Манай гаригийнхан 65 жилийн дотор 8.3 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэжээ. Нью-Йоркийн тэнгэр баганадсан “Empire state building” барилга 331 мянган тонн жинтэй. Ийм 25 мянган барилга, эсвэл нэг тэрбум заан нийлбэл төдий хэмжээний жин татна. Ийм тооцоог АНУ-ын Калифорнийн Санта-Барбарагийн их сургуулийн эрдэмтэд гаргасныг нь “Science advances” сэтгүүл нийтэлжээ.
Сав, баглаа боодолд ашигладаг хуванцар болон гялгар уутыг удаан хэрэглэдэггүй, хаядаг нь хамгийн том асуудал юм. Үйлдвэрлэсэн нийт хуванцрын 70 гаруй хувь нь хогийн цэгт, эсвэл байгаль орчин, далай, тэнгисийг бохирдуулж буй. “Дэлхий маш богино хугацаанд хуванцрын гариг болж байна. Ийм ертөнцөд амьдрахыг хүсэхгүй гэвэл уг материалын хэрэглээгээ эргэн авч үзэх хэрэгтэй” гэж аж үйлдвэрийн экологич, ВВС-гийн судалгааны багийн удирдагч Роланд Гейер мэдэгдэв.
Түүний удирдсан багийн эрдэмтэн, экологичид дэлхийд хэчнээн хуванцар үйлдвэрлэж, тэдгээрийг хаана, хэрхэн ашиглаж, эцсийн дүнд юу болж буйг анх удаа судалжээ. Үүнээс үзвэл, дэлхийд найман тэрбум 300 сая тонн хуванцар бүтээгдэхүүн болон гялгар уут үйлдвэрлэсний тал хувийг сүүлийн 13 жил зах зээлд нийлүүлсэн байна. Аль эрт үйлдвэрлэсэн тэдгээр бүтээгдэхүүний 30 орчим хувийг өнөө ч ашигласаар буй.
Хаягдал болсны ердөө есөн хувийг нь дахин боловсруулжээ. Харин 12 хувийг нь шатааж, 79 хувийг нь хогийн цэгт аваачсан байна. Хамгийн богино буюу жил хүрэхгүй хугацааны хэрэглээтэй нь гялгар уут гэнэ. Удаан эдэлгээтэйг нь барилга болон автомашины үйлдвэрт ашиглаж буй. Хэрэв өнөөгийн чиг хандлага хэвээр хадгалагдвал 2050 он гэхэд 12 тэрбум тонн хуванцар бүтээгдэхүүн болон гялгар уут үйлдвэрлэнэ. 2014 онд Европт хуванцар болон гялгар уутны 30, Хятадад 25, АНУ-д есөн хувийг нь дахин боловсруулжээ.
Хуванцар бол мэдээжийн хэрэг гайхалтай материал. Уян хатан, бат бөх, эрэлт ихтэй уг бүтээгдэхүүнийг янз бүрийн салбарт ашиглаж байна. Эдгээр шинж чанарынхаа ачаар үйлдвэрлэл болон хэрэглээ нь маш хурдацтай тэлж буй. Үйлдвэрлэлийн хэмжээгээр ган, цемент, тоосгоны дараа ордог аж.
Өнгөрсөн зууны 50-иад онд их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлснээс хойш хуванцар бүтээгдэхүүн болон гялгар уутыг бид өргөн хэрэглээнд оруулж, хаа сайгүй борлуулах болсон. Хувцаснаас эхлээд нисэх онгоцны сэлбэг хүртэлх үй олон бүтээгдэхүүнд хуванцар ашиглаж байна. Байгальд шингэдэггүй хуванцрыг тасралтгүй үйлдвэрлэж буй нь үнэхээр асуудал болжээ.
Хуванцраас бүрмөсөн ангижрах боломж тун бага. Пиролиз (өндөр температур ашиглах арга)-ийн аргаар, эсвэл шатаах замаар түүнийг устгах боломжтой. Гэвч шатаах нь хүнд төдийгүй байгаль орчинд хортой юм. Хуванцрын уул томорсоор Аргентин зэрэг том улсыг бүрхэхээр хэмжээтэй болсныг судлаачид нотолжээ.
“Тооцох боломжгүй зүйлийг яах ч аргагүй хэмээн хангалттай ярилаа. Чухам юу хийх хэрэгтэйг хэлээгүй ч тоо баримтыг дэлхий нийтэд хүргэж, энэ сэдвийг идэвхтэй хэлэлцэж эхлэхийг бид хүссэн юм” гэж Нидерландын Утрехтийн их сургуулийн далай судлаач Эрик ван Себил ярьжээ. Тэрбээр хэр их хуванцар сав, гялгар уут далай, тэнгист хаягдаж байгааг хянадаг юм.
Судалгаатай танилцсан түүний хэлснээр “Хүн төрөлхтөнд хуванцрын цүнами нүүрлэх нь. Энэ талаар бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй байна” гэв. “2060 оноос өмнө хуванцар савны дийлэнхийг хог руу хаялгүй дахин боловсруулдаг болохгүй бол үнэхээр цүнами үүсэж мэдэх нь. Ийм удаан хүлээхгүй хэмээн найдаж байна” гэж Эрик ван Себил ВВС-д өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
“Хуванцар барааг үйлдвэрлэхдээ л дахин боловсруулах асуудлыг шийдэж, олон удаа ашиглах хэрэгтэй. Хуванцар лонхыг 20 удаа дахин боловсруулж болно гэж зарим хүн ярьж байна. Энэ үнэхээр хаягдлын хэмжээг эрс бууруулна. Гэвч одоо уг материалын чанарын хувьд бидний боломж хязгаарлагдмал буй” гэж Их Британийн Плимутын их сургуулийн далай судлаач, профессор Ричард Томпсон хэлсэн байна.
“Хуванцрыг хэд л бол хэдэн удаа ашигладаг болох нь чухал. Гэтэл бидний судалгаанаас үзвэл дахин боловсруулж буй материалын 90 хувь буюу судлаачдын тооцоолсноор 600 сая тонн нь ердөө ганц удаа л эргэн ашиглагддаг” гэж судалгааг санаачилсан Роланд Гейер ярьжээ.