Нэгэн нэртэй ч хилээр тусгаарлагдан хоёр талд амьдарч буй ар, өвөр Монголын сэтгүүлчид алсын аянд ганзага нийлж, 10 хоногийн турш 5000 км буюу 10000-аад бээр аяллаа. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Хөгжилд хөтөлсөн 70 жил” нэрийн доор, Монгол Улс, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон аялал зохион байгуулсан юм. Энэ багт Монголын үндэсний анхны өдөр тутмын сонин “Өнөөдөр”-ийг сурвалжлагч миний бие төлөөлөв.
Хамтарсан сурвалжилгын багт Өвөрмонголоос “Монгол Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио, “Солонго” сэтгүүл болон Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 10 сэтгүүлч хамрагдсан бол Монголын төлөөлөлд “Өдрийн сонин”, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНР, UBS, “TV-5” телевиз, fact.mn, barilga.mn цахим мэдээллийн хэрэгсэл, ФМ 107.5 радиогийн гээд 11 сэтгүүлч багтан МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарийн удирдлагад явлаа.
УЛААНБААТАРААС МОРДОЖ, УРД ХӨРШИЙН ХИЛИЙН ХОТОД СААТСАН НЬ
Улаанбаатар-Эрээний чиглэлд монголчууд дийлэнхдээ төмөр замаар “гахай” үүрч, наймаанд явдаг. Харин сүүлийн жилүүдэд зам харилцаа сайжирснаар нийтийн тээврийн “Атибус” компани улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өдөр бүр 21.00 цагт тус компанийн Эрээнийг зорих унаа замдаа гарах бөгөөд шөнө явж буй болохоор ээлжийн жолоочтой, үйлчлэгчтэй, замдаа үнэгүй хоолоор дайлж, зурагт, утасгүй интернэтийн сүлжээ ашиглах боломжоор хангасан тохилог автобусаар үйлчилдэг юм байна.
Улаанбаатараас Замын-Үүд хүртэл шөнөжин давхиж, өглөө эх орны өмнөд хил үүдээ нээхээс өмнө очоод нутгийн “УАЗ-469”-үүдтэй зэрэгцэн замд дугаарлан зогсоод, хил нээмэгц тэднээс өмнө автобусны зорчигчдыг нэвтрүүлэх юм билээ. Хоёр орны хилийг хууль журмын дагуу нэвтрээд Эрээний зээлээс нэг их холгүй автобусны нэгдсэн зогсоолд өмнөд хөршийн сэтгүүлчдийн төлөөлөл биднийг тосов.
Өвөрмонголын “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан тэргүүтэй өмнөд хөршийн сэтгүүлч нөхөд минь биднийг угтсан юм. Өвөрмонгол нөхдийн дунд Ар Монголын радиогийн алдарт сэтгүүлч, “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Нутгийн зам” зэрэг дууг нь ард түмэн ардын дуу шиг мэдэх болсон эрдэмтэн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөр хэмээх эрхэм хүмүүн намуухан дуугаар мэндчилэн зогсоно.
Тэрбээр “Талын дуу хоолой” радиогийнхонд мэргэжлийн дэмжлэг үзүүлээд багагүй хугацааг өнгөрүүлж буй аж.
Хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын ажил 20 гаруй жилийн өмнөөс монголчуудын танил болж, “хөрөнгө оруулсан” гээд хэлчихэд нэг их буруудахгүй Эрээн хотоос эхэлсэн юм. Өвөрмонголын Багшийн их сургуулийн харьяа Эрээн хот дахь Олон улсын дээд сургуультай танилцуулсан. 2012 оны тавдугаар сард ӨМӨЗО-ы Засгийн газрын зөвшөөрлөөр тус сургуулийг байгуулсан бөгөөд нийт талбай нь 190 мянган ам метр.
Үл хөдлөх хөрөнгө нь 12 сая 170 мянган юаниар үнэлэгдэж буйг тус сургуулийн захирал Ялалт хэлж байв. Дотуур байр болон хоолны газар нь 2000 оюутанд зэрэг үйлчлэх хүчин чадалтай. 50 гаруй багш, ажилтан буй бөгөөд тэдний 19 нь монгол гэнэ. 1000 гаруй оюутных нь 180 гаруй нь монгол.
Тэнд манай улсынхаас гадна ОХУ, Балба гээд гадаадын оюутнууд эрдэмд шамдаж буй юм билээ. ӨМӨЗО-ы хэмжээнд байдаг хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK) авдаг гурван төвийн нэг нь тус сургууль аж.
Энэ сургууль хятад хэлний бэлтгэл, Монгол хэл, утга зохиолын, олон улсын худалдаа, аялал жуулчлалын менежмент, спорт, урлагийн гэсэн салбартай юм байна. Тус сургуулийн “2+2” хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнууд эх орондоо хоёр жил, уг дээд сургуульд үлдсэн хоёр жил суралцаж, хоёр улсын эрдмийн далайгаас сувд шүүрдэх боломжтой юм билээ.
Эрээн хотын Олон улсын дээд сургуульд багшилж буй Ч.Алтанцэцэг ахай энэ үеэр бидэнтэй уулзсан. Эрдэнэтийн уугуул, Эрээнд суугаад хоёр жил болсон тэрбээр тус дээд сургуульд гоо зүй ба ёс зүйн хичээл заахаас гадна дотуур байрны багшаар ажилладаг гэнэ.
Шавь нараа аваад Хятадын олон ч уралдаан тэмцээнд амжилттай оролцсон байв. Тэрбээр “Сургуулийн захиргаа монгол багш нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдэж өгсөн. Багш нарыг үнэгүй байраар хангаснаас гадна сар бүр хоолны мөнгө гэж тодорхой хэмжээний нэмэгдэл олгодог” гэж байлаа.
Тус сургуулийн оюутны дотуур байрны дотоод журам хатуу дэгтэй гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутны дотуур байранд цонхоороо хүн оруулж хонуулах, архидах явдал байнга л болдог зүйл.
Тэгвэл Эрээний Олон улсын дээд сургуулийн дотуур байранд зөвшөөрөл авалгүй гадагш гарвал гурав, өрөөндөө тамхи татвал нэг, хэрэлдэж зодолдвол 10, дотуур байрнаас гадуур хонох, архи ууж ирэх зэрэгт тав гэх мэтээр оноо хасаж, хариуцлага тооцон, тэтгэлэг урамшууллыг нь үгүй болгодог гэнэ.
Дараагийн зочилсон газар бол Эрээний шалган нэвтрүүлэх боомт. Замын-Үүдээс есхөн км-ийн цаана орших энэ боомтын хөгжил цэцэглэлтийг тийш зорчдог хүн бүр л мэдэж буй нь лавтай. Тэнгэр газар шиг ялгаатай гээд, Эрээний хөгжлийг амтай болгон шагшиж суудаг шүү дээ.
Өмнөд хөрштэй хилийн худалдаа өргөжихөөс өмнө Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр зорчиж, Хятадын нийслэлийг зорьж байсан хүмүүсийн ярианд “1992 оноос өмнө хэдхэн шавар байшин байсан. БНХАУ-ын Төрийн зөвлөл хил дагуух нээлттэй хот болгосноор маш хурдтай хөгжин цэцэглэж, танигдахын аргагүй сайхан хот болж байна. Гэтэл манай Замын-Үүд бахь байдгаараа” хэмээсэн байдаг.
Эрээн боомтын Хил, гаалийн албаныхны тайлбарлаж буйгаар мах, арьс ширэн эдлэл, монгол дээл ба гутал, ангийн арьс, цагаан идээ зэргийг хилээр гаргахыг хориглодог боловч монголчууд хориотой бараа бүтээгдэхүүн, эд зүйлс авч гарахыг завдах тохиолдол үе үе гарсаар байгаа гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд 10-аадхан хоногийн өмнө баавгайн савар хилээр оруулах гэж байсныг таслан зогсоосон талаараа гаалийн байцаагч Бао Гуаньюн ярилаа.
Эрээн хотын Хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр 7-9 дүгээр сард хамгийн олон хүн буюу өдөрт 10 мянга орчим хүн нэвтэрдэг юм байна. Хилээр орж, гарч буй хүмүүсийн 90 хувь нь монголчууд бол үлдсэн нь Орос, Хятад болон бусад улсынхан байдаг аж.
1990 оноос хойш Эрээн болон Баянхонгорын хооронд ганзагын наймаа эрхэлж буй Баянхонгор аймгийн иргэн Д.Оюунтуяа “1990-ээд оны үеийг бодвол Эрээний Хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэг илүү түргэн шуурхай үйлчилдэг болсон. Өмнө нь хилээр гарах гэж 10 гаруй минут болдог байсан бол одоо таван минутын дотор гарч байна. 27 жил ганзагын наймаа хийхэд амьдрал ахуй мэдэгдэхүйц сайжирсан. Ганзагын наймаа хийсний ачаар гурван хүүхдээ орон гэртэй болгож, тусад нь гаргалаа” гэж ярив. Тэрбээр 1000 гаруй км зам туулан Эрээнд ирдэг бөгөөд сард нэг удаа хилээр орж, гардаг гэнэ.
ШАНДЫН ШАР ТАЛ ДАХЬ ХУБИЛАЙ ХААН
Хувьтай хүмүүс хур борооноор гэдэг. ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууг зорих зам биднийг нартай бороо, давхар солонгон хадагтай тослоо. Их Юань улсын дээд нийслэлийн туурь оршдог энэ хошуунд цус нэгтэй ар Монголын 12 сэтгүүлч зорин очиж байгааг билэгшээн угтах мэт.
Үзэсгэлэнт Шандын шар цэцэгт талд Хубилай хааны зуны ордон өргөө-дээд нийслэлийн туурь орших агаад энэ нутагт их эрдэмтэн, одон оронч, математикийн шинжлэх ухаанд монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн суутан Шарайн Мянгат хэмээх алдартан төрсөн билээ.
Шандын шар тал бол их хааны зуны зуслан ордон өргөө төдий биш, Хархорумтай ижил зиндааны их нийслэл бөгөөд энэ талын байгалийн зохицол, байдал нь Орхоны их хөндийтэй эрхгүй ижил санагдаж байв. Шандын шар цэцэгт талын салхи нь хүртэл түүхээ хүүрнэх мэт сэвшин үлээж байсныг дурдалгүй өнгөрч боломгүй.
Хубилай хаан хаврын сар гармагц төрийн бүх үйл хэргээ аваад, хишигтэн, хэвтүүл, хатан, агиа, дагуулаад энэ нийслэлдээ нүүдэллэн ирж, улсаа засагладаг байсан түүхийг хөтөч бүсгүй Ургамал тайлбарлах юм. Анхны одон орны судалгааны төв ч энд байсныг илэрхийлэх туурь дотоод нийслэлийнх нь хойд талд байв.
Монгол Улсын минь мөнхийн хөрш болсон Хятадыг нэгэн дээвэр доор эмхлэн байгуулсан Хубилай хаан 80 насалсныг билэгдэж, шуумлыг нь 80 тонн жинтэй урласан хэмээн хөтөч ярьж байлаа. Шуумал гэж нэрлэх уг хөшөөг 7.51 метрийн өндөртэй хийсэн нь эл нийслэлийг Шандын шар талд (1256 он) байгуулснаас хойш хөшөөг урлаж дууссан 2007 он хүртэл 751 жил өнгөрснийг илэрхийлсэн гэнэ.
Хөтөч бүсгүй Хөшөөний урт 34 метр байгаа нь Хубилай хаан Юань гүрнийг 34 жил захирсныг илэрхийлсэн утгатай. Зургаан метрийн зузаан хийсэн нь бас л учиртай гэх. Юань гүрэнд 11 хаан эзэн сууснаас Хубилай хааныг оролцуулаад ердөө зургааг нь л Юанийн дээд нийслэл Шандад хаанд өргөмжилснөөс үүджээ.
Хөшөөний голд мэдээж Хубилай хааны сүрлэг дүрийг товойлгосон бол зүүн гар талд нь Шандад хаан өргөмжлөгдсөн бусад таван хааны дүрийг товойлгосон байна. Өлзийт Төмөр хаан, Хайсан Хүлэг хаан, Аюурбарбад Буянт хаан, Төвтөмөр Заяат хаан болон Юань гүрний сүүлчийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр нарыг ийнхүү дүрсэлж.
Юань гүрнийг байгуулахаасаа ч өмнө Хубилай хаан эрдэмтэн мэргэдээ дээдлэн өөрийн дэргэд шадарлуулдаг, ухаант зөвлөхүүдээр өөрийгөө хүрээлүүлж байсан гэдгийг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Юань гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг төлөвлөсөн Лию Бинг Жун, Одон орон судлалын төвийг үүсгэн байгуулагч перс гаралтай эрдэмтэн, одон орон судлаач Жамал-ад-Дин, улс төрийн зөвлөх Ёо Шү, Шанд болон Бээжин хотын усан сангийн системийг зохион бүтээж, гардан байгуулсан инженер, математикч Гүо Шү Жин, дөрвөлжин үсгийг зохиосон, улсын их багш Пагва лам болон Дорныг Өрнөдөд аяллын тэмдэглэлээрээ танилцуулсан Италийн алдарт жуулчин Марко Поло нарын дүрийг дараалуулан товойлгожээ. Энэ сүрлэг хөшөөг Шулуун хөх хошууны төвөөс зүүн тийш 28 км-ын зайд орших Шанд хотын туурийн өмнөхөн сүндэрлүүлсэн байгаа юм.
Шанд нь гадар, дотор, цэцэрлэгт хот гэсэн гурван давхар хоттой. Дотор хотод хаан эзэн төрийн хэргийг явуулдаг байж. Хотын хэрмийг тоосгоор барьсан бөгөөд дотор хотын тууринаас хэдхэн жилийн өмнө таван хумст лууг дүрсэлсэн багана олджээ. Амар хялбар аргаар баяжих гэсэн эрний эдлэлийн хууль бус наймаачид булш хиргисүүрийг сүйтгэж явдаг болохоор таван хумст луун дүрстэй баганыг хулгайлан авч, зарахыг оролдон гэмтээсэн байна.
Тиймээс Хятадын хууль сахиулагчид гэмт хэрэгтнүүдэд хатуу шийтгэл ногдуулаад жинхэнэ эхийг нь Шанд дахь Юанийн түүхийн музейд залж, дуураймал чулуун баганыг археологийн малтлагаар олдсон чигээр нь, тухайн үед ургаж байсан болов уу гэмээр модны хатсан ёзоортой хамт шилэн хоргонд байршуулан жуулчдын нүдийг хужирлаж байх юм.
Үргэлжлэл бий.