“Моринхуур” төвийн дэргэдэх “Жонон хар” музей ирэх сарын1-нд аялал жуулчлалынханд үйл ажиллагаагаа танилцуулахаар төлөвлөжээ. Манай улс аялал жуулчлалыг идэвхжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр, төрлийг олшруулах чиглэлд анхаарч эхэлсэнтул тур оператор, аяллын агентлагуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм санаачилга гаргасанаж.
“Жононхар” музейг 2015 онд байгуулжээ. Энэ нь монгол үндэстний хөгжмийн зэмсгийн анхны музей гэдгээрээ ихээхэн онцлогтой. Тэнд очсоноор өвөрмөц хийц, загвар бүхий морин хууруудтай танилцахаас гадна тухайн хөгжмийн хөгжлийг харуулсан гэрэл зураг, уранзураг, баримтат материалууд, монгол ахуйн холбогдолтой ховор эд өлгийн зүйлсийг үзэх боломжтой гэнэ. Музейнхэн тусгай танхимдаа гадаад, дотоодын жуулчдад зориулж Монголын үндэсний язгуур урлагийн цогц тоглолт үзүүлдэг юм билээ. Аялал жуулчлалынханд зориулсан өдөрлөгийнхөө үеэр ч үүнийгээ толилуулах нь. Мөн музейнхээ үйл ажиллагааг танилцуулж, богино хэмжээний кино үзүүлэн, моринхуур хөгжмийн тусгай урланд зочлуулах нь.
Тус музей нь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн эсрэг талд орших “Palozzo оffice”-т байрладаг. Тасалбарынх нь үнэ гадаад, дотоодын жуулчдад ижил бөгөөд музейд язгуур урлагийн тоглолт үзэх бол том хүн40, хүүхэд 20 мянга, зөвхөн үзмэртэй танилцахаар очвол насанд хүрэгчид 20, багачууд 10 мянган төгрөгийн төлбөртэй юм байна.