УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 07 дугаар тогтоолын хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны талаарх тайланг хэлэлцлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш 8400 зээлдэгч зээл авснаас 7200 нь зээлээ бүрэн төлсөн. Одоогоор 1200 гаруй зээлдэгч байгаагаас 300 гаруй нь муу зээлийн ангилалд багтсан. Эзэн холбогдогч нь нас барсан есөн зээлдэгч, гадаад руу оргон зайлсан зургаан зээлдэгч, прокурортой хамтран ажиллаж байгаа дөрвөн зээлдэгч байна. Муу зээлийн ангилалд багтсан зээлдэгч нараас 200 гаруйг нь хуулийн байгууллагад өгсөн. Тэд зээл авснаа хүлээн зөвшөөрсөн ч төлөхгүй гэдэг” хэмээв.
2020 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдахдаа зөрчилтэй хэсэг дээр ажиллах нэгж байгуулсан нь үр дүн өгч байна. 2020 оноос өмнө жилдээ зөрчилтэй хэсгээс хоёр тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан бол 2023 онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Зээлээ төлдөггүй зээлдэгч нарын асуудлыг хуулийн байгууллагад өгөхөөр шүүх дээр нэлээн уддаг, 3-4 жил болдог байна. Цаашлаад шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү шилждэг. Мөн үнэлгээн дээр маргаж, сүүлдээ хоёр чих ав гэж хэлдэг болжээ.