Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн 75 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 12- нд Соёлын төв өргөөнд хоёр удаа болох нь. Тус тоглолтод Монголын циркийн алдартай жүжигчид, уран нугараачид, түүний үе үеийн шавь нар оролцож, шилдэг үзүүлбэрээ толилуулах юм байна.
Тэрбээр 45 орны 100 гаруй хотод тоглолтоо хийж, Монголд төдийгүй дэлхийд нэрээ гаргасан циркийн урлагийн нэртэй төлөөлөгчдийн нэг юм. Б.Норовсамбуу 1980-аад оны дунд үеэс циркийн сургуульд багшилж эхлэхдээ “Бурхны суудал”, “Бандизоо”, “Уран сэтгэмж”, “Аалз” зэрэг уран нугаралтын үзүүлбэр дэглэж, тайзнаа тоглуулсан нь олон улсын циркийн нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртэж байж. Түүний шавь нарын дундаас ч олон улсад нэрээ гаргасан уран бүтээлч цөөнгүй төржээ. Тэгвэл эл хүндэтгэлийн тоглолтод түүний шавь нар багшийнхаа дэглэсэн болон өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрээс толилуулах нь.
Бэлтгэсэн Н.Мишээл