Их хотын өглөө чухам юунаас эхэлдэг бол? Өндөр барилгуудын оройд гэгээ тусаж, үүр цайхаас уу, хөл хөдөлгөөн ихсэж, хот “амь орох”-оос уу, эсвэл радиогоор Төрийн дуулал эгшиглэж, шинэ өдөр эхэлснийг зарлахаас уу. Аль нь ч байлаа гэсэн хотын шинэ өглөөг иргэд бид эхлүүлдэг ээ. Тэр тусмаа өглөөний нартай уралдан ажилдаа гардаг нийслэлийн хамгийн эртэч хүмүүсийн төлөөлөл болсон гурван залууг “Нийслэл надаас эхэлнэ” буландаа онцолж байна. Нэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулагч замын цагдаа бол нөгөө нь та бидний өглөөний цайны гол хүнс болох талхны үйлдвэрийн ажилчин, гурав дахь нь хотын ногоон байгууламжийг “урлагч”, цэцэрлэгч бүсгүй юм.
Хоцрох эрхгүй улс шүү дээ, бид
Нийслэлийн Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, ахлах ахлагч Э.Өнөболдыг ажлаа хийж байхад нь бид очсон юм. “Өглөөнөөс хойш хоёр дахь цуваа нэвтлээд байна, айхтар бороо орж байна шүү” хэмээн угтсан энэ залуу усан бороог ажирсан шинжгүй харагдана. Халуунд халж, хүйтэнд хөрч, жилийн дөрвөн улиралд замын хөдөлгөөн зохицуулдаг түүний ажил амаргүй. Э.Өнөболд 2008 онд “Улаанбаатар эрдэм судлал” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгссөнөөс хойш ес дэх жилдээ энэ албыг хашиж буй тэрбээр “Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Хүмүүс аюулгүй, тайван зорчиж, осол авааргүй байхын төлөө би энд зогсож байгаа шүү гэхээр ажлаараа бахархах сэтгэл төрдөг” хэмээн өгүүлсэн.
Түүний ажил 07.30 цагаас эхэлдэг. Зарим нэгнийх нь хувьд дулаан хөнжилдөө дугжирч байдаг энэ цагт замын цагдаагийн алба хаагчид хэдийнэ хариуцсан постондоо ирчихсэн, үүрэгт ажилдаа гардаг аж. Өчигдөр биднийг очих үед тэрбээр Баянгол дүүргийн Ахуйн үйлчилгээний уулзвар орчимд замын хөдөлгөөн зохицуулж байсан бөгөөд долоо долоо хоногоор өөр уулзварууд, ачаалал ихтэй хэсэгт очиж ажилладаг гэсэн. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Танай гэр хаана вэ. 07.30 цагт ажилдаа бэлэн байхын тулд хэдэд гэрээсээ гардаг вэ?
-Гэр Баянхошуунд байхад өглөө 06.00 цагт босож, цайгаа уугаад гардаг байсан. Энэ жил манайх хорооллын эцэст нүүж ирсэн. Гэр ойртчихоор их амар юм.
-Та ажлаасаа хоцорч үзсэн үү?
-Хоцрох эрх бидэнд байхгүй. Хоцорч, бас ажлаа тасалж байсан удаагүй ээ.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач. Цаг наргүй, таны ажлыг хэр ойлгодог вэ?
-Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Энэ ажлыг хийж эхлэх үедээ л эхнэртэйгээ нэг гэрт орсон. Анх суухдаа л ийм ажилтай байсан, ийм л байдаг юм байх гээд ойлгочихсон учраас оройтлоо, эрт ирсэнгүй гэж гомдол хэлдэггүй. Ажилтай л бол ажилтай шүү дээ. Шөнө дуудагдаад, түргэн аваад босоход зэрэгцээд сэрчихсэн “Юу бэлдэх вэ, яах вэ” гэдэг.
-Замын цагдаагийн ажил хэцүү юү?
-Цаг үеийн байдалд тохируулж хувцаслаад л ажиллана. Нэгэнт л миний ажил юм чинь. Бороотой гэж шалтаглаад сууна гэсэн ойлголт байхгүй. Харин халж, хөрөх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм байна. Өвлийн улиралд ямар ч сайхан дулаан гуталтай байсан, хоёр цаг зогсоод л даарч эхэлдэг. Цемент зуны халуунд доороос маш их төөнөдөг. Халуун юман дээр нүцгэн хөлөөр гишгэхээр яадаг билээ, зуны ботинктой цементэн дээр зогсохоор яг л тийм мэдрэмж төрдөг. Тиймээс доороосоо их халж, даарсных бөөр, нуруу их өвддөг болдог юм байна. Хоолойны ангинна манай цагдаа нарт түгээмэл. Замын цагдаа нарыг тарган байна гэдэг. Энэ бүхнээс шалтгаалж таргалдаг. Бас энэ их дуу чимээнд олон цаг байснаас болж мэдрэлийн ядаргаанд ордог юм билээ. Манайх орон тоо их дутмаг. Замын цагдаагийн байгууллага 1990-ээд оны үед батлагдсан орон тоогоор одоо хүртэл ажилдаг. Гэтэл машины тоо хэд дахин өссөн билээ. Нэгэнд нь ар гэрийн гачигдал гарвал яаж ийгээд боломжоороо зохицуулаад ажилладаг.
-Уншигчид, жолооч нарт хандаж та юу хэлэх вэ?
-Жолооч нарт хандан замын хөдөлгөөний дүрмээ сайн биелүүлж, анхаарал болгоомжтой байгаарай гэж хэлье. Ер нь зам тээврийн осол санамсар болгоомжгүйгээс мөн дүрэм зөрчсөнөөс болж л гардаг.
Хамгийн энгийн хүмүүс хамгийн жаргалтай амьдардаг
Хамгийн эртэч хүмүүс бол яах аргагүй хот тохижилтынхон. Шар хантаазтангууд замын цэвэрлэгээ, арчилгаа хариуцдаг бол ногоон нь хотын ногоон байгууламж, цэнхэр нь гэрэлтүүлэг, улаан нь инженер, техникийн ажилтнууд гэхчилэн хувцасны өнгөөр нь тэдний ажил, мэргэжлийг ялгаж болно. С.Уламбаяр ногоон хантаазтай, цэцэрлэгч бүсгүй. Өдгөө тав дахь жилдээ энэ албанд зүтгэж буй. ШУТИС-ийг хувцасны зураач мэргэжлээр төгссөн ч тэр чиглэлээрээ бараг ажиллаагүй, тэр ч байтугай гурван жил мал маллаж хүртэл үзжээ. Харин хотын захиргаанаас хэдэн жилийн өмнө бодлогоор 200 гаруй цэцэрлэгч мэргэшүүлэн бэлтгэж, ажилд авсны дунд тэрбээр багтжээ. Улаанбаатар хотын Хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгч С.Уламбаяртай ярилцлаа.
-Таны ажлын өдөр яаж эхэлдэг вэ?
-Би өглөө 05.00 цаг өнгөрөөж босдог. Манайх “Буянт-Ухаа II”-т байдаг л даа. Эхний автобус 06.40 цагийн үед ирнэ. Нисэхээс нааш түгжрэл багатай болохоор 07.10 гэхэд ажилдаа ирчихдэг юм. Өглөө болгон гарын үсгээ зурж, хөдөлмөр хамгааллын хувцсаа өмсөөд ажилдаа гардаг.
-Цэцэрлэгчдийг зун л ажилладаг байх гэж бодтол жилийн дөрвөн улирал завгүй байдаг гэв үү?
-Бидний ажил хавар гуравдугаар сарын сүүлчээс үр үрслэгээгээ бэлтгэхээс эхлээд түүнийгээ бойжуулж, суулгаж, дараа нь ургуулах, танах, услах, арчлах гэхчилэн бүгд цаг нартай, шат дараалалтай явдаг. Намар болохоор ногоон байгууламжийн цэнэг усалгаа, арчилгаа, мод тарих гэхчилэн арваннэгдүгээр сар болтол тасралтгүй ажилтай байдаг. Өвөл бид замын цас цэвэрлэгээнд дайчлагддаг.
-Одоо аль хэсгийн ногоон байгууламж дээр ажиллаж байна вэ?
-Манай Ногоон байгууламжийн алба дотроо найман хэсэгтэй. Хэсэг тус бүр 12 цэцэрлэгч, нэг техникчтэй. Манайх долдугаар хэсэг нь. 22-ын товчоо буюу Сонгинохайрханы автовокзалаас нааш таван км шахам урттай замын гол хэсгийн зүлгийг бид өнөөдөр тарилаа. Сонсголонгийн уулзвар орчим, 22-ын товчооноос нааших хэсэг, 21 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд 25-ын уулзвараас Андуудын буудал хүртэлх газрыг манай хэсэг хариуцдаг.
-Энэ жил цэцэг их ховор тарьжээ?
-Та нар татварын мөнгөөр нэг настай цэцэг тарилаа гэж хүмүүс шүүмжилдэг. Олон наст яг адилхан шүү дээ, намар болтол ургана, өвөл хөлдөөд унана. Анзаараад байхад юм хийж байгаа хүмүүсийг л их өөлдөг болчихсон юм уу даа. Хотын цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэл гэрэлтүүлэг, зам асфальт гээд манай Хот тохижилтынхны ажил хүмүүсийн нүдэнд ил байдаг. Гэтэл “Та нар болиоч ээ, татварын мөнгөөр тоглоод” гэж хажуугаар өнгөрч явахдаа хүмүүс машиныхаа цонхоор хашгирдаг.
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Би хоёр хүүтэй. Том нь тавдугаар анги, бага нь таван настай. Манай нөхөр Завханы залуу бий, хувиараа ажилладаг. Оюутан байхдаа танилцаад, суусан.
-Та ажлаараа бахархдаг уу?
-Ном гаргасан хүн “Миний бичсэн ном” гэж бахархдаг. Бид хийсэн ажлаараа бахархалгүй яах вэ, тарьсан модоо ургасныг хараад маш их баярлана. Огт ногоон байгууламжгүй газрыг бид шинээр зүлэгжүүлж, мод цэцэг суулгадаг. Эхний жил маш гоё ургана. Дараа жил нь хүмүүс эвдэж сүйтгээд муухай болгочихдог. Агаар, хөрсний бохирдол ч нөлөөлдөг байх. Тийм газруудыг дахиад хөрсийг нь хуулж, цэвэрлэж, шинэ хөрс дэвсэж, зүлэг тарьдаг. Бид цалин авахын төлөө ажиллаж байгаа боловч, чамд ч, надад ч, бүгдэд энэ мод, цэцэгс хэрэгтэй.
-Амьдрал ер нь ямархуу байна вэ?
-Хэцүү гэвэл хэцүү сайхан гэвэл сайхан, хүний өөрийн л бодол шүү дээ. Их мөнгө тэвэрчихээд хэцүү байна гэдэг хүн бий. Хоногийнхоо талхны мөнгийг олчихоод хүүхдүүдтэйгээ хувааж идээд сайхан амьдарч байна гэж хэлдэг нь ч бий. Ханилах хань, үнэрлэх үр, орох орон, хийх ажил байна. Өглөө ажилдаа сэтгэл дүүрэн ирээд, орой хань, үр хүүхэд рүүгээ би яардаг. Бид ер нь хамгийн энгийн хүмүүс шүү дээ. Хамгийн энгийн хүмүүст л хамгийн их аз жаргал байна уу гэж санагддаг.
Бид эмч нараас түрүүнд алхдаг
Нийслэлчүүд бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг “Атар” талхыг зуухнаас шарагдаж гарсны дараа, чанарын шаардлага хангасан, эсэхийг нягталж, савлаж болно гэсэн “тушаал”-ыг энэ бүсгүй өгдөг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгдээд гарсан бэлэн бүтээгдэхүүнийг савлахын өмнөх дамжлага дээр ажилладаг гэсэн үг. “Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн савлагааны оператор О.Азжаргал хоёрдугаар курсийн оюутан байхаасаа энэ үйлдвэртэй амьдралаа холбоод найман жил болж буй. Хичээлийнхээ хажуугаар үйлдвэрт ажиллаж, зуурагч, пийшингийн оператор, савлагч гэхчилэн шат шатаар дэвшсээр өнөөдрийн энэ ажлын байранд очжээ. Үйлдвэрийн зүгээс боловсон хүчнээ доороос нь шат дараатай бэлтгэж, ахиж дэвшүүлдэг бодлого ч үүнд нөлөөлсөн гэдгийг тэрбээр тайлбарласан. О.Азжаргал 2012 онд ШУТИС-ийг хүнсний микробиологич мэргэжлээр төгссөн гэнэ.
“Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэр 24 цагаар үйлдвэрлэл явуулдаг учраас ажилчдаа дөрвөн ээлжээр ажиллуулдаг юм байна. Тэрбээр өглөө 07.50 цагт ажлын байрандаа ирчихсэн байх ёстой гэнэ. Ажлын хувцсаа өмсөж, хөдөлмөр хамгааллынхаа зааварчилгааг аваад 08.00 гэхэд ажил нь яг цагтаа эхэлдгийг тэрбээр онцолсон. Их наран дахь гэрээсээ 06.30 цагт гардаг ч заримдаа түгжрэлээс болоод хоцорчих дөхдөгөө нуугаагүй юм. Өглөө ажилдаа ирэхэд нь зураг дээр харагдаж байгаа шиг, хөргүүрт савлахад бэлэн болсон талхнууд түүнийг хүлээж байдаг ажээ. Савлагааны оператор өмнөх ээлжний ажилчдаас талхнуудаа тоолж хүлээж авна, чанарын шаардлага хангаж байгаа, эсэхийг шалгана. Мөн хөргөлтийн систем хэвийн ажиллаж буй, эсэхийг хянадаг, тоног төхөөрөмжтэй илүү харьцдаг ажил юм байна.
Тус үйлдвэр өдөрт 40 гаруй мянган “Атар” талх үйлдвэрлэдэг аж. Энэ талхны амт, үнэр өөрчлөгддөггүйн нууц нь 30 гаруй жилийн өмнөх анхны жор, технологи, орц найрлага хэвээр байдагтай холбоотой гэж тэрбээр ярилаа. “Талх чихэр” компани “Атар”-аас гадна луувантай, хөх тарианы, эрдэнэ шиштэй, олон үрийн зэрэг олон нэр, төрлийн талх үйлдвэрлэн худалдаанд гаргадгийг та мэдэх байх.
Талхны үйлдвэрт хүүхнүүдээс гадна эрчүүд цөөнгүй ажилладаг тул олон ч хос төржээ. О.Азжаргал ч ялгаагүй тэнд ирээдүйн ханьтайгаа учирсан байна. Түүний нөхөр мөн савлагаан дээр цуг ажилладаг аж. Залуу хос өдгөө гурван настай нэг хүүхэдтэй гэнэ.
Хэрэглэгчдийн гар дээр очсон бөөрөнхий талхыг үйлдвэрлэхийн тулд зуурмагаа хүүхэд шиг бөөцийлдөг тухай тэрбээр ярьсан. “Бид зуурмагаа хүүхэд шиг л бөөцийлдөг. Тэгэхгүй бол суугаад, муухай болчихно. Нэг л дамжлага дээр алдчихвал ийм гоё хэлбэр, үнэр амттай гарахгүй. Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гаргах эрх бидэнд байхгүй. Нэг талхны ард 8-10 хүн хөлс, хүч хөдөлмөрөө зарцуулж ажилладаг” гэлээ.
Ажлынхаа юугаар хамгийн их бахархдаг вэ гэж түүнээс асуувал “Бидний ажлын онцлог гэвэл эмч нараас арай түрүүнд алхдаг гэж боддог. Эмч нар хүнийг өвдсөнийх нь дараа эмчилдэг. Бид зохицуулах үйлчилгээтэй эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүмүүсийг өвдөхөөс нь сэргийлж чаддаг гэсэн үг. Өглөө бүр хүмүүст шинэ талх хүргэнэ гэдэг чинь сайхан шүү дээ. Шинэ талх маш гоё үнэртдэг” хэмээсэн юм.