Чех улс Монголоос авах гэрээт ажилтны квотыг 1000-аас 3000 болгон нэмэгдүүлжээ. Энэ хүрээнд Чехийн тал хөдөлмөрийн гэрээгээр ирэх иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах төв болон "Pre-departure training" буюу виз мэдүүлсэн иргэдэд сургалт, зөвлөгөө өгөх төв байгуулах зорилгоор тендер зарлаж, шалгаруулалт явагдаж байна.
2023 оны сүүлчийн статистикаар Чех улсад манай улсын 12 589 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч, амьдарч байна. Үүнээс 6100 нь эрэгтэй, 6489 нь эмэгтэй. Тэдний 6332 нь байнга оршин суух зөвшөөрөлтэй, 6257 нь түр оршин суух зөвшөөрөлтэй. Харин Словакт манай улсын 100 гаруй иргэн оршин суудаг.
Өнгөрсөн оноос Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 50 гаруй иргэд тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргажээ. Тус онд 230 орчим хүүхэд мэндэлж, 70 хос гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авав. Харин Чех улсад оршин суугаа монгол иргэд жолооны үнэмлэхээ Чех улсын жолооны үнэмлэхээр солих боломжийг сэргээхээр ажиллаж байна.