Үеийн үед хүчтэйгээрээ гайхагддаг Зөвлөлт-Оросын бөхийн школ өнгөрсөн зууны 70-80-аад онд оргил амжилтаа гаргасан билээ. Тухайн жилүүдэд Оросын бөхчүүд олимп, дэлхий, Европын дэвжээнээс ихэнх алтыг хамдаг байлаа. Тэрхүү алтан үеийн төлөөлөгчдийн нэг бол Виктор Алексеев.
“Будапешт 1985”-ын дэвжээнээ манай А.Энхээтэй аваргын алтан медалийг булаацалдаж байсан тэрбээр ДАШТ, Европын АШТ-д тус бүр хоёр, Дэлхийн цомд тав, улсынхаа АШТ-д дөрвөн удаа аваргалсан бахдам амжилтыг үзүүлжээ. Тэрбээр зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн албанд шилжсэн бөгөөд түүний шавь нараас Адам Сайтиев Сиднейн олимпоос алт, Заур Ботаев ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.
Өдгөө Д.Г.Миндиашвилийн нэрэмжит Красноярскийн хязгаарын бөхийн академийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Алексеев төрөлх хотынхоо депутатын сонгуульт албыг давхар хашиж явна. Түүний саяхны нэгэн ярилцлагыг толилуулъя.
-Виктор Петрович, хэрхэн бөхтэй холбогдсон тухайгаа яриач?
-Эцэг маань Красноярскийн Каменскийн дүүрэгт орших үйлдвэрт ажилладаг байлаа. Хажууханд нь “Здоровый мир” спорт цогцолбор бий. Би найзуудынхаа хамт спорт комплексийн хөлбөмбөг, хоккейн дугуйланд явдаг байлаа. Жил орчмын дараа ангийнхаа Володя Мурызины нөлөөгөөр чөлөөт бөхийн секцэнд орсон.
-Спорт тоглоомыг бөхийн дэвжээгээр сольчихоод шантрах үе гарч байв уу?
-Би бөхийг баяр баясгалан мэтээр л хүлээж авсан. Найз Володя, түүний ах Валера нартай хамтдаа дугуйланд явж байсан болохоор хөгжилтэй байлаа. Үнэндээ бол зүгээр л хүчтэй болохын тулд бөхийн дугуйланг сонгосон хэрэг. Харин яваандаа чөлөөт бөхөд дуртай болж, хичээллэж эхэлснээс таван жилийн дараа буюу 1975 оны ЗХУ-ын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс хойш тамирчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн дээ. Ах дүү Валера, Володя нар ч гэсэн хожим сайн дасгалжуулагчид болсон.
-Анхнаасаа л өөртөө өндөр шаардлага тавьж байсан уу?
-Анхны амжилтаа гаргасны дараа спортын мастер болох зорилт тавьсан. Түүнийгээ хэрэгжүүлчихээд том зорилго тавин хөдөлмөрлөвөл юунд ч хүрдгийг ойлгосон юм. Тэгээд дэлхийн аварга болох зорилт тавилаа.
Мөрөөдөл эхнээсээ биелж, 1975 оны спартакиадад насанд хүрэгчдийн аварга болж, жилийн дараа Европын залуучуудын АШТ-д аваргалан, түүний хойтон насанд хүрэгчдийн Европын АШТ-д түрүүлж, ДАШТ-д оролцох эрх авав. Ийнхүү дөнгөж бөхийн дугуйланд элсэн орж байхдаа төсөөлөө ч үгүй амжилтыг өнгөрсөн долоон жилийн хугацаанд гаргасан байлаа.
-Тэгэхээр амжилт гаргахын тулд 5-7 насандаа спортоор хичээллэвэл тохиромжтой байх нь ээ?
-Мэдээж эрт л бол зүгээр. Гэхдээ заримдаа эсрэгээр байх тохиолдол байдаг. Би гэхэд л 14 настайгаасаа барилдаж эхэлсэн. Адам Сайтиев над дээр анх ирж байснаас таван жилийн дараа олимпын аварга болсон байдаг юм.
-1983 онд ДАШТ-ий финалын барилдаан таны хувьд хамгийн дурсгалтай нь мөн үү?
-Бараг бүх барилдаанаа тодхон санадаг гэвэл та итгэх үү. Тэр дундаас 1979 оны ЗХУ-ын АШТ-д түрүүлсэн барилдаанууд маань хамгийн дурсгалтай нь. Учир нь жиндээ түрүүлсэн бөх олимпод оролцох эрх авах байсан юм. Гэвч жингээ хасаж чадахгүй байсны улмаас 57 кг-даа барилдахад хэцүү болсон.
Дмитрий Георгиевич (Миндиашвилиг хэлж байна) хүртэл намайг 62 кг-д барилдахыг зөвлөж байлаа. Эцсийн мөчид хуучин жиндээ барилдах шийдвэр гаргаж, арав шахам кг хасаж барилдан түрүүлж билээ. Харамсалтай нь авто осолд орсны улмаас Москвагийн олимпод зодоглож чадаагүй.
-Та өөрөө жолоо барьж явсан юм уу?
-Үгүй ээ, зорчигчийн хувиар явсан. Өөрөөс биш өрөөлөөс болж олимпод оролцоогүй гэж бодохоор одоо ч харамсалтай санагддаг.
НЭРИЙН ХУУДАС:
Виктор Петрович Алексеев. 1956 оны наймдугаар сарын 2-нд Красноярскт төрсөн. Чөлөөт бөхөөр 1983, 1985 онд дэлхийн аварга, 1976, 1977 онд Европын аварга, 1979, 1981, 1983, 1985 онд ЗХУ-ын аварга болж, Дэлхийн цомын тэмцээнд таван удаа түрүүлж, 1985 оны Супер дэлхийн цомд аваргалжээ. ЗХУ-ын спортын гавьяат мастер, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч. Өдгөө Красноярскийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг.
-Анх удаа дэлхийн аварга болоход ямар сэтгэгдэл төрж байв. Заримдаа Зөв лөлтийн АШТ-д түрүүлэх нь дэлхийн аварга болохоос хэцүү гэж ярьдаг шүү дээ...
-Тэр үнэн. 1983 оны ДАШТ-д бэлтгэл дээр байгаа юм шиг хялбархан барилдсаар түрүүлсэн. Тэр үед Европын АШТ харьцангуй өрсөлдөөнтэй болдог байлаа.
-Дасгалжуулагч болсон түүхээ ярьж өгөөч?
-Нэг удаа шигшээ багийн бэлтгэл дээр Иван Сергеевич Ярыгины туслах дасгалжуулагчаар ажиллахад сонирхолтой санагдсан. Чухам юуны учир дасгалжуулагч болсноо одоо ч сайн ойлгодоггүй юм. Дасгалжуулагч болсон эхний 5-7 жил шигшээ багт, дараа нь энд тэндхийн олон газраар тэнэсэн.
Намайг муугүй дасгалжуулагч болоход Дмитрий Миндиашвили, Иван Ярыгин, миний анхны багш Гусев нарын үзүүлсэн нөлөө асар их гэж боддог. Тэдний ачаар тамирчин байхдаа тэмдэглэл хөтөлж, бусад шилдэг бөхчүүдийн барилдааныг судалж, өндөр ачаалал авч сурсан. Энэ бүхэн хожим надад хэрэг болно чинээ санаж байсангүй, тухайн үед.
-Адам Сайтиев барилдаж эхэлснээс тавхан жилийн дотор олимпын аварга болсон гэсэн. Тэр анхнаасаа онцгой хүүхэд байсан уу?
-Адам бол зууд нэг л тохиолдох онцгой авьяаслаг бөх. Барилдах чин хүсэлтэй, үргэлж шинийг эрэлхийлдэг, идэвхтэй хүүхэд байсан. Би түүнд тэвэрч шидэх мэхийг нэг л удаа заасан байхад маш хурдан сурч, илүү олон хувилбараар баяжуулан давтаж өөрийн болгодог арга барилтай, хэлсэн бүхнийг маань үг дуугүй биелүүлдэг бөх.
Хэрвээ ямар нэгэн мэх болохгүй бол Адам гэртээ, дэвжээний гадна үргэлж түүнийгээ бодож, задлан шинжилгээ хийдэг. Маргааш нь тэр мэхийг яг л ном ёсоор хийнэ. Харамсалтай нь хүнд гэмтэл Адамын спортын амьдралд цэг тавьсан даа.
-Та Красноярскийн их сургуулийн хуулийн ангийг дүүргэсэн. Яагаад спортын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаагүй юм бэ?
-Тухайн үед Красноярскийн их сургуульд биеийн тамирын факультет нээгдээгүй байсан үе. Шигшээ багийн тамирчин байсан надад дээд боловсрол эзэмшихийн тулд зав чөлөө хамгийн их гардаг ангийг сонгох шаардлага тулгарсан.
Тэгээд л хуулийн ангид орсон хэрэг. Гэхдээ л яаж ч хичээгээд хичээл номдоо олигтой цаг гаргаж чаддаггүй байлаа. Дмитрий Георгиевич манай сургуулийн декантай танил байсан тулдаа сургуулиа нэг юм дүүргэсэн шүү.
-Барилдаан зүүдэлдэг байсан уу?
-Шөнө болгон барилдаан зүүдэлдэг сэн, тамирчин байхдаа.
-Дасгалжуулагч болчихоод?
-Эхэндээ шавь нарынхаа барилдааныг зүүдэлдэг байсан үе бий. Харин хамаг сэтгэл хөдлөлөө дэвжээн дээр гаргаад сурчихаар шөнө нь тайван амардаг юм билээ.