Монгол Улсын 2023 оны эхний 11 сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцуулав. Тэрбээр “Дурдсан хугацаанд манай улсын инфляц буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 8.6 хувьтай гарч, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 9 нэгж хувиар буурсан байна. Инфляц 8.6 хувьтай гарахад 3.6 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлэг, 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.8 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөө байгаа юм.Хэрэглээний бараа үйлчилгээний салбарт нийт 410 нэр төрлийн барааны үнийг судалдаг. Үүний 221 нь импортынх. Импортын барааны үнэ 36 хувь өссөн нь инфляцад 3.1 нэгж хувиар нөлөөлсөн” гэлээ.
ҮСХ-ны хэлтсийн дарга Л.Энхбаатар "Энэ оны арваннэгдүгээр сарын инфляцыг суурь он буюу 2020 оны арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 38.9 хувьтай гарч байна. Үүн дотроо хүнсний бүлгийн үнэ 56.2 хувь өслөө. Талх, гурил будааны үнэ 80.1 хувь, мах махан бүтээгдэхүүнийх 29.3 хувь, төрөл бүрийн тосны үнэ хоёр дахин өссөн байна. Инфляц өсөхөд нөлөөлсөн голлох 10 бараа бий. Эдгээр 10 бүтээгдэхүүн нь нийт инфляцын 37.4 хувийг тайлбарлаж байгаа" гэдгийг дурдлаа.