Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага 2023 онд хамтран зохион байгуулсан “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” болон “Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө” судалгаануудын үр дүнгийн тайлан гарлаа.
Энэхүү судалгаанд БНСУ(Бүгд Найрамдах Солонгос Улс), АНУ(Америкийн Нэгдсэн Улс) , Япон, Казахстан, Чех, Австрали, БНХАУ(Бүгд Найрамдах Хятад Улс), ХБНГУ(Холбооны Бүгд Найрамдах Герман Улс), Швед, Франц, ОХУ(Оросын Холбооны Улс), Турк, Австри, Швейцар, Их Британи болон бусад улсуудад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 1865 иргэний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр иргэдийн дундаж нас 35.3 (18-90 нас), дунджаар 6.6 жил (6 сар-41 жил) гадаадад амьдарсан ба 62.5 хувь нь эмэгтэй, 37.5 хувь нь эрэгтэй, 70 гаруй хувь нь дипломын болон түүнээс дээш боловсролтой, 34.2 хувь нь ганцаараа амьдардаг, 39.5 хувь нь өрхийн 1-3 гишүүнтэйгээ хамт амьдардаг байна. Мөн судалгаанд хамрагдсан иргэдийн 85.0 хувь нь оршин суух зөвшөөрөлтэй байгаа ба дийлэнх нь суралцах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, 1347 (72.2 хувь) нь ажил эрхэлж байгаа. Ажил хийж байгаа 90.3 хувь нь хэвийн нөхцөлд, 54.6 хувь нь байнгын буюу тогтмол хугацаатай гэрээтэй, 69.7 хувь нь 7 хоногт 35-аас дээш цагаар ажилладаг байна.
Гадаад улсад оршин суугаа эдгээр иргэдийн 73.9 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад гуйвуулга, илгээмж явуулсан байна. Тухайлбал, нэг иргэн жилд дунджаар 19.9 сая төгрөгийг ихэвчлэн өрхийн өдөр тутмын хэрэгцээнд зориулан илгээжээ.Судалгаанд хамрагдагсдын 61.0 хувь нь Монгол Улсад буцаж ирэх төлөвлөгөөтэй бөгөөд үүний тал хувь нь 5 жил дотор буцахаар төлөвлөж байгаа бол 39.0 хувь нь нутаг буцах төлөвлөөгүй, 23.1 хувь нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой байна. Харин буцаж ирэх төлөвлөгөөтэй иргэдийн хувьд эрүүл тав тухтай орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах,эдийн засгийг тогтвортой байлгах зэрэг амьдрах орчин, нөхцөл, нийгмийн үйлчилгээгсайжруулах асуудлыг шийдвэрлэхийг илүүтэй хүссэн байна.