“Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” судалгаанд дурдсанаар оролцогчдын 22.3 хувь нь 2 ба түүнээс дээш орлогын эх үүсвэртэй бөгөөд орлогын гол эх үүсвэр нь цалин хөлс, бизнесийн орлого, хувь хүн/өрхөөс ирдэг тусламж, дэмжлэг, тэтгэмж юм.
Судалгаанд оролцогчдын хамгийн бага сарын орлого 1.0 сая, хамгийн их сарын орлого 37.3 сая, голч орлого нь 4.9 сая төгрөг байна. Сарын дундаж орлогыг нь насны бүлгээр авч үзвэл 41-50 насныхан хамгийн их буюу 8.4 сая төгрөг, 50-аас дээш насныхан 7.8 сая төгрөг, магистр болон түүнээс дээш боловсролтой хүмүүс 8.1 сая төгрөг, 2-5 ажил хийдэг хүмүүс 7.8 сая төгрөг.
Судалгаанд оролцогчдын сарын дундаж орлого АНУ-д 14.1 сая төгрөг, Австралид 10.0 сая төгрөг, Швейцарт 8.4 сая төгрөг, Их Британид 7.8 сая төгрөг, ХБНГУ-д 7.8 сая төгрөг, Шведэд 6.6 сая төгрөг байгаа бол бусад улсуудад 2.4-өөс 5.8 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг юм. Хамгийн өндөр сарын дундаж орлоготой орнуудад АНУ, Австрали болон Европын орнууд багтжээ. Харин хамгийн бага сарын дундаж орлоготой орнуудад Япон (4.4сая төгрөг), Турк (3.4сая төгрөг), Чех (3.2сая төгрөг) орж байна.
Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сарын дундаж орлого 7.4 сая төгрөг байгаа бол хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн хувьд 4.1 сая төгрөг. АНУ-т хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сарын дундаж орлого 14.6 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр бөгөөд үүний дараа Австрали (10.2 сая төгрөг ), Швейцар (8.2 сая төгрөг), Их Британи (8.2 сая төгрөг ) удаалжээ. Харин хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн хувьд, Казакстан улсад хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийн сарын дундаж орлого 1.7 сая төгрөг байгаа нь хамгийн бага бөгөөд БНХАУ (1.9 сая төгрөг), Австри (2.0сая төгрөг), Турк (2.2 сая төгрөг) зэрэг орнууд сарын дундаж орлого багатайд орж байна.
Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 34.1 хувь нь менежер, мэргэжилтэн, машин механизм, төхөөрөмжийн оператор, угсрагч хийдэг. Эдгээр 3 ажил, мэргэжлээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сарын дундаж орлого нь 8.3-13.6сая төгрөг байна. Судалгаанд оролцогчид байнгын хөдөлмөрийн гэрээтэй бол 7.8 сая төгрөг, түр буюу гэрээний хугацаа 3 ба түүнээс дээш сарын хугацаатай бол 6.6 сая төгрөг, тохиолдлын буюу гэрээний хугацаа 3 сар хүртэл бол 6.3 сая төгрөгийн цалин авдаг аж.