Одоогоор бараг нэг жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сарын 6-нд АНУ-ын Миннесота хотын цагдаагийн ажилтан Жеронимо Янез хамтрагчийнхаа хамт нэгэн автомашиныг зогсоосон юм. Энэ автомашиныг хохирогч болох Филандо Кастель жолоодож, түүний хамт найз бүсгүй Диамонд Рэйнолдс болон охинтойгоо цуг байсан юм. Цагдаагийн ажилтан түүнийг үнэмлэхээ үзүүлэхийг шаардах үеэр Кастель өөрийгөө буутай яваа гэдгээ цагдаагийнханд учирласан юм. Тэрбээр бууг эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд үүнийгээ цагдаагийн ажилтанд тайлбарлах гээд амиа алдсан билээ.
Учир нь Жеронимо Янез түүн рүү долоон удаа буудаж амь насыг нь хохироосон юм.
Хохирогч болох Кастель буудуулснаас 20 орчим минутын дараа амьсгал хураасан аж.
Энэ үйл явдал өнгөт арьстнуудын бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Улмаар цөөнгүй жагсаал цуглаан болж, олныг хамарсан үймээнд ч хүргэж байв. Эцэст нь 2016 оны арваннэгдүгээр сард түүний аминд хүрсэн цагдааг буруутай гэж үзсэн юм. Гэвч хэдхэн хоногийн өмнө түүнийг цагаатгасан юм. Цагаатгах шийдвэр гарсан энэ өдөр түүнийг цагдаагийн албанаас чөлөөлсөн байна.
Янез бол мексик гаралтай америк цагдаа. Тэрбээр хүн амины хэрэгт орох үедээ Миннесотагийн цагдаагийн албанд дөрвөн жил хүчин зүтгэсэн, 28 настай байлаа. 2010 онд Миннесотагийн цагдаагийн академийг хамтрагч Жосеп Каусерийн хамт төгссөн юм.
Харин Филандо Кастель нас барах үедээ 32 настай байв. Тэрбээр 2001 онд ахлах сургуулиа төгсөөд 2002 оноос хойш Сэйнт Полын олон нийтийн сургуульд ажиллах болжээ. Кастель нас барах үедээ замын хөдөлгөөний зөрчлийн улмаас 52 удаа цагдаад саатуулагдсан юм. Гэхдээ ямар нэгэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэр бүлийнхэнтэйгээ цуг явж байхдаа амиа алдсан гэдэг нь олныг ихээхэн бухимдуулсан билээ.