Баримт 1. Цагдаагийн байгууллагад иргэн Б “Манай охиныг хорьж, хүчээр хар тамхи хэрэглүүлээд, биеийг нь үнэлүүлж байна” гэсэн мэдээлэл өгчээ. Түүний охин өндөр цалинтай ажил хийхээр М, Х гэх эмэгтэйчүүдтэй Шанхайг зорьсон аж. Гэтэл төсөөлж, тэмүүлснээс нь тэс өөр орчин угтжээ, тэднийг. Ажилд зуучилж өгсөн Ө гэгч танил нь тэднийг бусдад зарсан болохыг тэнд очоод мэдсэн гэнэ.
Өндөр үнээр худалдагдсан охид зодуур, дарамт, хүчирхийлэл дунд бусдын дур хүслийг хангадаг болжээ. Хар дарсан зүүд гэмээр хоногууд өнгөрсөөр, нэгэн өдөр А-д интернэтэд холбогдох боломж олдсон аж. Тэрбээр найз Н-ийнхээ фэйсбүүк хуудас руу аврал гуйсан мессеж илгээсэн гэнэ.
Эл мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагынхан шалгаад, сайхан амлалтад хууртан, бэлгийн мөлжлөгт өртсөн охидыг эх оронд нь авчирчээ. Харин Ө-д эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.
Баримт 2. Монгол Улсын иргэн Б нь нэр бүхий загварын агентлагуудын модель арван эмэгтэйн хамт Хөх хотод загвар өмсөх ажлын гэрээ байгуулжээ. Тийш очих замын зардлыг нь ч өгсөн аж. Гэтэл тэрбээр Хөх хотод дагуулж очсон бүсгүйчүүдээ зочид буудлын тусгай үйлчлүүлэгчтэй караокед ширээний хүүхэн болгохоор худалдсан байжээ. Ингэхдээ БНХАУ-ын хэсэг иргэнтэй хуйвалдсан байна. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй.
Сүүлийн 16 жилийн хугацаанд манай улсын 300 гаруй эмэгтэй гадаадын найман улсад худалдагдаж, хүний наймааны хохирогч болсон гэх мэдээлэл байна. Тэдний олонх нь “Нуруулаг, царайлаг охидыг гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарлалд итгээд, хохирчээ. Арав орчим жилийн өмнө хүний наймаачдын дунд тренд байсан эл мэхэнд өдгөө итгэх хүн цөөрсөн учир арга нь улам нарийсаж буй гэнэ.
Гадаад улсад сурч, ажиллах гэсэн залуусын хүсэлд нь тулгуурлан өгөөш тавьж, тэднийг худалдаад, бэлгийн мөлжлөгт оруулах болжээ. Биеэ үнэлэхийг хүсэхгүй байвал мансууруулах бодис хэрэглүүлж, эсвэл ойр дотнын хүмүүсээ худалдахыг санал болгох зэргээр дарамт учруулдаг гэнэ.
“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясах “Хүний наймаа ихэвчлэн хэн нэгний найз нөхөд, хол, ойрын хамаатан садны хүрээллээр дамждаг болсон. Улс дамжуулан хүн худалддаг зохион байгуулалттай бүлэг байдаг учир хэрэг үйлдэх арга нь цаг үеэ дагаад байнга өөрчлөгддөг юм. Сүүлийн үед тэд охид, эмэгтэйчүүдэд гадаадад суралцангаа ажиллах боломж санал болгож буй.
Мөн “Монголд бага цалинтай ажил хийж байхаар гадаадад ажиллавал илүү мөнгө хураана. Эцэг, эхэд чинь ч дэмтэй” хэмээн сэнхрүүлж эхэлсэн. Ингээд л нэг өдөр гадаад оронд зорчих виз гаргаж өгнө. Мөрөөдөл нь биеллээ хэмээн хөөрсөн хүмүүс өөрсдийгөө “бараа” болсон гэдгээ ч мэддэггүй. Тэгээд л хохирогч болдог.
Очсон даруйдаа бичиг баримтаа хураалгаж, харуул хамгаалалт, байнгын зодуур, дарамт шахалтад орж, биеэ үнэлэхээс өөр сонголтгүй болдог” хэмээн үүнийг дэлгэрүүлэв.
Нэгэнт зорьсон газраа очсон хүмүүс биеэ үнэлэхгүй гэж хэчнээн эсэргүүцээд ч нэмэргүй. Өөрсдийг нь боолоо болгон худалдан авсан хүмүүс нийлүүлэгчид төлсөн мөнгө, тээвэрлэлтийн зардлаа нэхэж, тэр бүгдийг биеэрээ төлөхөөс өөр аргагүйд хүргэнэ.
Гэвч биеэ үнэлж олсон цөөн хэдэн төгрөгийнх нь дийлэнхийг орогнож буй байр, идсэн хоолных нь төлөөсөнд авч, “Өөрийнхөө оронд хүн олж өгвөл явж болно” гэх санал тавьдаг аж. Үүнээс болоод хохирогчид ойр тойрныхоо хүмүүсийг золиослох тохиолдол цөөнгүй ажээ. Өнгөрсөн хугацаанд тус төвд хандсан 2000 гаруй хүний 700 нь ийм хэргийн золиос болсон гэж ярьжээ.
Хүмүүсийн хүзүүг нь гинжилж, нэг бол гар гараар нь холбоод худалддаг тухай олон кинонд гардаг. Тэгвэл Эрээн, Бээжин, Хонконг, Макаод худалдагдсан охид яг үүн шиг нөхцөлд аж төрдөг гэнэ.
Биерхүү, булиа эрчүүдээр мануулсан “бараанууд” үйлчлүүлэгч нарт өөрсдийгөө сурталчилдаг гэсэн үг. Ингэж байж л эзнийхээ хохирлыг барагдуулж, эрх чөлөөтэй болох учраас тэр.
Уг нь хүний наймаа, боолчлолын талаарх сэрэмжлүүлгийг холбогдох байгууллагууд хангалттай мэдээлж буй. Цагдаагийнхан шалгалт хийж гадаадын улсад худалдагдсан иргэдээ авчирч байгаа. ӨМӨЗО-ы Хөх хотод бусдын эрхшээлд орж, тусламж хүссэн Ж, Эрээн хотын нэгэн цайны газарт угаагчаар ажиллахаар очоод, бэлгийн мөлжлөгт өртсөн Б, С нарыг эх оронд нь авчирсан гээд баримт олон бий.
Ийн худалдагдсан хүмүүсийн цөөнгүй нь насанд хүрээгүй байсан ажээ. Бие нь дөнгөж бойжиж буй охид үнэтэй “бараа”ны тоонд тул хүний наймааны хохирогчдын нас жил ирэх тусам залуужиж байгаа гэнэ.
Биеийг нь хүчээр үнэлүүлэх, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авах зорилгоор хүч хэрэглэх, заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан гэх мэт хууль бус үйлдэл манай улсад ч цөөнгүй гарах болжээ.
Охид, эмэгтэйчүүдийн зургийг байрлуулан, эд таваар шиг кодлон дуудлагаар худалддаг вэб хуудастай гадаад орнуудын хэмжээнд очиход ойртсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тавхан сарын дотор манай улсад биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан хэрэгт 15 хүн холбогдсон гэдэг ганц баримт үүнийг илтгэнэ. Тэдний 13 нь эмэгтэй, долоо нь 25-29 настай байжээ. Харин хохирогчид нь голдуу насанд хүрээгүй охид байсан аж.
Бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, таслан зогсоохоор цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудын судалгааг шинэчлэн гаргаж, шалгасан байна. Гэтэл шалгалтын явцад хүний санаанд оромгүй хэд хэдэн зөрчил илэрчээ.
Саун, массажны 17 газарт 84 эмэгтэйн биеийг үнэлүүлж байсан аж. Тэдний олонх нь бусдын ятгалга, сүрдүүлгээр ийм үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Заримаас нь дурдвал, иргэн Ө нь Н-ийг дарамталж олон жилийн турш дарамтдаа байлгаж, биеийг нь үнэлүүлсэн бол А гэгч бусадтай бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын зоорийн давхар болон тус дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах массажны газруудад насанд хүрээгүй О, У, Д нарын биеийг мөнгө олох зорилгоор ашиглуулж байсныг илрүүлсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах нэгэн зочид буудалд 17 настай А, Т болон 18 настай Э, Н нарыг А гэгч энэ оны гуравдугаар сараас хойш удаа бусадтай бэлгийн харилцаанд хүчээр оруулсан нь тогтоогджээ. Эдгээр 17 газрын үйл ажиллагааг зогсоож, 16-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өдгөө дөрвийг нь шүүхэд шилжүүлж, хоёрынх нь хавтаст хэргийг бүрдүүлжээ.
Хүмүүсийн алжаалыг тайлах үйлчилгээ үзүүлэх ёстой саун, массажны газрынхан биеэ үнэлэгчид, тэднийг зуучлагчдын халхавч болсон нь хяналт сул байгаатай холбоотой аж. Аж ахуйн үйлчилгээний журамд харьяа орон нутгийнхаа удирдлагаас зөвшөөрөл авах ёстой гэсэн заалт бий. Аль сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулах вэ гэдгээс шалтгаалж, удирдлагаас нь зөвшөөрөл авна гэсэн үг.
Гэтэл Улаанбаатарт хүссэн бүхэн ийм үйл ажиллагаа явуулах болжээ. Тухайн газарт ажиллаж буй хүмүүс мэргэжлийн үнэмлэхтэй байхаас гадна эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах ёстой ч үүнийг мөрддөг нь тун цөөн аж. Мэргэжлийн хяналт болон цагдаагийн газрынхан хааяа хамтарсан шалгалт хийдгийг эс тооцвол хяналт тавьдаг байгууллага байдаггүйг холбогдох албаныхан хэлэв.
Тийм ч учраас төрийн байгууллагын зоорийн давхарт хүртэл саун, массажны газар ажиллаж байна. Нийслэлд саун, массажны төдөн газар бий гээд тоог нь хэлчих байгууллага алга.
Нөхөн үржихүйн ид насны бүсгүйчүүд минь харь оронд бэлгийн мөлжлөгт өртсөөр байвал наанадаж гэр бүл, цаашдаа улсын аюулгүй байдалд нөлөөлөх нь гарцаагүй. Тиймээс нутаг нэгт охид, бүсгүйчүүдээ харьд худалддаг, бэлгийн мөлжлөгийн “бараа” болгодог хүмүүст ногдуулдаг ялыг чангаруулах, тэдэнтэй нийгмээрээ тэмцэх цаг болжээ. Тийм хүмүүс бидний дунд гэмгүй царайлан явж байна.