Австралийн “The Voice” шоунд урилгаар оролцсон Г.Бөхчулуун цахим хуудсаараа дамжуулан энэ сарын 9-нд лайв тоглолт хийх болсноо зарлалаа. Тус тоглолт нь Австралийн цагаар 17.00 цагт эхлэх аж.
Тэрбээр хэл сурах зорилгоор Австрали Улсыг зорьсон бөгөөд өдгөө тус улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд “Ая”, “Eguus” гэсэн нэртэй хоёр хамтлаг байгуулсан байна. Түүнчлэн Австралийн хөгжмийн компаниудтай гэрээ байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжмийн хичээл зааж, тоглолт хийдэг гэнэ.
Түүний хувьд 1995 онд Хөгжим бүжгийн коллеж (Монгол Улсын консерватори)-д элсэн орж, 2007 онд төгсчээ. Түүнчлэн 2004-2009 онд Ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлага дор суралцаж, Монгол Улсын Морин хуурын чуулгад дагалдан хуурчаар ажилласан байна.
Мөн Австралийн “The Voice” шоуны халз тулааны шатанд Жонни Мануэлтэй өрсөлдөхдөө алдарт "Earth Song" дууг сонгосон ч харамсалтай нь хасагдсан юм.