УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний реформын үндэсний хорооноос гарахаар болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Учир нь тус хороо 2025 онд хэвлэл мэдээлэлд найман тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан гэнэ. Тэрбээр өнөөдрийг хүртэл Эрчим хүчний реформын үндэсний хорооны олон нийттэй харилцах ажлыг хариуцаж ирсэн ч эл нүсэр санхүүжилтийн талаар огт мэдээгүй гэдгээ хэлэв. “Би улсын төсвийн үр ашиггүй зардлуудыг хасаж, танах ёстой гэсэн хатуу байр суурьтай. Миний хариуцаж буй ажилд, надтай зөвшилцөлгүй ийм өндөр дүнтэй төсөв оруулж ирсэн нь болчимгүй, сэжигтэй үйлдэл. Цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн тус хорооноос гарахаар шийдвэрлэлээ” гэж мэдэгдэлдээ дурджээ.
С.Цэнгүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ эрчим хүчний реформын асуудлыг голчлон хөндөж, энэ чиглэлээр тууштай ажиллахаа зарласан. Парламентад реформын үндэсний хороо байгуулахад ч тэрбээр гол үүрэг гүйцэтгэсэн, 100 гаруй гишүүнээс гарын үсэг цуглуулан, лобби бүлэг байгуулсан юм. Гэтэл өдгөө “Том зорилготой тул мөнгө төгрөгтэй орооцолдохгүй” хэмээн гол зорилгоосоо няцаж байна. Хэдийгээр тэрбээр “УИХ-ын гишүүний хувьд эрчим хүчний реформын ажлыг шахаж ажиллана” гэж байгаа ч үндэсний хороонд, ажлын хэсэгт багтахгүйгээр, асуудлыг дотроос нь биш, хөндлөнгөөс шийднэ гэдэг юу л бол. Улс төрийн “хавх”-нд орохгүй байх болгоомжлолоосоо болоод үндсэн зорилгоо хэрэгжүүлж чадахгүйд хүрэх вий дээ.
Н.ГАН