Шинжлэх Ухаан Технологийн сан нь Засгийн газрын 1993 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдсан цагаас хойш Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, үр дүнг нь нийгэмд нэвтрүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээр ажиллаж байна. 30 жилийн хугацаанд тус сангаас нийт 4688 судалгааны төслийг 156.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Үүнээс шинэ онол, теором 328, ашигтай загвар 324, патент 384, шинэ технологи 877, стандарт 973, шинэ бүтээгдэхүүн 790, шинэ арга, аргачлал 787, техник технологийн туршилтын загвар 273, гадаадын импакт фактортай мэргэжлийн сэтгүүлд 5838 өгүүлэл тус тус хэвлүүлсэн байна.
Цаашид бид салбарын эрх зүйн орчинг сайжруулж, шинжлэх ухаан, технологи, инновацийн олон талт оролцоо нэмэгдүүлж, төр хувийн хэвшил эрдэм шинжилгээний байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгож бүтээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Шинжлэх Ухаан Технологийн сангийн ойн баярын хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Мөн ойн арга хэмжээтэй холбогдуулан СБА-ын үр дүнд гарсан онцлох 30 бүтээгдэхүүний эдийн засагт оруулсан үр дүнгээр "Шинжлэх ухаан 2023" сэтгүүлийн тусгай дугаарыг нийтэлжээ.