Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан УИХ-ын гишүүний сэнтийгээс буусныхаа дараах анхны тоглолтоо энэ өдрүүдэд хийж байна. Олон нийт ч талархалтайгаар хүлээж авлаа. Төрийн түшээ байсан тэрбээр ийнхүү тайзнаа эргэн ирэв. Тоглолт Бөхийн өргөөнд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг тайзнаа гарахаас өмнө цөөн хором ярилцлаа.
-Улстөрч болсноор уран бүтээлээсээ таван жил завсарлажээ. Уран бүтээлдээ эргэн ороход өмнөхөөсөө ялгаатай тал байна уу?
-Ямар ч ялгаа байхгүй, хүн үлдээхгүй, гомдоохгүй юмсан гэсэн үүднээс олдсон газарт нь ирээд л дуугаа дуулж явна. Уран бүтээлд чанарын ялгаа гарахгүй. Өнөөдөр Бөхийн өргөөнд, маргааш УБ паласын тайзнаа дуулах зэргээр үзэгч олондоо тоглолтоо толилуулж явна даа.
-Тайзнаа эргэн ирлээ. Үзэгчдээ хараад хэр огшив?
-Гоё байна. Түмэн олны сэтгэл ч өег байх шиг байна. Зарим улстөрч төрийн сэнтийгээс буугаад шоронд ордог бол би алтан тайзнаа эргэн ирлээ. Энэ бол маш том ялгаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг аж.
-Өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ хэр баяжуулав
-Сүүлд ахын тухай дуу бүтээлээ. Бас “Чи бидэн хоёр”, “Манай Монгол мандана” гэж дуу бий. Улс төрд орсон ч гэсэн завсар зайгаар нь жилдээ ганц хоёр уран бүтээл гаргаад л байсан.
-2016 онд есөн өдөр дараалан дуулахад тоглолтын заал танхим битүү хүнтэй байсан гэдэг. Энэ удаа 10 өдөр тоглохоор төлөвлөжээ. Нэг ёсны өмнөх амжилтаа эвдэх нь гэж ойлголоо. Өнөөдөр гурав дахь өдрийн тоглолт гэхэд Бөхийн өргөөний тоглолтын заал дүүрчээ. Тоглолтын орлогоосоо тодорхой хувийг хандив сайн үйлст зарцуулах уу?
-Энэ удаа сайтар бодож, төлөвлөнө. Ер нь харж байж болно. Өнгөрсөн хугацаанд тоглолт хийх болгондоо орлогынхоо 80-90 хувийг бусдад хандивладаг байлаа.
-Тоглолтыг харж байхад их нүсэр баг ард нь ажиллаж байгаа бололтой. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Тийм шүү. Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан бүрэлдхүүнээрээ оролцож байна. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан тэр чигээрээ ирлээ. “Ти рекорд”, “Гал”, “Визард” студийнхэн ажиллаж буй. Дэмжиж, хамтран ажиллаж буй хувь хүн, байгууллага олон байна. Бүгдэд нь баярлахгүй байхын аргагүй.
-Цаашдаа уран бүтээлээ хийгээд явах уу, хос морьтой хүн гэдэг шиг улс төрд бас чаддаг мэддэгээ зориулах уу?
-Цаг хугацаа цаашаа яаж хөврөхийг харцгаая. Амьдрал таашгүй. Хүн аль зам мөрөөр явж, ямар тавилан хүлээж буйгаа мэддэггүй. Зурагдсан зураг, олгосон тавилангаараа явах биз ээ.
-Та нутагтаа очихгүй гэж хэлсэн удаатай. Цахим орчинд хүмүүс хоёр хуваагдаад хүчтэй маргаан өрнүүлснийг санаж байна.
-Хүмүүс бичлэгийг гүйцэд үзэлгүй, дутуу мэдээлэл авсан. Тиймээс зарим хүн эргэлзсэн болов уу. Мэдээллийг нягталж зөв ойлгосон хүмүүс надад итгэж буй. Тиймээс манайхан зөв мэдээллийг илүү түгээдэг байгаасай. Бурууг орхиж, хов түгээхгүй, энэ амьдралаас сайн сайхныг нь сонгож амьдраасай гэж хүсэж байна. Үнэн ялах биз ээ.
Тэрбээр ийн өгүүлэв. С.Жавхлан оюутан байхаасаа буюу 2002 оноос уран бүтээлээ нийтэд хүргэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл бие даасан 11 тоглолт хийж, бүрэн хэмжээний 12 цомог гаргажээ. Үүнээсээ сорчилж авсан 30 н дуугаа үзэгч түмэндээ хүргэх аж. Үндэсний хэв маяг зонхилсон тайз засаж, тулганд гал бадраажээ. Тоглолтын эхэнд ээж, ааваа магтан дээдэлсэн, эх орноороо бахархаж, шүтсэн агуулгатай дуугаа өргөн барив. Үүний дараа эрийн цээнд хүрч, амьдрал зохиосон үеийнхээ дуунуудыг үзэгчдэд хүргэсэн юм.
Ерөөс тоглолтын найруулга, дэглэлтийг ажихад хүний амьдралын нэг үеийг гэгээнээр харуулж, дүрсэлсэн гэлтэй. Дууны нэр, агуулгыг нь сонссох нь ээ, тэрбээр эх орон, ээж аав, амьдрал дурлалыг магтан дуулжээ. Эхлэхдээ л хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан тэр тоглолт, дуусахдаа омогшил бардамналыг нь дээд цэгт нь хүргэж орхив. Намрын дэлгэр цагт Монголчууд дуулан баясаж, найрлаж жаргадаг уламжлалтай. Энэ л ёс заншлаараа хуран цугласан олон С.Жавхланг даган дуулж, уярч мэлмэрүүлж тоглолтын туршид жарган цэнгэв. Шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг дүүргэж, итгэлийг сэргээсэн гэж хэлмээр тоглолтууд үргэлжилсээр...