АНУ-ын Айова муж улсын Фэйрфийлд хотын “Махариши” их сургуулийн оюутан Б.Гантогтох “Энд ирсэн эхний хагас жил хэлний бэлтгэл курсэд хамрагдаж, бүх хичээлдээ суудаг. Үлдсэн хоёр жилийн хугацаанд хичээлээ үзэнгээ АНУ-ын тэргүүлэх 50 гаруй компанийн аль нэгэнд цалинтай дадлага хийх боломжтой.
Гэхдээ аль ч компанид хуваарилагдсан сорил авдаг. Надтай нэг үеийн, дэлхийн 30-аад орноос ирсэн 150 гаруй хүүхэд шалгуулахад би хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Одоо “General electric” компанид жилийн 65 мянган ам.долларын цалинтай дадлага хийж байна. Яваандаа байр сууриа олчихвол одоогийнхоос хэд дахин илүү боломж нээгдэнэ” гэж ярьсан юм.
Харин ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг өнгөрсөн жил төгссөн Т.Наранбат “Хэд хэдэн компанид туршилтаар ажиллаж, анкет бөглөж үзлээ. Зарим нь хэдэн сараар цалингүй шахам ажиллуулж байгаад авахаа болилоо гэнэ. Үгүй бол давхар ажил хийлгээд хоол, унаанд хүрэхтэй үгүйтэй хэдэн төгрөг өгдөг. Өөр чиглэлээр сурдаг байж гэж харамсах үе бий” хэмээв.
Б.Гантогтох, Т.Наранбат нар хоёулаа мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтэн болох хүсэлтэй. Нэг нь эх орондоо сурсан, нөгөө нь өдгөө гадаадад боловсрол эзэмшихээр зүтгэж буй. Гэвч энэ хоёрын байр суурь газар, тэнгэр шиг ялгаатай. Т.Наранбат сургуулиа 3.8 голчтой, онцлох дипломтой төгссөн, шилдэг оюутнуудын нэг байсан боловч өдий хүртэл ажилд орж чадаагүй явна. Харин өнөөх нь улсдаа дундаж гэж үнэлэгддэг их сургуульд хагас жил орчим сураад, мэргэжлийнхээ үр шимийг хүртэж буй азтай нэгэн.
...Монголд жилд 27-30 мянган хүн их, дээд сургууль төгсөж, 20 орчим хувь нь л ажлын байртай болдог аж. Тэгвэл мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн дөнгөж таван хувь нь ажилтай золгодог, 10- 20 хувь нь үргэлжлүүлэн сурахаар харийг зорьдог, 40 хувь нь өөр чиглэлээр ажилладаг гэх судалгаа байна. Гэтэл энэ чиглэлээр суралцагчдын тоо өссөөр...
Сурч, мэдсэн зүйлээр дулимаг, учраа олохгүй яваа хүүхдүүд ч АНУ-д ажилгүй хоцрох нь тун ховор гэнэ. Шилдэг биш юм гэхэд боломжийн цалинтай, мэдээллийн технологийн компанид яаж ийгээд “шургачихдаг” аж. АНУ-д хамгийн эрэлттэй, төгсөгчид нь ажлын байргүй үлдэх магадлал хамгийн бага 10 мэргэжлийн нэгд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, тэр дундаа программ хангамжийн инженерүүд ордог юм байна.
Гэтэл манайд эсрэгээрээ. Цаг, мөнгөө үрж, дөрвөн жил их сургуульд сурсан ч ажилгүй, яах учраа олоогүй яваа Т.Наранбат шиг мэргэжилтэн өчнөөн байна. Ийм мэргэжилтэй хүмүүс гэхээр компьютерын дэлгэцээс “аргамжаатай”, PC тоглоомд донтсон, бусдын хувийн нууц руу халдахыг эрмэлздэг хакерчин мэтээр санадаг гээд үнэлэмж, ойлголтын хувьд ч асар зөрүүтэй, хоцрогдмол сэтгэхүй буйг учир мэдэх хүмүүс хэлсэн.
Нийслэлийн Боловсролын газар хийгээд Мэдээллийн технологийн газрынхны хамтарсан судалгаагаар элсэгчдийн тоо нь сүүлийн жилүүдэд эрс өсөж буй мэргэжлүүдийн нэгд программ хангамжийн инженер оржээ. Ялангуяа, энэ чиглэлээр суралцагчид 2008 оноос эрс нэмэгдсэн статистик байна. Тухайлбал, 2007 оноос өмнө жилд ихдээ 200-350 мэргэжилтэн төгсдөг байсан бол 2015 онд 458, 2016 онд 655 болж өсчээ.
Өнжсөн, улирсан, сургуулиа хаясан суралцагч ч цөөнгүй байдаг аж. МУИС-ийн багш, доктор А.Буянтогтох “Энэ мэргэжлийг сонирхож, эзэмших хүний тоо өсөхөд цаг үе, нийгмийн хөгжил нөлөөлж байна. Мэдээллийн технологийн салбарыг хэцүү юм шиг ойлгодог, математик, физик зэрэг байгалийн ухааны хичээлд толгой цохьдог хүмүүс л энэ чиглэлээр сурч, амжилт гаргадаг гэж үздэг байсан үе саяхных. Гэтэл одоо энэ нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон. Хүн бүр мэдээллийн технологийн хөгжлийн үр шимийг хүртэж байна. Ирээдүйд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөртэй технологиуд нэвтрүүлж, бүх зүйл автомат ажиллагаатай болно гэдэг. Тэгэхээр бид үүнд бэлэн байх ёстой. Тиймээс чадварлаг боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг ойлгож, мэдэрсэн, олж харсан залуус мэдээллийн технологийн салбарт хүч үзэх болсон” хэмээн энэ чиглэлээр суралцагч олширсны шалтгааныг тайлбарлав.
Гэсэн ч тэднийг хүлээж авах, хөгжиж дэвшихэд нь туслах ажлын байр Монголд хангалттай бий юү гэвэл үгүй. Уудалж, юүлэх савгүй бол олон үнээ сааж, арвин сааль авах гэж санаархахын хэрэг юу билээ. Яг л үүнтэй ижил.
Нэг баримт сөхье. Монголд жилд 27-30 мянган хүн их, дээд сургууль төгсөж, 20 орчим хувь нь л ажлын байртай болдог аж. Тэгвэл мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн дөнгөж таван хувь нь ажилтай золгодог, 10-20 хувь нь үргэлжлүүлэн сурахаар харийг зорьдог, 40 хувь нь өөр чиглэлээр ажилладаг гэх судалгаа байна. Гэтэл энэ чиглэлээр суралцагчдын тоо өссөөр.
Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан ажилд зуучлуулагчдын дунд ч энэ чиглэлийн мэргэжилтэн цөөнгүй хувь эзэлдэг байна. Зуучлуулагчдын олонх нь цалин бага гэсэн шалтгаанаар татгалздаг гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Гэтэл зарим нь мэдлэг, мэдээлэл дутмагаасаа болоод тэднийг мэргэжлээр нь бус, тэс ондоо зүйл хийлгэхээр урьдаг гэнэ. Энэ нь хүмүүс программ хангамжийн инженерүүдийг компьютерын гэмтэл, сүлжээний доголдол засдаг мэтээр ташаа ойлгодогтой холбоотой юм байна.
Зарим нь үүнтэй эвлэрч, ажиллахыг зөвшөөрдөг бололтой. ШУТИС-ийн харьяа КТМС-ийг төгссөн Г.Доржпүрэв тэдний төлөөлөл. Тэрбээр “Юнивишн” компанид ажилладаг. Айл, албан байгууллагуудад очиж, гурвалсан үйлчилгээний холболт хийдэг. Үүнийхээ хөлсөнд сард ердөө 500 мянган төгрөг авдаг. Тэр “Монголд хувиараа бизнес хийе гэвэл интернэт тоглоомын газар ажиллуулахаас өөр сонголт алга” хэмээн урамгүйхэн өгүүлэв.
Дөрвөн жил гэдэг бага хугацаа биш. Мөн дахиж сурах цаг зав, санхүү хүн бүрт байдаггүй. Яг энэ шалтгаан олон мянган хүнийг дөнгөлж, “мэргэжилгүй” нэгэн болгодог гэлтэй.
Монголд ажлын байр алга гэж гомдоллон, авдаг хэдийгээ чамлан харийг зорих нэгэн байхад боломж хаана ч бий гэдгийг харуулахыг зорьж, эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллаж буй залуус ч бий. Мэдээлэл, технологийн үндэсний паркад ийм залуус төвлөрдөг. Хүмүүсийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан нэг ч болов аппликэйшн, программ зохиох гэж цаг нартай уралдан ажиллаж байгаа тэднээр бахархмаар.
Тэдний нэг Ц.Баярмандах “Би хоёр найзтайгаа хамтарч ажилладаг. Компаниудаас захиалга авч, программ зохиодог. Бидний гол зорилго бол нийгэмд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг мэдээллийн технологийн тусламжтайгаар шийдэх” хэмээсэн. Тэд хамгийн сүүлд хэлний бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, толь бичиг бүхий аппликэйшн зохиосон гэнэ.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд, эл паркад ажиллаж буй хүмүүсийн олонх нь өөр ажил эрхэлдэг бөгөөд эзэмшсэн мэргэжлээ үнэгүйдүүлэхгүйн тулд завтай үедээ, үдэш, оройн цагаар компьютертой “зууралддаг” аж. Тэд “Google”, “Yahoo” “Аpple” зэрэг үндэстэн дамнасан томоохон компаниудад ажиллан, оюуны чадавх, ур чадвараараа гялалзаж яваа монгол залуусын үргэлжлэл байхыг хүснэ. Гагцхүү тэдэнд заавал гадаадыг зорьж, харьд очиж сурахгүйгээр хөгжих нөхцөл, боломж бүрдүүлэх нь юу юунаас ч хэрэгтэй байна.
Саяхан манай оронд Ази, Номхон далайн бүсийн орнуудын их, дээд сургуулиудын төлөөлөл чуулсан. Тэдний онцолсон сэдэв нь “Аж үйлдвэрийн IV хувьсгал” байв. Уурын хөдөлгүүр бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор тэртээ XVIII зуунд эхэлсэн, аж үйлдвэрийн гэх тодотголтой он цагийн үечлэл өдгөө дижитал буюу цахим хувьсгалын эринд “саатаад” буй. Тиймээс цахим хувьсгалын үнэт капитал болсон мэдээллийн технологийн сайн мэргэжилтэн бэлтгэхэд их, дээд сургуулиуд гойд анхаарахыг хуралд оролцсон төлөөлөгчид онцолж байлаа.
Хятадын тэргүүн баячуудын нэг Жэк Ма ирээдүйд цахим худалдаа, банк, боловсролын үйлчилгээ хамгийн ашигтай гэж онцолсон тухай нэгэн эрхэм фэйсбүүктээ нийтэлжээ. Энэ мэтчилэн мэдээллийн технологийн салбарын хөгжил, үр ашгийг бишрэх, хүртэх хүн хаа сайгүй. Мэргэжилтнүүдийн нэр хүнд, үнэлэмж ч дэлхий дахинд өсөж байна. Харин Монголд байдал эсрэгээрээ.