Хөдөө аж ахуйн их сургуулийн Экосистемийн судалгааны төвийн профессор багш, судлаачид Япон улсын эрдэмтэдтэй хамтран “Монгол орны малын бэлчээрийн гуурст ургамал” хэмээх бэлчээр, хадланд түгээмэл тохиолдох 512 зүйл ургамлыг багтаасан 2 боть бүтээлийг туурвин уншигчиддаа өргөн барьж, нээлтээ хийлээ. Тус номын нээлтэд академич, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн Ч.Дугаржав, Монгол улсын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн Б.Бямбаа, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич А.Бакей, академич Ш.Дэмбэрэл болон эрдэмтэн, судлаачид ХААИС-ийн удирдлага оролцлоо. Тэд уг бүтээлийг жирийн иргэдээс эхлээд мэргэжлийн судлаачдын ширээний ном төдийгүй Монголыг дэлхийд сурталчилсан бүтээл болсоныг онцлон тэмдэглэсэн юм.
Энэхүү 2 боть номонд “БНМАУ-ын ургамалжлын зураг” (1979), “БНМАУ-ын бэлчээр, тэжээлийн зураг” (1981), “Монгол улсын экосистемийн зураг” (1995), “Монгол улсын хадлан бэлчээрийн зураг”-ийн (2002) таниур болон бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ангилаа, бэлчээрийн ургамалтай холбоо бүхий бусад бүтээлд (Юнатов, 1954; Манибазар, 2008) багтсан ургамлыг оруулснаараа бусад бүтээлээс ялгаатай юм.
Мөн бүх ургамлыг гадаад бүтцээр нь ялгах шинжийг дэлгэрэнгүй тайлбарласны дээр бусад ургамлаас ялган оношлох шинжийг товойлгон харуулж, өнгөт зургаар харуулсан ба тархах бүс нутгийг Ботаникийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн мэдээнд (Urgamal ets., 2014) тулгуурлан зураглаж, ургах орчин, тэжээлийн ач холбогдлыг тусгасны дээр цаашид тарималжуулбал зохистой ургамал, бэлчээр, хадланд тохиолддог хортой, хөнөөлтэй ургамал, бэлчээр, хадлан доройтоход элбэгшдэг хог ургамлууд болон зарим төрлийн бэлчээрт элбэг тохиолдох цөөн зүйл ховор, нэн ховор ургамлыг оруулснаараа ач холбогдолтой.
Энэхүү 2 боть ном нь нэг талаас их, дээд сургуулийн ургамал судлал, бэлчээр-тэжээл судлалын талаархи сургалтын өгөөжийг дээшлүүлэхэд ач холбогдолтой ба нөгөө талаас бэлчээрийн асуудлыг газар дээр нь зохицуулах, зохион байгуулах үйл ажиллагааг гардан гүйцэтгэж буй багийн Засаг даргаас эхлээд бэлчээрийн мэргэжилтэн, газрын даамал, байгаль орчны мэргэжилтэн, ус, цаг уурын харуул, станцын ажилтанд гарын авлага болон хэрэглэгдэх боломжтой.
Монгол орны экосистемд хүн болон уур амьсгалын өөрчлөлт хавсран хүчтэй нөлөөлж байгаа өнөө үед байгалийн экосистемийн ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа, монголын мал аж ахуйн тогтвортой хөгжлийн тулгуур болох бэлчээрээс малын эрүүл мэнд, малын тэсвэрт чанар болон мал аж ахуйн салбараас эрүүл, аюулгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүхий л асуудал байгалийн бэлчээр, хадлангаас шууд хараат байна.
Гэтэл байгалийн бэлчээр нь зохисгүй ашиглалт болон уур амьсгалын даяарчилсан өөрчлөлтийн хавсарсан нөлөөнд өртсний улмаас улсын нийт бэлчээрийн дөрөвний нэг хувь нь доройтсон бөгөөд цаашид энэхүү доройтол эрчимжих хандлагатай байгаа нь Монгол улсын бэлчээрийн төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан болон эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харагдаж байна. Нөгөө талаар доройтсон бэлчээр нь “цөлжсөн” хэмээгдэж буй газарт хамаарч, шороон шуурганы эх үүсвэр болж байгаагаас улбаалан Монгол улс их хэмжээний үржил шимт хөрсөө жил бүр салхинд хийсгэн алдаж байгаагийн дээр энэхүү шуурга нь Зүүн хойд Азийн бүсийн улс орнуудын байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна.
Байгалийн ургамлыг танихгүйгээр бэлчээр, хадланг зөв таньж, нэрлэх, төлөв байдлыг үнэлэх боломжгүйн дээр улирлын бэлчээр ашиглах, түүний сэлгээ хийх, сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оновчтой төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, бэлчээрийн даацыг зөв тогтоох, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон аудит хийх боломж хязгаарлагддаг.
Иймээс энэхүү бүтээл нь олон талын ач холбогдолтой онцлох бүтээл болсоныг эрдэмтэн судлаачид хэлээд зохиогчдод талархаж буйгаа илэрхийллээ.
ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв