Уг нь СӨХ нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцах үүрэгтэй төрийн бус байгууллага. Нэг үгээр хэлбэл, Иргэний хуульд заасны дагуу тус ТББ нь хуулийн этгээд биш төдийгүй ашиг олох зориулалттай байгууллага ч биш.
Зөвхөн оршин суугчдын сар бүрийн хураамж, үйлчилгээний төлбөрөөр, тухайн нийтийн эзэмшлийн зам талбай, орц, хонгил, эд хогшил, тоног төхөөрөмжийг арчлан хамгаалж, цэвэрлэх үүрэгтэй “хөлсний ажилчин” гэсэн үг юм. Гэтэл орон сууцанд оршин суугчид СӨХ-гоор эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхээ хамгаалуулж чадаж байна уу гэвэл үгүй.
Нэгэн цахим хуудаснаас явуулсан санал асуулгад 1000 гаруй иргэн оролцсоны 90 хувь нь СӨХ-ныхоо үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байдаг гэсэн бол 10 орчим хувь нь л “сайн ажилладаг” гэж хариулсан байна.
Орцоор нь оронгуут архины шил, хог хөглөрч, ялгадасны эвгүй үнэр ханхлах эзэнгүй мэт орон сууцнууд хаа сайгүй байдаг нь дээрх санал асуулгын дүнг батална. Байрны гадуур хөглөрөх хогийг энд дурдах нь илүүц биз. Тэгвэл “Тэр дүүргийн тийм байрны лифт гацаж, уналаа. Төдөн хүн гэмтлээ” гэх мэдээ сүүлийн үед ойр ойрхон гарах болсон.
Мөн “Дээврээс ус гоожоод байна. СӨХ-нд хэлэхээр тоохгүй юм”, “Манай СӨХ-ны дарга утсаа авдаггүй. Өрөө нь үргэлж цоожтой байдаг”, “СӨХ-ныхон тогтмол цэвэрлэгээ хийдэггүй. Орц гэрэлгүй, гаднах тохижилт муу. Тэгсэн мөртлөө сар бүр 24500 төгрөг хураадаг. Татан буулгавал таарна”, “СӨХ ямар үндэслэлээр мөнгө хурааж, юу хийдэг байгууллага болохыг ойлгохгүй юм. Үйл ажиллагаа нь ил тод биш, тайлан тооцоогоо ч харуулдаггүй. Тариф нь тэд байх ёстой гэсэн хуулийн заалт байдаг юм уу, мэдэхгүй. Хүссэн мөнгөө нэхдэг. Үнэхээр хэрээс хэтэрсэн газар”, “Юу ч хийдэггүй хэрнээ сар бүр төлбөр авна. Манай байрны гадна талыг нийслэлээс будаж, дээврийг нь дүүрэг янзалсан. Зүлэгжүүлэлтийг мөн л дүүргийн тохижилтын хэлтсийнхэн хийж өгсөн. Тэгвэл СӨХ юу хийх ёстой газар юм бэ” гэх үгийг орон сууцанд амьдардаг захын хүн хэлж байна.
Нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч буй болохоор СӨХ-ноос нэхсэн мөнгийг зайлшгүй өгөх нь иргэний үүрэг. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол СӨХ гомдол гаргаж, иргэдийг шүүхэд өгөх бүрэн эрхтэй. Гэтэл алдаа гаргасан, үүргээ ухамсарлахгүй байгаа СӨХ-ны даргад хэн хариуцлага тооцох ёстой юм бол. Иргэд өөрсдийн санаачилгаар, оршин суугчдынхаа хэн нэгэнд итгэл хүлээлгэсний үндсэн дээр СӨХ гэх ТББ-ын даргыг томилдог. Тэр хүн ямар мэргэжилтэй, хэн байх нь хамаагүй.
Байрны оршин суугчдын хурлын ирц 50 хувьд хүрээд, олонхын саналаар сонгогдсон хойно СӨХ-ны даргын бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ. Тиймээс иргэд өөрсдөө сонгосон юм чинь эргүүлээд татан буулгах эрхтэй баймаар. Гэвч “тэнгэрийн умдаг” атгачихаад байр сууриа амархан тавиад өгөх хүн хаа байх билээ. Оршин суугчид дэмий л бухимдаж, яам, тамгын газарт хандаад ч тусыг эс олно.
Ямар сайндаа л “Байрны өнгө төрх өдөр ирэх тусам гундаад л...СӨХ-ны даргын амьдрал нүдэн дээр дээшлээд л...” гэж аргаа барсан иргэд ярьж суух вэ дээ. СӨХ-ны дарга гэх шалгуургүй албан тушаалд томилогдон, ахуй амьдралаа өөд нь татах гэсэн сувдаг сэтгэлтнүүд байрныхаа оршин суугчдыг турхирч, овоо дориун үүргээ гүйцэтгэж буй хуучин даргаа суудлаас нь хөндийрүүлэхээр үгсэн хуйвалдах нь ч цөөнгүй.
Гэтэл оршин суугчдын хэд гурван төгрөгийг жишим ч үгүй халааслан, худал үгээр иргэдээ хуурах том толгойтой, тархигүй дарга нарт хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин манайд дутмаг байна. Үүнийг холбогдох газрууд нь харсан ч хараагүй юм шиг явсаар өдий хүрсэн.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт СӨХ-дын талаарх гомдол тасралтгүй ирсээр буй гэнэ. Тус газар энэ асуудлыг зохицуулж, хариуцлага хүлээлгэх эрх бүхий байгууллага биш учир иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалт явуулж, холбогдох яам буюу БХБЯ-нд дүнг явуулдаг гэнэ.
Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотод байрлах СӨХ-дын үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай, Иргэний тухай, Газрын тухай, Барилгын тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцэж буй, эсэхийг шалгаж, дүнг тухайн сард болсон “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцуулжээ.
Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 1022, Улаанбаатар хотод 800 СӨХ үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрээс зөвхөн нийслэлийнхийг шалгахад, орон сууцны бүртгэлийн хувийн хэрэг хөтөлдөггүй, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл томилсон шийдвэр, цалингийн тодорхойлолт, ажлын тайлан, нэг өрхөөс авах сууц өмчлөгчдийн холбооны хураамж, тарифыг бүх гишүүний хурлаар хэлэлцүүлж тогтоосныг батлах хурлын тэмдэглэл, СӨХ-ны дүрэм, журам, дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан талаарх шийдвэр, гэрээ огт байдаггүй, газар ашиглах гэрээг байгуулахдаа, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг оруулахгүйгээр, зөвхөн барилгын сууриар нь нэг жилийн гэрээ байгуулсан зэрэг бичиг баримтын зөрчилтэй байжээ.
Энэ нь орон сууцны дундах тоглоомын талбай, ногоон байгууламжийг эзэнгүйдүүлж, барилгын компаниудад дураараа газар ухах, барилга барих нөхцөл бүрдүүлдэг аж. Хяналт, шалгалтын үеэр мөн лифт ашиглалт, засвар, туршилт, аюулгүй ажиллагааг шалгажээ. Гэтэл лифтний бүртгэл, техникийн үзүүлэлттэй холбоотой чухал баримтыг дутуу хөтөлсөн, үрэгдүүлсэн, лифтээ мэргэжлийн байгууллагаар цаг тухайд нь шалгуулах нь битгий хэл магадлал гаргуулдаггүй нь тогтоогдсон байна. Мөн мөнгөн хуримтлал байхгүйгээс гарсан эвдрэл гэмтлийг засахгүй удаж, иргэдийг хэд хоногоор чирэгдүүлэх тохиолдол ч байсан аж.
Хамгийн ноцтой зөрчил нь мэргэжлийн лифтчингүй, үнэмлэхнийх нь хугацаа дууссан хүнийг ажиллуулж байсан явдал гэнэ. Эдгээрээс гадна орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зөрчил ч олон илэрсэн байна. Дурдвал, дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу дээвэр, дээврийн хонгил, шатны хонгил, цахилгаан шат, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээ зэргийн урсгал засварыг хэзээ хийх хугацаа тогтоодоггүй, засаж, сайжруулах талаар төлөвлөгөө гаргадаггүй нь тогтоогджээ. Мөн улсын болон орон нутгийн төсвөөр хийсэн дээврийн засварт хяналт тавьдаггүйгээс гүйцэтгэгч компани нь буруу зураг төслөөр, чанаргүй ажил хийх нь цөөнгүй байж.
Энэ мэт СӨХ-ныхны увайгүй үйлдлийг хэн таслан зогсоохыг нэхэн, шүүдэг болмоор. Уг нь БХБЯ бусад холбогдох газруудтай хамтран энэ асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хөөцөлдөж байгаа юм билээ.
Энэ ажил ямар шатандаа явж буйг тодруулахаар тус яаманд очсон ч СӨХ хариуцсан мэргэжилтэн нь “Наадам болох гээд маш завгүй байна. Энэ долоо хоногийн мягмар гаригт уг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэр үеэр “СӨХ-дын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, зарим хуулийг шинэчлэн, нэмэлт өөрчлөлт оруулах, норм, дүрэм, стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг БХБЯ хийж, гүйцэтгэх, ОСНАА-н байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудыг эрх бүхий газруудад шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлүүдэд тус тус үүрэг болгосон. Хуулиудад хэзээ, ямар өөрчлөлт оруулах нь тодорхойгүй байна. Ямар нэгэн шийдвэр гарахаар тодруулаарай” гэсэн хариу өгсөн юм.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дээрх хэлэлцүүлгийн талаар лавлахад, мөн л тоймтой зүйл ярьсангүй. Уг нь 2015 онд яг ийм агуулгатай хэлэлцүүлэг өрнүүлж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулна гэж ярьж байсан ч тэгсхийгээд л чимээгүй болсон. Хэн нэгний ажлыг шүүмжлэх гэсэнгүй. Гагцхүү шат шатны байгууллагууд нь хэлдэг биш, хийдэг байгаасай л гэж хүсмээр байна.
Өнөөдөр СӨХ-нд иргэдийн хураалгаж буй 20, 30 мянган төгрөг бага мэт боловч, дуслыг хураавал далай болдгийг санах хэрэгтэй сэн. Ямартай ч хэлэлцүүлэг үр дүнгээ өгч, үүрэг авсан газрууд нь ажлаа хийгээсэй гэж орон сууцанд оршин суугчдын нэрийн өмнөөс хүсэх л үлдлээ.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
М.ГАЛБААТАР: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихвал СӨХ-д цэгцэнд орох боломжтой
Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд гишүүнчлэлтэй хэдэн СӨХ байдаг вэ. Танай зүгээс тэдэнд ямар хяналт тавьдаг вэ?
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй СӨХ-дын 50 орчим хувь буюу 400-гаад нь манай байгууллагад гишүүнчлэлтэй. Бид дарга нарт нь хууль эрх зүйн мэдлэг олгож, гарын авлагаар хангадаг.
Мөн мэргэжлийн бус хүн СӨХ-ны даргын албан тушаалд томилогддог учир тэднийг сургахад анхаарал хандуулахаас гадна иргэдээс ирсэн гомдол, саналыг шийдвэрлэхэд нь тусалдаг.
-СӨХ-дын талаарх иргэдийн гомдол тасардаггүй шүү дээ. Танайх хяналт тавьдаг юм бол энэ асуудал яагаад шийдэгдэхгүй байна вэ?
-Манайд гишүүнээр элссэн СӨХ-ны талаарх гомдол харьцангуй цөөн ирдэг. Ихэвчлэн бие даан үйл ажиллагаа эрхэлж буй газрууд хууль бусаар мөнгө хураах, үүрэгт ажлаа хийхгүй байх зэрэг зөрчил гаргадаг.
Бас орон сууц барьсан компани нь СӨХ-гоо байгуулах нь их. Энэ нь эргээд иргэдийн хяналт тавих эрхэнд халдаж байна.
-Дураараа аашилж буй СӨХ-дыг СӨХДЗ-д элсүүлж болдоггүй юм уу?
-СӨХ-ны дарга болон удирдах зөвлөлийн гишүүдийг иргэд сонгодог учир энэ нь ТББ-ын статустай. Гэтэл тэднийг дээд зөвлөлд хүчээр элсүүлэх эрх зүйн үндэслэл бидэнд байхгүй. Тиймээс үүнийг хуулийн заалтаар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихвал СӨХ-д цэгцэнд орох боломжтой.
Наанадаж л төлбөр, хураамжийг дураараа тогтоохгүй шүү дээ. Гэхдээ хамгийн чухал нь иргэд эрх ашгийнхаа төлөө үүргээ биелүүлдэг байх хэрэгтэй байна. СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм уу, ямар нэгэн асуудал хэлэлцэх үеэр ирц бүрдэхгүй байх тохиолдол олон.
Энэ үед хэдэн хүн ирсэн ч хамаагүй хурал хийгээд, шийдвэр гаргачихдаг. Мэдээж ирц бүрдээгүй хурлаас бодит шийдвэр гарахгүй нь тодорхой.
-Ямар хуульд өөрчлөлт оруулах ёстой юм бэ?
-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд хэд хэдэн заалт оруулах хэрэгтэй.
Юуны түрүүнд, СӨХ-ны хурлыг зохион байгуулахдаа бүх оршин суугч хамрагдаж чадахгүй бол хэн нэг нь бусдыгаа төлөөлөн оролцох эрхтэй байх, дарга болон удирдах зөвлөлийг инженерийн анхан шатны мэдлэгтэй юм уу, энэ чиглэлээр мэргэшсэн хүнээр сонгох заалт оруулах нь зүйтэй.