Төмөр замын өртөөний нэг өдрийг сурвалжлахаар Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 275 дугаар галт тэргэнд өнгөрсөн пүрэв гаригийн орой суугаад бодлоо. Өртөөний тухай, ер нь төмөр замынхны тухай ямар кино байдаг билээ гэж. Орчин цагт манай залуус “Өртөө”, “Зөрлөг” гэх мэт кино хийсэн ч үнэндээ нэр шигээ сэтгэлд тод үлдсэн нь юу билээ.
Галт тэрэг хөдлөх, зогсох тоолонд дарцгаа өргөн, “Аа-шийййй-мойййй” гээд өндөр дуугаар анхааруулдаг Моеэгийн аавын дүр гэтэл ой тойнд илүү тод үлдсэн байх юм. “Ашимой” өртөө хэмээх жижиг суурингийн хүмүүсээр дамжуулан амьдралын эгэл үнэнийг элдэв хачиргүйгээр үзүүлсэн болоод тэр юм уу, олон хүний сэтгэлд уг бүтээлийн аядуу зөөлөн дотоод хэмнэл нь хадагдаж үлдсэн шиг байдаг.
Ийм хэмнэл, тийм эгэл үнэний битүүхэн эрэлтэй “Олон-Овоо” өртөөнд буулаа.
23.13 цаг. УБТЗ-ын “Чойр” хэсэглэлийн харьяа “Олон-Овоо” өртөөн дээр биднээс гадна хоёр хүн буусан юм. Зурагчин бид хоёрыг тосож авна гэсэн өртөөний дарга эмэгтэй байсангүй. Тиймээс хэдүүлээ урд хойноо орж алхсаар өртөөний байранд очив. Эндхийн хүмүүс бүгд яаруу ажилтай байгаа бололтой, станцаар ярих нь ярьж, нааш цааш гүйлдэнэ.
Удалгүй цаад өрөөнөөс бидний үеийнх болов уу гэмээр бүсгүй гарч ирэн “За, сайн явж ирцгээв үү. Замын их засварын 83 хопер вагоны ачилтыг бид энэ шөнөдөө багтаж хийлгэх гээд сандарч байна. Манай өртөөний замын багтаамж хүрэлцээгүй тул ачилтыг түргэн шуурхай хийж, эхний галт тэрэгнүүдийг явуулахгүй бол дараа дараагийнх нь хүлээгдээд хэцүүддэг юм” хэмээн тайлбарласан нь өртөөний дарга Б.Мөнгөн-Эрдэнэ аж.
2008 онд Төмөр замын дээд сургуулийг төгсөнгүүтээ “Чойр” өртөөнд хуваарилагдсан тэрбээр гурван жилийн өмнө эндхийн даргаар томилогдон иржээ. Дарханд төрж, Улаанбаатарт өссөн хотын унаган охины хувьд говийн зэлүүд бяцхан сууринд ажиллаж, амьдарна гэдэг эхэндээ бүтэшгүй зүйл мэт байсан ч ээж, аав, эмээ, өвөөгийнх нь бүх насаараа зүтгэсэн төмөр замын байгууллагын хамт олон түүнийг халуун дотно хүрээлж авсан учраас удалгүй идээшсэн гэнэ.
Өртөөний дарга биднийг хоноглох газарт маань хүргэж өгөөд, ажил руугаа буцав.
08.00 цаг. Байн байн зүтгүүрийн дохио хангинаж, дээрээс нь Чулуун заводын үйлдвэрийн хүнд машин механизмын хүнгэнэх чимээ, дөрвөн зэрэг ажиллах том бутлагчуудаас гарах пургисан цагаан тоос гээд баргийн хүний амар заяаг үзүүлэхгүй тийм орчин нөхцөлд унтана гэдэг тэвчээр сорьсон хэрэг аж. Гэвч амны билгээс ашдын билэг үүддэг тул өглөө өртөөн дээр даргатай уулзахдаа бид жигтэйхэн сайхан амарлаа гэж хэлсэн л дээ.
“Олон-Овоо” бол 1974 онд 25 дугаар зөрлөг нэртэйгээр байгуулагдсан, 1987 онд III зэргийн өртөө, МАК компанийн нүүрсний тээвэрлэлтийг хийж эхэлснээр 2009 онд ачилтын II зэргийн өртөө болон өргөжсөн түүхтэй. Үнэндээ өнгөрсөн гуравдугаар сард “Дорноговь аймгийн “Олон-Овоо”-гийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар монголчууд анх удаа нүүрс тээвэрлэж эхэллээ” гэдэг мэдээлэл түгэх хүртэл тийм ч олон хүн энэ өртөөний талаар мэддэггүй байсан болов уу.
Гэтэл энд 1000-аад хүний ажил, амьдрал өрнөдөг юм билээ. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын V багийн төв 700 гаруй уугуул оршин суугчтай бөгөөд үүн дээр түр ажиллаж, амьдардаг 300-гаад хүнийг нь нэмэхээр багахан сумын дайны хүн амтай гэсэн үг. Оршин суугчдын бараг тал нь үйлдвэр, уурхай, төмөр замын ажилтан, албан хаагчид, тэдний ар гэрийнхэн байдаг учраас хөдөөгийн бусад сум, багийг бодоход энд ажилгүйдэл, ядуурал харьцангуй гайгүй гэнэ лээ.
Өдгөө МАК-ын цемент, шохойн аварга үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд дахиад 800 орчим ажлын байр шинээр бий болох гэнэ.
10.20 цаг. “Олон-Овоо” өртөөний 718 дугаар гарам зориулалтын хаалтгүй, жижүүргүй байсан нь эрсдэл дагуулдаг тул үүнийг хааж, шинэ гарам нээх арга хэмжээ энэ өдөр болох гэнэ. Тиймээс өртөөний дарга шинэ гарам засаж, тохижуулж байгаа замынхан дээрээ очиж, ажлын явцтай танилцахаар явлаа.
ЗТХЯ, УБТЗ-аас комисс гармыг 14.00 цагт хүлээж авах бөгөөд “Чойр” өртөөний Замын III ангийн дарга Б.Ариунболд тэргүүтэй албаны хүмүүс тэднээс түрүүлж иржээ. Тал дээр ганц жижиг цагаан байшин торойх нь жижүүрийн байр аж.
“Өртөөний замчид бол цасан шуурганд ч, аадар борооноор ч хүрз, багаж хэрэгслээ бариад ажилдаа гардаг онцлогтой хүмүүс. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хариуцдаг учраас манайхан ажил, амралтын 24 цагт байнгын бэлэн байдалд байдаг. Ялангуяа манай өртөө “Чойр” хэсэглэлдээ их ачаалалтайд нь ордог. Өнөөдөр хагас автомат тоноглолтой шинэ гармаа нээж байгаадаа баяртай байна. Урьд нь ямар ч дохиолол, хамгаалалтгүй IV зэргийн гарамтай байхад галт тэрэгний урдуур авто машин өнгөрснөөс болж хэд хэдэн удаа зогсоосон тохиолдол гарсан. Одоо шинэ гарамтай болсноор бидний ажил бага боловч хөнгөрнө” хэмээн УБТЗ-ын Замын III ангийн долдугаар хэсгийн мастер Д.Батжаргал ярилаа.
Төмөр замд 30 дахь жилдээ ажиллаж буй тэрбээр тус өртөөнд таван жил мастер хийж буй бөгөөд замын 26 ажилтнаа хариуцдаг байна. Эхнэр нь мөн л энд гармын жижүүрээр ажилладаг. Том охин нь эндхийн багийн эмчээр ажиллаж байгаад өдгөө жирэмсний амралтаа авсан бол бага хүү нь Чойрт арванхоёрдугаар ангид сурдаг аж. Өртөөний дарга “Батжа ахаа, танаас авах ганц нэг бичиг сэлт байна” гэхэд “Сүүлд Улаан буланд очихоор аваарай” хэмээгээд тэр цааш алхлаа.
11.00 цаг. “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны багийнхан 11 цагт иргэд сонгогчидтой уулзалт хийх тул та бүхэн өргөнөөр оролцоно уу” гэж цагаан хоолойгоор өглөөнөөс хойш зарласан нь энэ өртөөнд өнөөдөр болох бас нэгэн чухал үйл явдал гэлтэй. Гэхдээ 11.00 цагт биднийг тэнд очиход ижил футболка, малгайгаар жигдэрсэн намынх нь “фэнүүд”-ийг эс тооцвол тийм ч олон хүн цуглаагүй байв.
Орон нутгийнхан ингэж улстөржихөө байсан уу, эсвэл ихэнх нь ажил төрөлтэй хүмүүс учраас амжаагүй юү мэдэхгүй. Харин уулзалт дундаа орж байхад дүрэмт хувцастай 20 орчим хүн нэмж ирсэн нь МАК-ын ажилчид гэнэ.
“Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг гишүүн нар ирчихээд байна. Уулзалт болж байгаа газар руу бушуухан оч гэлээ” гэсээр төмөр замын хэдэн ажилчин бас хажуугаар яаран зөрнө лээ.
12.30 цаг. Б.Мөнгөн-Эрдэнэ дарга шинэ гармаа улсын комисст хүлээлгэж өгөх гээд ажил ихтэй байсан ч Чойроос очсон төлөөлөгчид болон биднийг хоолонд оруулахаар Чулуун заводын ажилчдын байр руу аваачлаа. Энд үйлдвэрийн ажилчдаас гадна төмөр замынхан хооллодог аж. Мөн “Олон-Овоо”-гийн өртөөнд очсон зочид гийчдийг ч цайлж, ундалдаг гэнэ.
Өртөөний дарга биднээс түрүүлэн дотогш гүйж орсон юм, “Хотоос ирсэн сэтгүүлч, Чойрын дарга нар хооллоно” гэсэн бололтой. Дунд эргэм насны, махлагдуу зөөгч хүүхэн хурдан шаавай гэгч нь хөдөлж, ширээнийхээ хуучин хулдаасан бүтээлгийг хуу татан, оронд нь хүрэн атласан бүтээлэг хоёрыг эгнүүлэн дэвсээтэхэв. Бас болоогүй, дээр нь гоёмсог шар нөмрөг хошуулдан давхарласнаар өнөө хоёр ширээ өнгө дизайны хувьд бусдаасаа эрс ялгаран, гайгүй шиг зоогийн газрыг санагдуулах авай.
Ажилчдын энэ өдрийн хоол цуйван байсан тул бид ч түүнээс нь хүртэв. Говийн бүгчим халуун салхинд гадуур нэлээд явсан тул ам цангаад, бор цайнаас нь дахиад ууж болох, эсэхийг лавлахад тогооч эгч “Бололгүй яах вэ” гээд 10 литрийн том цэнхэр хувинтай цайгаа ширээн дээр авчраад тавьчих нь тэр.
“Манай эндхийн ус их хатуулагтай учраас наад цайнаасаа хамаагүй ууж болохгүй шүү. Би анх ирэхдээ мэдэхгүй, баахан уугаад, гэдэс эвгүйрхэж хэцүүдсэн” хэмээн өртөөний техникч Э.Оргилболд хажуугаас сануулсан учраас тэгсхийгээд бид тэндээс гарцгаав.
14.10 цаг. 720 дугаар гармыг хүлээж авах улсын комисс газар дээр нь очиж танилцсаны дараа өртөөний уулзалтын танхимд хуралдахаар оров. Энэ хооронд бид өртөөний зарим ажилтантай уулзлаа. Өртөөний 45 ажилтнаас хамгийн ахмад нь буюу хоёр жилийн дараа өндөр насны тэтгэвэрт суух Б.Цэцэгсүрэн кассир (тооцооны оператор), тасалбарын нярав гэсэн хоёр ажил давхар хашдаг.
Дундговь аймгийн харьяат тэрбээр хань Ө.Чүлтэмийгээ даган тэртээ 1987 онд Чулуун заводын үйлдвэрт ирж байсан бөгөөд “Олон-Овоо”-гийн өртөөнд 30 жил ажиллаж, амьдарч буй. “Энгийн хүн ирээд харахад зэлүүд, уйтгартай нутаг юм шиг боловч бидний хувьд бол энэ өртөө хамаг амь амьдрал минь гэж хэлж болно. Энд бидний залуу нас, хүсэл мөрөөдөл, дурсамж дурдатгал бүхэн минь бий” хэмээн хуучилсан Б.Цэцэгсүрэн эгч тэтгэвэртээ гарсан ч эндээ амьдрах бодолтой гэнэ.
Түүний тайлан тооцооноос харахад энэ оны эхний зургаан сарын байдлаар тус өртөөгөөр 2580 хүн зорчих төлөвлөгөө батлагдсанаас өдгөө 3130 хүн зорчсон буюу 121 хувийн биелэлттэй явж байгаа аж. Ер нь сүүлийн жилүүдэд “Олон-Овоо”-гийн өртөөний ачилт, зорчигч тээвэр болоод орлого ч тогтмол өсөж буй гэнэ.
15.40 цаг. Өртөөний аж байдалтай танилцахаар хэсэг явлаа. Мотоцикл хөлөглөн, энэ тэрүүгээр сэлгүүцсэн, эсвэл холбоо, банк, захиргааны байрны гадна хийх юмгүй гиюүрсэн, дэлгүүрийн гадна хэд гурваараа хөлчүүрхсэн залуус хөдөөд элбэг байдаг даа. Энэ өртөөнөөс харин тийм дүр зураг ажиглагдсангүй.
Ер нь 1000 гаруй хүнтэй гэхээргүй нам гүм, ажин түжин суурин юм билээ. Хаа нэг хүүхдээ салхилуулж байгаа ээжүүд, байшингийн сүүдэр бараадсан хөгшид, дугуй жийсэн хүүхдүүд л харагдах аж. Харин энэ бяцхан суурингийн төв цэгт байх сагсан бөмбөгийн талбай хөл хөдөлгөөнтэй байдаг нь илт.
Өртөөнд (угтаа бол багийн хэмжээнд) ганц бага сургууль, төмөр замын харьяаны нэг цэцэрлэг байдаг ч одоо аль аль нь амарсан тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ энэ их тоос шороо, нүүрсний тортгоос түр боловч холдуулах гээд ийш тийш нь явуулдаг гэнэ.
Эндхийн хүн амын 70 гаруй хувь нь хүүхэд, залуус атал тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх урлаг, спортын ямар ч танхим, байдаггүйд оршин суугчид жаахан гомдолтой явдаг юм билээ. Нэг байшингийн буланд “Караоке энд паб” гэсэн сүрхий хаяг байсан ч тэр нь хүн үйлчлүүлээд байхаар тохь тухтай газар биш гэнэ. Мастер Д.Батжаргалын хэлээд байсан улаан булан нь миний төсөөлсөн шиг багийн Соёлын төв бус, харин ахын хариуцдаг замынхны ажлын байр юм санж.
Улаан хаалгатай, улаан тоосгон байшингаа заагаад, тэрбээр “Энэ өртөөнд лав байхгүй тансаг ажлын байр шүү, манайх” гээд инээсэн. Өртөөний залуус урлаг, спортоор “Чойр” хэсэглэлд төдийгүй бүстээ ямагт дээгүүр амжилт үзүүлдэг бөгөөд ингэхдээ сумын төв рүү явж бэлтгэл хангадаг гэнэ. Даланжаргалан сумын зүрх нь болсон “Олон-Овоо”-гийнхон байгалийн баялгаараа орон нутагтаа хамгийн их ашиг орлого төвлөрүүлдэг хэрнээ V багийн төв хамгийн хөгжил муутай хэвээр байдагт иргэд шүүмжлэлтэй хандах нь аргагүй биз.
“Чингисийн хар алт” компани манай энд спорт цогцолбор барьж өгөх гээд ажлаа эхлүүлсэн. Тэр барилга хурдан ашиглалтад орвол мөн ч хэрэгтэй байна даа хэмээн нэгэн залуу ярилаа. Боломж бололцоондоо тохируулаад, сүүлийн жилүүдэд эндхийн залуус шагай харваагаар хичээллэх нь нэмэгдсэн гэнэ.
16.55 цаг. Улаанбаатар-Сайншандын чиглэлийн суудлын 285 дугаар галт тэргийг энэ өдрийн туслах жижүүр Д.Мөнхцэцэг, вагон үзэгч М.Оюунболд нар угтан авч, үдэн гаргаж өглөө. Урьд шөнө бидний ирсэн галт тэргийг ч тэд угтан авчээ. Энэ удаа өртөөнөөс хоёр хүүхэд, гурван том хүн вагонд суусан бол зөрөөд, нэг хүн баахан ачаа тээштэй буув.
Хоёр минутад амжиж ачаагаа буулгах гэж хэрэндээ яарах эр тосож буй хүнээ “Бушуулаач, хурдан гүйгээч” хэмээн бачимдах аж. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хянаад, шар дарцаг өргөн аян замд нь үдэж буй бүсгүйг харахад “Аа-шийййй-мойййй” гээд бүдүүн дуугаар хэлдэг мөнөөх аавын дүр мөн л сэтгэлд буулаа.
19.00 цаг. Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх бүх чиглэлийнхэнд хамаатай шуурхай ажлын илтгэл (радио хурал) болдог аж. Нэг вагон ачилтанд тэнцээгүйг эс тооцвол энэ өдөр “Олон-Овоо” өртөөнд хамаатай асуудал гараагүй гэнэ. Зургадугаар сарын 15-ны 17.00 цагаас 16-ны 17.00 цагийн хооронд эндээс 48 вагон экспортын нүүрс ачсан бол Хөтөл, Улаантолгой руу 192 вагон нүүрс, балласт ачжээ.
Экспортын нэг вагоноос сая төгрөгийн тээврийн зардал авдаг гэхээр зөвхөн өнөөдөр л гэхэд уг өртөө улсад 48 сая төгрөг төвлөрүүлсэн гэсэн үг. Мөн “Өргөн”-”Долоодын хөндий”-н зөрлөг хоорон дахь замын их засварын цонхны ажилд зориулсан ул шороог Баянбуурал руу 138 вагоноор ачуулсан тухай мэдээгээ техникч Э.Оргилболд танилцууллаа.
УБТЗ-ын хэмжээн дэх 80 орчим өртөөнөөс ганц “Олон-Овоо” л замын их засварын түүхий эдийг нийлүүлдэг юм байна. Ингээд ээлж солилцох ажил эхлэв.
20.20 цаг. Өртөөний даргатай ярилцах зав одоо л гарав. “Цаашдаа эдний өртөө улам ачаалалтай болно. Ер нь эмэгтэй хүнд арай л ахадсан ажил шүү” хэмээн “Чойр” өртөөнөөс ирсэн нэгэн дарга Б.Мөнгөн-Эрдэнийн ажлыг тодорхойлсон нь ортой аж. “2017 оны эхний зургаан сар яаж өнгөрснийг үнэндээ анзаарсангүй. Шинэ бүтээн байгуулалтын ажлууд, мөн Хятад руу шууд экспорт хийж эхэлсэнтэй холбоотойгоор байн байн улсын комисс ирж шалгаад, түүнд бэлтгэсээр нүд ирмэхийн зуур л хоног хугацаа өнгөрч байна даа” гээд тэрбээр инээмсэглэв.
Тус өртөөнийхөн нурмаг нунтаг ачаа ачих терминалын байраа цогцоор нь хоёр хоногийн өмнө хүлээн авчээ. Ингэснээр “Айраг” руу явж, гаалийн бүрдүүлэлт хийдэг байсан цаг ард үлдэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхийн зэрэгцээ галт тэрэгний ачаа таталт мөн нэмэгдэх аж. Түүнчлэн шинээр орон тоо нэмэгдсэнтэй холбогдуулан, залуу ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, 44 айлын гурван давхар орон сууцны барилга эхлүүлж буйгаа тэрбээр онцолсон.
43 жилийн түүхтэй хуучин өртөөн дээр шинэ бүтээн байгуулалтууд өрнөж, шижигнэсэн залуус олноор очиж, гал голомтоо бадраахын өлзий учрал ийн бүрджээ.