Хуруундаа тамхи хавчуулсан цээж нүцгэн эр машин дотроосоо “Хөөе явах уу. Хаа хүрэх юм бэ” гэж авто замын хоёрдугаар эгнээнээс хашгирах аж. Гадаа нохой гаслам халуун ч үйлчилгээ эрхэлж буй хүн цээж нүцгэн байх нь яаж ч бодсон зохимжгүй. Үгүй ээ, тийм байж бүр болохгүй.
Хэдхэн минут суугаад, буух хооронд хувцас хунар халтартаж, тос болох нь энүүхэнд. Тэр ч бүү хэл, салаад уначих вий гэмээр машинтай хүмүүс таксины үйлчилгээнд явах юм. Уг нь Автотээврийн тухай хуулийн 10.2.2, 10.2.6-д зорчигчийг техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюулгүй тээвэрлэхийг зааж өгсөн. “Хаалга дотроосоо онгойхгүй. Гаднаас нь тат” гэж хээв нэг хэлдэг жолооч олширсон нь хуулийн эл заалт хэр хэрэгжиж байгааг харуулна.
Тэгвэл стардартад нийцдэггүй таксины үйлчилгээ өдгөө автомашины худалдаа эрхлэгчдийн зах зээл болжээ. Ченжүүд машинаа худалдахын тулд хувь лизинг буюу хүмүүстэй гэрээ байгуулан өдөр бүр тодорхой хэмжээний мөнгө авч, үнийг нь төлсний дараа тээврийн хэрэгслээ нэр дээр нь шилжүүлдэг гэнэ. Ингэхдээ тухайн борлуулж буй машиныхаа хаалга, буфер дээр таксины тэмдэглэгээ нааж, симфор тавьж таксинд явахыг санал болгодог байна.
Үүний улмаас хулхи таксинууд хотын төвөөр, авто замын нэгдүгээр эгнээгээр холхих болов. Нийслэлийн Тээврийн газар (НТГ)-ын Бүртгэлийн сангаас хасагдсан автомашинуудын таних тэмдэг, симфорыг ашиглан үйлчилгээ эрхэлж байсан “Мөнх такси” компани үүний тод жишээ. Иргэн М хувийн эзэмшлийн автомашинаа такси мэт тоноглон, авто замын нэгдүгээр эгнээгээр давхиж байгаад замын цагдаагийнханд саатуулагдсан гээд баримт олон байна.
Саяхан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ынхан таксины үйлчилгээ эрхэлдэг хүн, аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Тусгай дугаарын утас болон ухаалаг гар утас, таблет төхөөрөмжид зориулсан мобайл программ хангамж буюу АРР-аар дамжуулан дуудлага хүлээн авч буй компаниудын 172, нийслэлийн Тээврийн газарт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 59 автомашиныг эл шалгалтад хамруулсан байна. Шалгалтын явцад өнгө үзэмж муутай, олон жил эдэлсэн, бүрэн бус тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилсэн гэх нийтлэг зөрчил илэрчээ. Үүнээс ноцтой зөрчлүүд ч гарсан байна.
Дөч гаруй жолооч нэгдэж, дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхлэхээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Өнөр дэнж” хоршоо байгуулжээ. Гэхдээ тэд зорилгоосоо өөр үйлчилгээ эрхэлж, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг, I хорооллын 34 дүгээр байрны хойд талын гүүр орчмоос Өндөр дэнж хүртэлх 2.5 км зайд хүн тээвэрлэдэг байсан гэнэ. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийнхөө чиглэлийг дур мэдэн өөрчилсөн гэсэн үг.
“Хайрхан бумбат” нөхөрлөлийнхөн ачаа тээвэрлэх үйлчилгээний зөвшөөрөлтэй атлаа мөн л алслагдсан хороод руу хүн тээвэрлэж байсан аж. Хувьдаа суудлын тэрэгтэй 33 хүн уг нөхөрлөлийг байгуулан, “том толгойлжээ”. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж муу учир оройн цагаар ийм хүмүүс гурав хүрэхгүй км газар нэг хүнийг 1500 төгрөгөөр зөөдөг гэнэ. Нэг сая гаруй хүнтэй, нийтийн тээврийн хүртээмж муутай Улаанбаатарт такси нь хөл дүүжлэх чухал унаа. Ялангуяа 21.00 цагаас хойш автобуснууд эргэлтээ зогсоосон үед эрэлт нь ихэсдэг.
Тэгвэл дээрх зөрчлүүд НТГ-ын назгай байдалтай холбоотой гэхэд гүтгэсэн болохгүй. Улаанбаатар хотод хэдэн такси байдаг, хэд нь байгууллага, хоршоо, нөхөрлөлд харьяалагддаг талаарх бүртгэл тус газарт байх ёстой. Мөн тус байгууллага таксины жолооч нар дүрэм, журмаараа үйлчилгээ эрхэлж байгаа, эсэхийг шалгаад үйл ажиллагаа явуулах гэрээг нь сунгадаг. Тэгэхээр иргэд найдвартай унаагаар үйлчлүүлэх, эсэх нь тус газрынхнаас шалтгаалдаг.
Гэтэл бүртгэлийн санд нь албан ёсны зөвшөөрөлтэй хэчнээн такси нийслэл хотынхонд үйлчилдэг талаарх тоо ч байдаггүй аж. Тухайн газрынхан аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан такси дуудлагын үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэдэггүй гэх. 2013 онд тэднийхтэй гэрээ байгуулсан “Билэгт дөлгөөн” компани саяхныг хүртэл гэрээгээ шинэчлээгүй байсан гэнэ.
Харин “Миллион доллар” гэх компани тус газраас зөвшөөрөл огт авалгүй, хувьдаа машинтай иргэдтэй гэрээ байгуулан, өөрийн аж ахуйн нэгжийн лого бүхий эмблем, таксины таних тэмдэг, дуудлага хүлээн авах төхөөрөмжөөр тоноглож, тээврийн үйлчилгээ эрхэлж байжээ. Ийн хяналт сулаас болоод өдгөө СӨХ хүртэл нийтийн эзэмшлийн талбайг зогсоол болгоод, хэдэн хүнтэй тохиролцон иргэдэд үйлчилж байна шүү дээ. Хан-Уул дүүргийн нутаг дахь “King tower”-ын лого, эмблем бүхий такси ч бий гээд жишээ дурдвал олон. Тэгсэн атлаа шинээр таксины үйлчилгээ эрхлэх гэсэн хүмүүст НТГ-ын босго өндөр.
Такси дуудлагын үйлчилгээний “UB сав” дөрөв, захиалгат үйлчилгээний “Mile with smile” ХХК-ийнхан хоёр удаа тус газарт хамтран ажиллах талаар хүсэлт хүргүүлж байснаа ярив. Гэтэл “Үйлчилгээнд мөрдөж буй холбогдох хууль, эрх зүйн актуудад танай аж ахуйн нэгжийн үйлчилгээний талаар зохицуулалт байхгүй. Нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа хамтран ажиллах гэрээ байгуулъя” гэсэн тайлбар өгч, асуудлыг өдий хүртэл шийдвэрлээгүй байна.
Таксины үйлчилгээ эрхэлдэг “Улаанбаатар”, “Элит ноён” зэрэг компанийнхан “Таксины үйл ажиллагааг зохицуулсан журамгүй арав гаруй жил явлаа. Энэ нь бидний үйл ажиллагаанд саад учруулдаг. Ядаж л одоогийн хэдэн шаардлагаа нэгтгэх хэрэгтэй байна. Үүнээс болоод бидний үйл ажиллагаа доголддог” хэмээн ярилаа. Радио давтамжийн зурвас ашиглах эрх авдаггүй, гэрээгээ сунгадаггүй зэрэг нийтлэг зөрчлөөс гадна бусдын радио давтамжийг тохируулан ашигладаг жолооч олширсон нь таксины үйлчилгээг журамлах цаг болсныг илтгэнэ.
Хятад, Солонгостой ижил цагаан өнгийн бээлий өмсгөдөггүй юм аа гэхэд таксины жолооч нарыг дүрэм, журам мөрддөг болгох шаардлага бий. “Орчин үеийн техник, технологийн дэвшилт төхөөрөмж, программ хангамж ашиглан таксийн дуудлагын үйлчилгээ болон захиалгат таксийн үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн акт байхгүй” хэмээн суух хооронд жолооч нар үйлчилгээний тарифаас авахуулаад бүгдийг дур мэдэн тогтоож, дийлдэхгүй болох вий. Уг нь таксиныхан нийтийн бусад тээврээс илүү соёлтой, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой шүү дээ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
“Мэргэшээгүй жолооч иргэдийн аминд аюул учруулж болзошгүй”
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Хадбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.
-Таксины үйлчилгээ тойрсон зөрчил элбэг. Шалтгаан нь юунд байна вэ?
-Таксины үйлчилгээ эрхлэгчид олон зөрчил гаргаж байгаа. Наад зах нь ШТС-ын талбай болон нийтийн эзэмшлийн зориулалттай газарт олуулаа зогсож, хөдөлгөөнд саад учруулдаг. 2011-2014 онд таксинд зориулж 24 зогсоол байгуулсан ч тэнд зогсох нь ховор. “Дуудлагын станцын сүлжээ тус газарт хамгийн сайн байдаг бөгөөд энэ орчмын газраас такси захиалсан иргэдийн дуудлагыг хүлээн авдаг” гэх тайлбарыг жолооч нар өгдөг.
Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гээд олон зөрчлийг тоочиж болно. Аж ахуйн нэгжүүд хууль тогтоомж, дүрэм, улсын стандартыг бүрэн судалж, үйл ажиллагаандаа мөрдөх ёстой. Нийслэлийн Тээврийн газар болон бусад холбогдох байгууллагаас тавих хяналтаа сайжруулж байж л үүнийг мөрдүүлнэ.
Бид шалгалтын хүрээнд машинаа тоноглож, автозамын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас хүргүүлэхээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд баримт илгээсэн.
-Таксины жолооч нар тусгай эрх авах ёстой гэдэг. Үнэн үү?
-Тийм. Нийслэлийн Тээврийн газрын мэдээллийн санд бүртгэлтэй жолооч нарын цөөнгүй нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, сургалтад бүрэн хамрагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, тус газрын даргын 2015 оны тушаалаар баталсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд өөрчлөлт оруулах журмын 3.1.3, 5.5-д заасан шаардлагыг биелүүлдэггүй гэсэн үг.
Мөн бүх жолооч замын хуудасгүй явж байсан. Уг нь автомашиных нь бүрэн бүтэн байдал, зорчигч тээвэрлэх шаардлагыг хэрхэн хангасныг шалгаж, замын хуудас өгөх учиртай. Гэтэл эдгээрийг биелүүлээгүйн улмаас техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангаагүй автомашинаар мэргэшээгүй жолооч иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хор хохирол учруулж болзошгүй байна.
-Тэдэнд ногдуулах хариуцлага ямар байдаг юм бэ?
-Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хууль бусаар эрхлэгчдэд автотээврийн хяналтын улсын байцаагчид нь Автотээврийн тухай хуульд заасны дагуу 1000-30.000 төгрөгийн торгууль ногдуулдаг. Гэвч энэ арга хэмжээ зөрчил давтан гарахгүй байх, арилгахад тодорхой нөлөө үзүүлэхгүй байгаа юм.