“Дэлхийн өв-Бурхан Халдун” соёлын өвийн наадам зургадугаар сарын 21-23-нд Тэрэлжийн хөндийд боллоо. Соёлын яам, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга газар нутгийн хамгаалалтын захиргаа, Дэлхийн Тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЗДТГ-аас 2 дахь жилдээ зохион байгуулжээ. Соёлын өвийн наадамд Буриад, Өвөрмонгол, төв орон нутгийн урлаг соёлын төлөөлөл, Тэнгэр шүтлэгтнүүд, нутгийн ард иргэд цуглаж, уул хайрхан, ус голын эздээ дуу хуур, уухай өргөлөөр баясгаж, монгол өв уламжлал, соёлоо сурталчилсан байна. Ингэхдээ унаган байгальд нүүдэлчдийн уламжлалаар хүрээлж буун, нэгдсэн зохион байгуулалттайгаар эвентийг хийлээ. Мөн хог тарихгүй, газар талхлахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр наадамлаж, наадмын дараа нүүдлийн ёсоор ганц ч гадасны нүх үлдээлгүй цэвэрлэсэн байна.