Гар урлал гэхээр бэлэг дурсгалын эд зүйлс, түлхүүрийн оосор, арьс, ширэн эдлэл төдийгөөр ойлгох нь үеэ өнгөрөөжээ. Гар урлалыг амьдралынхаа зорилго болгосон уран бүтээлчид Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сард цугларах гэнэ. Тэд гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилгоор үндэсний хэмжээний томоохон уралдаан болох “Монголын хөдрөг ба урлалын анхдугаар их наадам-2023”-ыг зургадугаар сарын 1-3-нд дээрх музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар болжээ. Иргэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа ашиглаж дадахад нь дэмжлэг үзүүлэх, гар урлалаар дамжуулан монгол өв соёлоо таниулан сурталчлах нь уг уралдааны зорилго аж.
Үүнээс гадна олон улсын энэ төрлийн наадам, үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулах үндэс суурийг тавьж буйгаараа ч онцлогтой гэнэ. Бүх төрлийн гар урлаачид нас, хүйс харгалзахгүйгээр хөдрөг, зүймэл, эсгий, сүлжмэл урлалаар оролцох энэ наадмын бүртгэлийг эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 20-нд хаах аж. “Өөрийн гараар хийсэн зүйлээ хэрэглэснээр илүү их таашаал, мэдрэмж авна. Тэр хэрээр түүнийгээ илүү хөгжүүлдэг. Хийсэн зүйлээ хэрэглэж байгаа хүн дараа нь “Үүнийг ингэж хийвэл илүү гоё юм байна” гэж сэтгэж эхэлдэг. Урлалд амьдралаа зориулсан бидний хувьд шинэ загвар, сэдэл бүхэн минь утга учиртай, аз жаргалтай болгодог. Даавууны өөдөс зүйгээд хүүхдүүддээ гэрийн өмд, цамц хийгээд өмсүүлчихдэг” гэж гар урлаач Т.Эрдэнэчимэг ярьсан юм. Тэрбээр баяр ёслолоор монгол дээлний захиалгад дарагддаг бөгөөд анхдугаар их наадамд зүймэл урлалын төрлөөр оролцохоор бэлдэж буй аж.
Бэлтгэсэн: Ю.Төгс