн түүхийг, үгүй бол Уильям Шекспирийн 1603-1604 онд туурвисан Клеопатра болон Антонигийн хайр сэтгэлийн талаарх зохиолыг барьж авч тайз, дэлгэцийн бүтээл болгодог. Цахим орчинд ч тэр Клеопатраг дүрсэлсэн, шүтэн биширсэн мэдээллүүд цөөнгүй. Ном, зохиол ч олон. Эл түүхэн эмэгтэйн туулсан замнал үеийн үед шинэхэн, соньхон бас нууцлаг.
Харин “Монгол” театрын найруулагч А.Чингүний шийдэл арай өөр. Тэр Бернард шоу болон Уильям Шекспирийн бичсэнийг хоршуулж найруулахаар шийдсэн. Тиймээс театраараа, багаараа Клеопатрагийн талаар бүх цаг үед бичсэн бүтээлүүдийн эрэлд гарч, баримт сэлт цуглуулсан аж. Ингээд орчуулах ажлын голыг нь жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва, орчуулагч Э.Нямдулам нугалсан байна. Ийн ажил ундарч, олон сар бэлтгэл сургуулилалт хийсний дараа хойно “Монгол Клеопатра мэндэлж”, өчигдрөөс олны хүртээл болж эхлэв.
Мэдээж анхны тоглолтод алдаа оноо бий. Жүжиг дууссаны дараа үзэгчид хувцасны өлгүүрийн дараалалд зогсонгоо, хэд хэдээрээ тойрч, өөр хоорондоо энэ талаар хэлэлцэж зогссон. Жишээ нь, нэг үзэгч зарим гутал, жижиг хэрэглэл зохимжгүй, оноогүй үг хэллэгтэй байсныг шүүмжлэв. Харин нөгөө нь “Жүжиг товлосон өдрөө эхлэх ёстой. Энэ бол хариуцлага. Тайзны жүжгийн нэг сайхан нь өдөр ирэх тусам алдаагаа засаж сайжруулж болдогт оршдог” хэмээн уучлангуй хандах. Товчхондоо, жүжигчдийн баг чадварлаг, дүр сонголт чамбай, тайз гялгар, хувцас хэрэглэл хээнцэр, хөгжим яруу, тулаан эрэмгий байлаа, үзэгчид ч нийтээрээ сэтгэл хангалуун театраас гарав. Египетгүй Ром, Ромгүй Египет гэж үгүй билээ.