Манай улс 2013 онд 6.7 сая тн төмрийн хүдэр өмнөд хөрш рүү нийлүүлж, 650 сая ам.долларын орлого олсон нь нийт экспортын 15 хувийг эзэлж байв. Энэ нь төмрийн хүдэр олборлогчдын оргил үе байсан. Харин өнгөрсөн онд экспортын биет хэмжээ дээрхээс төдийлөн буураагүй ч орлого нь 260 сая болж багассан юм. Ийнхүү өнгөрсөн дөрвөн жилд Монголын төмрийн хүдрийн зах зээл 2.5 дахин хумигдлаа.
Олон улсын зах зээлд уг түүхий эдийн нийлүүлэлт эрэлтээ даваад байгаа. Энэ хандлага цаашид ч үргэлжлэх талаар шинжээчид хэлж буй юм. Учир нь дэлхийн томоохон үйлдвэрлэгчид ойрын үед нийлүүлэлтээ танах бус, харин ч өсгөх боллоо.
Дэлхийн төмрийн хүдрийн нийт үйлдвэрлэл 2016 онд хоёр тэрбум тн-д хүрсэн. Австрали үүний 40, Бразил 21, Энэтхэг долоо, Хятад зургаан хувийг олборлосон аж. Тухайлбал, Австрали улс 2015 онд 811 сая тн-ыг олборлосон нь жилийн өмнөх үеэсээ 12 хувиар өссөн үзүүлэлт бол Бразилынх зургаан хувиар тэлжээ. Өнгөрсөн онд ч үйлдвэрлэл өссөн байна. Томоохон нийлүүлэгчид ийнхүү үйлдвэрлэлээ нэмсээр байгаа учир эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ба гасахааргүй байгаа гэнэ.
Хятад зэрэг Зүүн Азийн оронд дэд бүтэц, барилга бүтээн байгуулах ажил ид өрнөж байсан 2005-2013 онд гангийн эрэлт огцом өсөж, коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ нэмэгдэж байв. Коксжих нүүрсний үнэ 2011 оны үед тн нь 300 ам.доллар, төмрийн хүдрийнх 180 орчим ам.доллар шүргэсэн юм.
Ингэснээр баруун Австрали, Бразил зэрэг орны арвин нөөцтэй ордод их хэмжээний хөрөнгө оруулан, жилд 200-300 сая тн-ыг олборлох хүчин чадалтай хэд хэдэн уурхай нээж амжив. Одоогоор 25 саяас дээш тн-ыг жилд олборлох хүчин чадалтай 12 уурхайн 10 нь Австрали болон Бразилд байгаа юм. Эдгээр уурхай ойрын жилүүдэд нөөцөө ашиглаж дуусгахаар зорьж буй талаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар ярьсан юм.
Тэрбээр “Хаягдал төмрийг дахин үйлдвэрлэх болсноор нийлүүлэлтийг өсгөж, төмрийн хүдрийн зах зээлийн өрсөлдөөнийг ширүүсгэж байна. Тухайлбал, 2015 онд дэлхий даяар хэрэглэсэн нийт төмрийн 40 хувийг хаягдал төмрөөс гарган авсан. Энэ нь цаашид 50, 60, 70 хувьд хүрч, өсөх хандлагатай. Тиймээс олборлогчид нөөцөө үнэтэй үед нь ашиглахаар зорьж байгаа” хэмээн ярив. Манай өмнөд хөршийн гангийн үйлдвэрүүдийн хаягдал төмөр дахин боловсруулах хэмжээ ч өсөж байна.
Дэлхий даяар хэрэглэж байгаа нийт төмрийн тал хувийг барилгын салбарт ашигладаг. Мөн төмрийн хүдрийн гол хэрэглэгч Хятад улс 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, үйлдвэрлэгчээс хэрэглээ, үйлчилгээнд суурилсан эдийн засгийн бүтэц рүү шилжиж эхэлсэн. Үүний хүрээнд барилга болон бусад салбарын үйлдвэрлэл нь нэлээд хумигдлаа.
Дэлхийн гангийн холбооны тооцоогоор Хятадын гангийн үйлдвэрлэл 2014 оноос хойш уруудаж байна. Тухайлбал, тус улс 2014 онд 823, 2015 онд 804, 2016 онд 800 орчим сая тн ган үйлдвэрлэжээ. “Рио тинто”- гийн өнгөрсөн жилийн судалгаагаар Хятад болон хөгжингүй орнуудын төмрийн хүдрийн эрэлт 2030 он хүртэл төдийлөн өсөхөөргүй байгаа гэнэ. Хөгжингүй орнуудын төмрийн хүдрийн жилийн хэрэглээ 2030 он хүртэл жилд ойролцоогоор 500 сая тн байх бол Хятадынх 1.7 тэрбум тн орчимд хэлбэлзэх төлөвтэй аж.
Харин Индонез, Энэтхэг, Малайз зэрэг хүн ам олонтой хөгжиж буй орны эдийн засаг өсөж, барилга, дэд бүтцийн ажил өрнөж байгаа тул түүхий эдийн эрэлт нэлээд хэмжээгээр тэлэх аж. Ялангуяа, зам, орон сууц, оффисын барилга барих хэрэгцээ их байгаа гэнэ. Ингэснээр төмрийн хүдрийн хэрэглээ 2015-2030 онд 65 хувиар өсөх тооцоо байна. Энэтхэгт гэхэд ойрын 15 жилд эрэлт хоёр дахин нэмэгдэх аж.
Нийлбэр дүнгээр дэлхийн төмрийн хүдрийн хэрэглээ ойрын 15 жилийн хугацаанд жилд дунджаар хоёр хувиар тэлэхээр байна. Гэхдээ дэлхийн эдийн засаг жилд дунджаар гурав орчим хувиар өсөж буй тул энэ нь төдийлөн өндөр дүн биш гэнэ.
Манай улсын хувьд одоогоор 25 сая тн-оос илүү нөөцтэй Баянцогт, Төмөртэй, Баянгол, Таяннуур, Төмөртолгой гэсэн таван орд бий. Өнгөрсөн онд 6.4 сая тн төмрийн хүдэр өмнөд хөрш рүү нийлүүлж, 260 сая ам.долларын орлого олсон. Эдгээр орд нь 30-аас доош хувийн төмрийн хүдрийн агууламжтай бөгөөд энэ нь Австрали, Бразил зэрэг оронтой харьцуулбал нэлээд доогуур үзүүлэлт юм.
Гэхдээ манай худалдан авагч өмнөд хөршийн хойд бүс нутаг дахь ордуудын төмрийн хүдрийн агууламж нь хэт багасаж, олборлоход ашиггүй болсон учир манайд Бугат хот руу түүхий эд нийлүүлэх боломж бий гэж З.Манлайбаатар хэллээ. Гэхдээ үнэ хямдарсан учир зарим уурхай үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс (GIZ) саяхан манай улсын төмрийн хүдрийн худалдааны дэд бүтцэд үнэлгээ хийхэд тааруухан дүн авчээ.
Манай голлох хэдэн орд нутгийн хойд хэсэгт байрладаг бөгөөд түүхий эдээ төмөр болон автозамаар хэдэн зуун км тээвэрлэдэг. Зардал нь нэг тн-д дунджаар 19 орчим ам.доллар байдаг гэсэн тооцоо бий. Харин дэлхийн томоохон нийлүүлэгчид төмрийн хүдрийн ордоо цогцоор нь хөгжүүлсэн бөгөөд голлон далайгаар тээвэрлэж байгаа учир зардал нь маш бага аж.
Тиймээс төмрийн хүдрийн агуулга болон дэд бүтцийн хувьд өрсөлдөх боломж бага гэнэ. Мөн олборлож буй нийт төмрийн хүдрийн дийлэнхийг Замын-Үүд боомтоор тээвэрлэдэг. Энэ нь ачаалал өндөртэй, өмнөд хөршийн Бугат руу хүрэхэд тойруу замтай. Иймд Сайншандаас Ханги-Мандалын боомт хүртэл төмрийн хүдэр тээвэрлэх 200 гаруй км төмөр зам тавихаар ярьж буй юм. Гэхдээ энэ ажил өдгөө хэлэлцээний түвшинд л байгаа.
Төмрийн хүдрийн зах зээл ойрын 1-2 жилд маш тогтворгүй байна гэж “Iron road” компанийн шинжээчид үзэж байна. Хятадын гангийн салбарт гарсан өөрчлөлт төмрийн хүдрийн зах зээлд ийнхүү нөлөөлнө гэжээ. Тонн төмрийн хүдрийн үнэ одоогоор 62 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа. Уг таваарын ханш оны эхэнд өсөж, 100 орчим ам.доллар руу дөхөж байсан ч ийнхүү уруудав. Ойрын үед бага зэрэг өсөх хандлага бий ч төдийлөн удаан үргэлжлэхгүй аж.
Тухайлбал, “Morgan Stanley”-гийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт төмрийн хүдрийн ханшийн талаарх төсөөллөө доошлуулж, энэ оныг дуустал тн нь 50-55 ам.долларт хэлбэлзэнэ хэмээн үзсэн юм. Өмнө нь дурдсанаар Австрали, Бразилын томоохон олборлогчид нийлүүлэлтээ үргэлжлүүлэн өсгөж байна. Тухайлбал, Бразилын “Vale” компани саяхан шинэ уурхайгаа ашиглалтад орууллаа.
Үүнээс гадна томоохон агуулахууд дахь төмрийн хүдрийн нөөцийн хэмжээ өссөн. Энэ мэт хүчин зүйлээс шалтгаалан 2022 он хүртэл зах зээлд төмрийн хүдэр илүүдэх гэнэ. Нэгэнт эрэлт нь нийлүүлэлтээс бага тул үнэ өсөхгүй гэж олонх шинжээч үзэж байна. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийнхан ч ийм төсөөлөл гаргасан. Ийнхүү төмрийн хүдрийн зах зээл таагүй хэвээр байна. Дотоодод ч зардлаа багасгаж, өртөг нэмэх дорвитой арга хэмжээ авахгүй бол ийм ширүүн өрсөлдөөнтэй зах зээлд цаашид орон зайгаа хадгалж үлдэхэд хэцүү болох аж.