Базелийн засаглалын хүрээлэнгээс жил бүр гаргадаг мөнгө угаахтай тэмцэх индекс зарлагдаж, Монгол Улсын эрсдэл буурч, үнэлгээнд ахиц гарчээ. "Базелийн индекс-2023" энэ оны арваннэгдүгээр сарын 13-нд зарлагдсан байна. Энэ жагсаалтын 1 дүгээрт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хамгийн өндөр эрсдэлтэй улсаар Гайти Улс гарсан бол хамгийн эрсдэл багатай улсаар буюу 152 дугаарт Исланд улс шалгарчээ.
Монгол Улсын хувьд 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орох үед Базел индексийн 20 дугаарт жагсаж байсан бол 2023 оны байдлаар эрсдэлийн үзүүлэлт буурч, нийт 152 улсаас 83 дугаарт жагсжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурсан байна. Монгол Улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд чамлахааргүй амжилт гаргасан гэж үзлээ. Тухайлбал, ФАТФ-ын 40 зөвлөмжийн техник хэрэгжилт бүхэлдээ сайн болон түүнээс дээш үнэлэгдээд байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт Монгол Улс тэргүүлж байна. Монгол Улсын энэхүү амжилт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх бусад үнэлгээ, индекс болон гадаадын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гадаад харилцаанд эерэгээр нөлөөлөх юм.
Базелийн засаглалын хүрээлэн (Базел институт)-ээс жил бүр улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, “Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс” -ийг гаргадаг. Тус байгууллага нь авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн болон компанийн засаглал, тэдгээрийн комплаенсын үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг хураах, буцаах чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус, бие даасан судалгааны хүрээлэн юм. Олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, хэмжих хэд хэдэн төрлийн үнэлгээ, индекс гардаг бөгөөд “Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс” нь Олон улсын хэмжээнд улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг харьцуулах хэлбэрээр хөндлөнгийн хараат бусаар үнэлгээгээ гаргадаг онцлогтой. Базел институт энэхүү индексийг улс орон бүрээр 2012 оноос хойш жил бүр гаргаж байна. Базел институт нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Трансперенси интернэшнл, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагын олон нийтэд нээлттэй 18 төрлийн өгөгдөлд үндэслэн энэхүү индексийг гаргадаг байна.