ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА, ТИЙМ ТӨР БАЙНА
Ерөнхийлөгчийн анхны (1993 оны) сонгуульд 92.7 хувьтай оролцож байсан монголчууд 2013 онд 63.89 хувийн ирцтэйгээр Төрийн тэргүүнээ сонгосон. Энэ нь өмнөх буюу 2009 оныхоос 10 хувиар буурсан үзүүлэлт. Зөвхөн Ерөнхийлөгчийн ч гэлтгүй бүх сонгуулийн ирц жилээс жилд уруудаж буйг улс төр судлаачид хэлдэг.
Сонгуулиас сонгуульд иргэдийн идэвх суларсан үзүүлэлт гарч буйн буруутнаар судалгааны байгууллагууд залуусыг нэрлэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Арга ч үгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд л гэхэд 60-аас дээш насныхны 97, 50-60 насныхны 90.3, 45-50 насныхны 83.8, 30-45 насныхны 77.2, 25-30 насныхны 65.2, 18-25 насныхны 50.8 хувь нь оролцсон гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна билээ.
Ид хийж бүтээж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцон, сайн, муутай нь хутгалдаж, цогцлоосон төрийнхөө алдаа, оноог биеэрээ мэдэрч яваа идэр насныхан, ирээдүйн эзэд болсон залуус сонгуульд оролцохоос хойш сууж, бусдад, тэр тусмаа нэг намын тогтолцоонд насаа элээсэн ахмадуудад сонгох эрхээ ацаглаж буйг дээрх судалгаа тодорхой харуулж байгаа юм.
Мөн хөдөөгийн сонгогчид нийслэлийнхнээс илүү идэвхтэй оролцдог гэсэн дүгнэлт уг судалгаагаар гарсан. Тодруулбал, өнгөрсөн УИХ-ын сонгуульд орон нутгийнхны идэвх 63.14, нийслэлийн иргэдийнх 48.06 хувьтай байв.
Хүн амын арай боловсролтой, эрүүл хандлагатай хэсэг улс төрөөс залхах хандлагатай нь улам тод ажиглагдах болсон гэж нэгэн улс төр судлаач хэлсэн. Сонгуульд саналаа өгөхгүй гэсэн шийдвэр гаргасан хүмүүс хоёр янзын тайлбар хэлдэг. Эхний хэсэг нь “Улстөрчдөд хууртсаар залхаж, тэдэнд дахин итгэл хүлээлгэхээс татгалзаж буй” гэнэ. Нөгөө нь “Хэн ч сонгогдсон байдал дээрдэхгүй. Тиймээс бид саналаа өгсөн, өгөөгүй ялгаагүй” гэдэг. Тийм ээ, аль алин нь үгүйсгэж боломгүй шалтгаан.
Гэхдээ энэ хандлага нь яван явсаар өөрийнх нь эсрэг үйлдэл болчихдогийг бодолцох цаг болжээ. Юмны учир начрыг ойлгодог, наад зах нь улстөрчид итгэл даахгүй байна гэсэн дүгнэлтийг өөртөө хийчих хэмжээний хүмүүс сонгуульд оролцохоос татгалзчихаар итгэл хүлээлгэх чадваргүй, бусармаг аргаар төрийн эрхэнд гарах гэсэн нөхөд дураараа дургиж, зорилгоо биелүүлж байна.
Таныг сайн дураараа тоглоомноос гарч, нүдэн балай чихэн дүлий суух хооронд худал амлалт, бохир өрсөлдөөнд тархиа угаалгасан харанхуй масс атга гурил, үмх махаар саналаа худалдаж, хүсээгүй хүнийг чинь дэмжиж гаргасаар нэг бус сонгуулийг үдлээ. Саналаа өгөхөөс татгалзсанаар муу нэр дэвшигчдийг, муу хүн дэвшүүлсэн улс төрийн хүчнийг бус, өөрийгөө, хойч үеэ хохироож буйгаа харин “хэт ухаантай” сонгогчид ойлгодоггүй нь харамсалтай.
СОНГОЛТ ҮРГЭЛЖ БАЙДАГ
Сонгуулийн ирц буурч байгаа тухай, хамгийн идэвхтэй байх ёстой залуус сонгуульд хамгийн хойрго ханддаг талаар, энэ нь төр, засгийг бүрдүүлэхэд бодитойгоор нөлөөлж буйг сануулсан нь санаандгүй хэрэг биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр болоход долоо ч хүрэхгүй хоног үлдлээ. Төрийн тэргүүнээ тодруулах долоо дахь удаагийн сонгуулийн ирц хүрэх үү, эхний санал хураалтаар 50+1 хувийн санал авч чадах уу гэдэг нь нэр дэвшигчдийн хувьд томоохон сорилт болоод байна.
Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж нийт сонгогчийн ердөө 32 хувийн саналыг авсан. Тодруулбал, 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн 1.239.784 сонгогчоос 63.89 хувь буюу 792.097 нь саналаа өгсөн. Үүний 50.23 хувь буюу 397.870 нь Ц.Элбэгдоржийг дэмжсэн юм. 50.23 хувийн дэмжлэг гэдэг бол арай гэж босго давсан гэсэн үг.
Сонгогчид, тэр дундаа залуус хандлагаа өөрчлөхгүй бол энэ жил сонгууль дахин сонгууль хийх, их л сайндаа нийт сонгогчийн 30 хүрэхтэй, үгүйтэй хувийн саналаар Ерөнхийлөгч тодрох магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах зардалд 15 тэрбум төгрөг төсөвлөөд буй. Татвар төлөгчдийн халааснаас гарч буй энэ их мөнгийг салхинд хий дэмий хийсгэхгүйн тулд, нийт сонгогчийн 30-хан хувийн дэмжлэгийг авсан Ерөнхийлөгчтэй болохыг хүсэхгүй бол сонгуульдаа идэвхтэй оролцох нь иргэн бүрийн үүрэг.
“Нэр дэвшиж буй гурвын хэнийг нь ч дэмжмээргүй байна. Сонголтгүй сонгууль боллоо” гэцгээж буй хүмүүсийг буруутгах аргагүй ч тэдэнд “Ардчилал бидэнд хамгийн бага үзэн яддаг хүнээ сонгох боломжийг олгодог” гэсэн Роберт Байрны үгийг сануулъя. Арван хуруу тэгш хүн байхгүй. Энэ их хар пиарын дундаас гэмгүй хүнийг олоход бэрх. Тэгэхээр бидний санаанд 100 хувь нийцэх нэр дэвшигч одоо ч, цаашид ч олдохгүй.
Харин бид нэр дэвшигчдийг тал талаас нь ул суурьтай шинжиж, арай дээр гэснээ өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгох нь хамгийн зөв шийдэл юм. Ингэх нь саналаа өгөхгүй эсэргүүцлээ илэрхийлснээс хамаагүй дээр. Та саналаа өгөхгүй бол дургүй нэр дэвшигчдээ л тусалж буй хэрэг. “Саналаа өгөөгүй сайн иргэд муу түшээдийг сонгодог” гэсэн зохиолч Жорж Жан Натаны үг ч бий.