Сонгогчид юуг ч шийдэхгүй. Санал тоолж байгаа хүмүүс бүхнийг шийднэ. Сонгууль болсныг хүмүүс мэдэхэд л хангалттай.
И.Сталин
Хэрвээ сонгууль үнэхээр өөрчлөлт авчирдаг байсан бол тэд биднээр санал өгүүлэхгүй байсан.
Марк Твен
Суу билэг, арга ухаанаараа, үгүйдээ харгис хэрцгийгээрээ алдаршиж түүхэнд үлдсэн хүмүүсийн сонгуулийн тухай хэлсэн гашуун үгс энэ мэтчилэн үргэлжилнэ. Цаг хугацаа бүхний шалгуур. Түүгээр шалгагдан, шигшигдэж үлдсэн бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэдэн арван жилийг элээсэн ч үнэ цэнээ алдалгүй өнөөдөртэй золгосон эдгээр үгсийг ч бас.
Ингэхэд сонгууль гэж юу юм бэ. Жирийн иргэд юуны төлөө нутаг усныхан, элгэн садан, хань ижилтэйгээ хүртэл хагаралдан тэмцэлдэнэ вэ. Сонгуулиар үнэхээр санал бүхэн үнэ цэнэтэй байж, хэн олон санал авсан нь шударгаар ялалт байгуулдаг уу. Эсвэл зүгээр л сайтар бодож төлөвлөсөн, эхнээсээ үр дүн нь тодорхой жүжигт бид өөрсдөө мэдэлгүй оролцон тоглоод байна уу. Сонгуулийг яагаад хар хоргүй, шударгаар явуулж болдоггүй юм бэ.
Ингэж асуух нь зарим нэгэнд хэтэрхий гэнэн санагдаж магадгүй. Гэвч иргэдийн олонх нь төдийгөөс өдий хүртэл түшээдээ сонгож, төр засгаа байгуулахад гар бие оролцож байна, бидний оролцоо үнэхээр чухал гэж итгэсээр яваа тул асуухаас өөр арга алга.
Төрийн эрх ард түмний мэдэлд шилжиж, ардчилсан төр тогтсон хэмээн номлож ирсэн 27 жилийн хугацаанд манай улсын засгийн эрхийг хоёр нам л ээлжлэн барьсан. Эрх барьсан нам төрийн бүх байгууллагыг гартаа оруулж, дохио зангаагаараа хөдөлгөдөг гэдэгтэй хэн ч маргаад нэмэргүй болсон. Ингээд бодвол сонгуулийг ч тэд л ээлжлэн зохион байгуулсан гэсэн үг.
Сонгуулийн “хөшиг”-ний цаана юу болдгийг, ямар аргаар луйвар хийдгээ тэд мэдэхгүй бол хэн мэдэх билээ. Тэгэхээр сонгууль шударга бус болдог, санал луйварддаг талаарх тэдний мэдэгдэлд итгэж болно гэсэн логик ургаж байгаа юм.
Заримдаа бидний том гэж бодсон зүйл санаснаас хамаагүй жижиг байх нь бий. Бас заримдаа жижиг гэж бодоод тоогоогүй өнгөрөөсөн зүйл маш том үр дагавар дагуулах нь ч буй. Сонгуулийн насанд хүрсэн хоёр хүнтэй айлд сонгогчийн найман үнэмлэх (урилга) өгсөн нь, гэрийн хаягийг нь андуурах аргагүй тодорхой заасан уг үнэмлэхнүүдэд гэрийн эздийн нэр байгаагүй нь жижиг хэрэг үү, том уу гэдгийг хэлэхэд хэцүү юм.
Юу болсныг сийрүүлбэл, нэгэн иргэн “Өчигдөр орой дүүгийнд очлоо. Сонгогчийн үнэмлэх өгчээ. Эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдардаг дүүгийн маань гэр бүлээс санал өгөх эрхтэй хоёр хүн байхад найман үнэмлэх хашааных нь завсар хавчуулаад бултчихаж. Нэгд нэгэнгүй бүгдийг нь үзээд ч өөрийнх нь болон эхнэрийнх нь нэр байхгүй, огт танихгүй найман хүний нэр бичээд алга болсон байна” хэмээгээд найман үнэмлэх (урилга)-ний зургийг фэйсбүүктээ нийтэлжээ.
Уг нийтлэлийн дор сэтгэгдэл бичсэн арваад хүний дөрөв нь дээрхтэй адил явдалтай тулгарч, хаягаар нь ирсэн сонгогчийн үнэмлэхнээс ам бүлдээ “шинэ гишүүн”-тэй болсноо мэдсэн тухайгаа бичсэн байв. Эдгээр тохиолдлыг “Андуурсан байх” гэж цайруулан бодохыг хүссэн ч нэг л болж өгсөнгүй. Нуулгүй хэлэхэд хар төрөөд болсонгүй. Энэ бол тоохгүй орхиж боломгүй зүйл билээ.
“Гайхамшиг” үүгээр дуусаагүй. Нэр дэвшигчдийн хэн нэгэн нь хүмүүсийн регистрийн дугаарыг цуглуулж буй талаар барин тавин ярьцгаагаад цөөнгүй хоногийг үдэж байна. Олон гишүүнтэй фэйсбүүк бүлгэмүүдэд “Сонгуулийн мэдээлэлд лайк дарж, шэйр хийгээд өдрийн 20 мянган төгрөг авах хүн байвал чаатаар холбогд” гэсэн зартай өнгөрсөн хоногуудад таараагүй хүн цөөн байх. Хэдэн зуун мянган гишүүнтэй бүлгэмд нийтэлсэн нэгэн зарын доор мянган хүн хэдхэн минутад цуглахыг нүдээр харсан хүний нэг нь би. Гэтэл уг зарын дагуу хандсан иргэдийг 20 мянган төгрөгөөр хуурч, гэрийн хаяг, регистрийн дугаарыг нь авсан болж таарав.
Жирийн үед хэн хаана явааг мэдэх нь бүү хэл сонирхдог ч үгүй нутгийн зөвлөл гэх ахадсан нэртэй нөхөд сонгуулиар л ид шидээ гаргадаг нь энэ жил улам тодорхой боллоо. Тэд маань биднийгээ танил тал, хамаатан садантай нь мэддэг байж. Тэгээд ямар нэг холбоотой хүмүүсээр нь дамжуулан гуйх, зөвлөх, сүрдүүлж айлгах гээд янз бүрийн аргаар үзэж тарлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хүмүүс бохир өрсөлдөөн, хууль бус үйлдлээр үнэн хүчийг уралдуулж байна. Хэн нь алийг нь хийж буйг нэр цохох ч шаардлагагүй. Учир нь манай улстөрчид муу зүйл хийхдээ нэгнээсээ дутдаггүй юм.
Сонгууль дуусахад таван өдөр дутуу байна. Тэд өөр ямар гайхамшиг үзүүлэхийг таашгүй. Энэ бүхний үр дүнд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн сонгох эрхэд хамгийн бүдүүлгээр халдсан бусармаг үйлдлүүд гарсан гэж түүхэнд бичигдэж ч мэдэх юм.