Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Номадик балет” продакшны уран бүтээлчид “Долоон бурхан одны домог” бүжгэн жүжгийг 2021 оны арванхоёрдугаар сард хүргэж байв. Тэгвэл тус хамт олон эл уран бүтээлээ тавдугаар сарын 15-нд дахин хүргэхээр болжээ. Ингэхдээ эл бүжгэн жүжгийн цомнол болон “Долоон бурхан одны шүтлэг” номын нээлтийг мөн хийх аж. “Долоон бурхан одны домог” бүжгэн жүжгийн цомнолыг уламжлалт монгол домог, үлгэрийн утга санаанд нийцүүлэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэчимэг бичжээ. Бүжгэн жүжгийн найруулагч, бүжиг дэглээчээр ДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал, хөгжмийн зохиолчоор О.Чинбат, төслийн удирдагчаар А.Өлзий-Орших ажиллажээ.
Дээр дурдсанчлан нэн эртний монголчуудын долоон бурхан одны шүтлэгтэй холбоотой домог, үлгэрийн сэдвийг орчин цагийн контемпорари урлагийн хэлбэрт зохиомжлон, балетын жүжигт уламжлалт монгол язгуур урлагийн төрөл зүйл, дүрийн зохиомжийг бодит гэхээс илүүтэй хийсвэр сэтгэлгээний түвшинд гаргаж ирснээрээ онцлог юм. Тухайлбал, галав ертөнц, оддын хөдөлгөөн, хүний ертөнц, нар, сар, чөтгөр шулам, сахиусны дүрслэлт гоцлол, дуэт, гурвал, дөрвөл, цөөхүүл ба олныг хамруулсан бүжгийг ардын бүжиг, язгуур болон хавсарсан контемпорари бүжгийн хэлбэрээр толилуулах юм. “Долоон бурхан одны домог” бүжгэн жүжгийг “Корпорэйт” зочид буудалд толилуулах бөгөөд “Номадик балет” продакшныхнаас гадна ДБЭТ-ын залуу уран бүтээлчид, циркийн жүжигчид, Б.Алтанбагана, В.Батзориг, Г.Адъяадорж нарын хөгжимчин, уртын дуучин Д.Үүрийнтуяа нар оролцох аж.
А.ХАНГАЙ