Өдгөө нийслэл дэх ногоон байгууламж 5000 га талбайг эзэлдгээс 350 орчим га нь хүний гараар бүтжээ. Тодруулбал, хот тохижилтын ажилтнууд ийм талбайг “ногооруулсан” аж. Тэгвэл энэ жилээс цэцэрлэгчдийн ажлыг хөнгөвчлөх шинэ, дэвшилт технологи туршиж эхэлсэн байна.
Замын хажуу талаар усны замаг шиг шингэн ногоон зүйл цацсан буйг та анзаарсан байх. Нийслэлийн Хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Билигсайханаас энэ талаар тодрууллаа.
-Барьцалдуулан наалдуулагч гэх эл технологи ямар ач холбогдолтой юм бол?
-Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, зүлэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс манай алба энэ жилээс барьцалдуулан наалдуулагч буюу гидро цацалтын технологи туршиж эхэллээ. Эл технологийг өмнө нь нийслэлийн зарим аж ахуйн нэгж туршиж байсан ч энэ жилээс нэлээд ач холбогдол өгч, өргөн хүрээнд ашиглаж байна. Бид зүлэг тарихдаа эхлээд хөрсөө боловсруулж, хар шороогоо дэвссэний дараа үрээ цацдаг.
Дараа нь элс цацаж, шаардлагатай тохиолдолд бордоод, усалдаг. Тэгвэл гидро цацалтын технологи нь энэ бүх үйл ажиллагааг хөнгөвчилдөг юм. Өөрөөр хэлбэл, боловсруулж, бэлтгэсэн хөрсөн дээр барьцалдуулан наалдуулагч (үр, бордоо, ус хольж найруулсан шингэн) шүршиж цацаад л болчихно. Ингэж нэрлэсний учир нь энэ шингэн хөрсөнд маш сайн бэхжиж, тогтдог. Бордоотой учраас гар аргаар тарьсан зүлэгнээс сайн ургана. Амьдрах чадварын хувьд ч илүү.
Гидро цацалтын технологи хөгжингүй орнуудад нэлээд өргөн дэлгэрсэн. Тэр дундаа гольфын болон нийтийн эзэмшлийн гудамж, талбайг зүлэгжүүлэхэд голдуу ашигладаг. Хэвгий газарт ургамал, ногоо тарихад бэрхшээлтэй байдаг. Үр нь тогтохгүй хийсэх, эсвэл услахаар урсаад алга болчихдог зовлонтой.
Тэгвэл барьцалдуулан наалдуулагч нь налуу болон эгц газрын алинд нь ч маш сайн бэхжиж ургадаг онцлогтой. Мөн хүний хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж, гар ажиллагааг хөнгөвчилсөн дэвшилт технологи юм.
Гидро цацалтын төхөөрөмжийг туршиж буй нь
-Үүнийг тусгай төхөөрөмжөөр шүршдэг гэсэн. Өдгөө хэчнээн ийм төхөөрөмж байгаа вэ. Тоог нь нэмэх үү?
-Гидро цацалтын төхөөрөмж ганцхан бий. Цаашид нийслэлийн бүхий л зүлгийг ийм технологиор тарих учраас төхөөрөмжийн тоог нэмэх шаардлагатай.
-Эл төхөөрөмж багтаамжийн хувьд ямар вэ. Шингэнээ хэрхэн бэлтгэдэг талаар дэлгэрэнгүй ярихгүй юү?
-Гурван тоннын багтаамжтай. Барьцалдуулан наалдуулагч бордоо 12 кг-ын савлагаатай ирдэг. Түүнийг тодорхой стандартын дагуу ус, үртэй хольж найруулна. Тодруулбал, ийм хэмжээний бордоог төдөн литр ус, үртэй холино гэсэн заавар бий.
Үүний дагуу найруулаад хоёр цаг хэртэй хутгана. Бас нэг онцлог нь, барьцалдуулан наалдуулагчаа төхөөрөмждөө хийгээд холоос буудаж, цацаж болдог.
-Хөрсөө бэлтгэчихсэн байхад л болох юм байна, тийм үү?
-Тийм. Барьцалдуулан наалдуулагчаа цацаад л болчихно.
-Төхөөрөмж нь хэдий хэрийн өртөгтэй юм бол?
-Гидро цацалтын төхөөрөмж болоод барьцалдуулан наалдуулагчийг зөвхөн АНУ-д үйлдвэрлэж, экспортолдог учраас өртөг өндөртэй гэж дуулсан. Тодорхой хэлж мэдэхгүй байна.
-Тэгвэл энэ технологийн дагуу нийслэлийн аль бүсэд цэцэрлэгжүүлэх ажил хийж байна вэ?
-Энхтайваны өргөн чөлөөний зарим хэсэгт буюу Баруун дөрвөн замаас 25 дугаар эмийн сан, Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх газруудад туршсан. Мөн Нарны зам дагуух газрууд болон Тасганы овооны орчимд хэд хэдэн хэвгий хэсэгт гидро цацалтын аргаар зүлэг тарьсан.
Авто замтай хэт ойрхон, тусгаарлах зурвас нарийн, гар аргаар зүлэгжүүлэхэд цэцэрлэгчдийн аюулгүй байдалд эрсдэлтэй газруудыг юуны түрүүнд сонгож, туршсан юм. Энэ технологиор тарьсан зүлэгнүүд эхнээсээ үрлээд, ногоороод сайн ургаж байгаа.
Улаанбаатарт бид өөрсдийн хариуцдаг 25 гудамжийг гар аргаар болон гидро цацалтын технологиор нөхөн зүлэгжүүлээд дууссан.
-Энэ ажилд өнөө жил хэдэн төгрөг төсөвлөсөн юм бол?
-Бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулаад, тусгасан төсөвтөө багтаан хариуцсан гудамж, талбайгаа зүлэгжүүллээ. Өмнөх жилүүдийнхтэй дүйх хөрөнгө төсөвлөсөн болов уу.
-Тухайн газар орны байгаль, цаг уурын онцлог, иргэдийн үйл ажиллагаанаас болоод энэ технологиор зүлэгжүүлэхэд ямар нэг саад учирдаг болов уу?
-Энэ шингэнийг дөнгөж цацсаны дараа ногоон, наранд халаад удахаараа хүрэн, шар ногоон өнгөтэй болдог. Хүмүүс “Ногоон байгууламжийн талбайд юу цацчихав аа” гээд их гайхаж байгаа харагдана лээ. Зарим нь янз бүрийн хаягдал гэж бодсон байж магадгүй.
Энэ талаар мэдээлэлгүйгээсээ болоод дээгүүр нь туучаад гарчихаж мэднэ. Гэхдээ өнөө жил ногоон байгууламжтай бүх хэсэгт зүлгээ хамгаалаад хаалт хийсэн учраас гайгүй болов уу.
-Ихэвчлэн шөнийн цагаар энэ шингэнийг шүршдэг гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Төхөөрөмж овортой учраас зорчих хөдөлгөөнд саад болохгүйн тулд оройн цагаар тарьсан юм.
-Гар аргаар тарьсан зүлэгтэй харьцуулахад хэр их усалгаа шаардах бол?
-Нэг их ялгаагүй. Гэхдээ энэ зун ган гачигтай байх сурагтай. Тэгэхээр нэлээд арчилгаа шаардах болов уу. Харин ургахын хувьд хавь илүү байх нь дамжиггүй.
-Барьцалдуулан наалдуулагчаа бэлтгэхдээ зүлэгнээс өөр төрлийн ургамал, цэцэгний үр хольж болох уу?
-Бололгүй яах вэ. Бидний одоо туршиж буй нь л зүлэгний үр байгаа юм. Гэхдээ зүлэгний үр хэмжээгээрээ хамгийн тохиромжтой нь юм шиг санагдсан.