Монгол Улс хорт хавдрын оношилгооны чанар, хүртээмжээ сайржуулахгүйгээр, тоног төхөөрөмжөө шинэчлэхгүйгээр, эмчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэхгүйгээр энэ өвчинтэй тэмцэж үнэндээ хүчрэхгүй нь ээ. Жил бүр 7000, 8000 хүн уг өвчнөөр оношлогдож байгаагийн 65-70, зарим тохиолдолд 85 хувь нь хожуу шатандаа хавдартай нь илэрч байна. Үүний улмаас гурван хүн тутмын нэг нь оношлогдсон жилдээ, бусад нь таван нас ч нэмэлгүй эндсээр буй. Энэ үзүүлэлт 1990 оноос хойш огтхон ч өөрчлөгдөөгүй нь харамсалтай, бас гунигтай.
Зонхилон тохиолдох хорт хавдрууд III, IV шатандаа оношлогдох тохиолдол өнгөрсөн 20 жилд 3-5 хувиар л нааш, цааш хэлбэлзэж ирснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаа харуулна. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн манай улсын хавдрын оношилгоо, эмчилгээний чадавх үнэндээ муу, техник, технологийн хүчин чадал нь хангалтгүй, эрт илрүүлгийн тогтолцоог одоо болтол бүрдүүлээгүйтэй энэ бүхэн холбоотой юм байна. Үүнийг нотлох цөөнгүй судалгаа ч хийж.
Эмчилгээ, эдгэрэлтийн түвшин дэлхийн дунджаас доогуур
Дэлхийн банкнаас өнгөрсөн тавдугаар сард гаргасан “Монголын эдийн засгийн тойм тайлан”-д “Монгол Улсын эдийн засгийн чадавх 2024 оны байдлаар хорт хавдрын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг бүрэн нэвтрүүлэхэд шаардлагатай санхүүгийн чадамжгүй. Эдийн засаг нь сэргэж буй ч эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дорвитой төсөв хуваарилахгүй байна” гэдгийг онцолжээ. Мөн 2022 онд хийсэн, “Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ технологийн үнэлгээ, судалгаа”-нд хорт хавдрын эмчилгээ, эдгэрэлтийн түвшин дэлхий дунджаас харьцангуй доогуур байгааг, багаж, төхөөрөмжийн чанар, оношилгооны аргууд нэвтрүүлсэн ч дэвшилт технологийг бүрэн дүүрэн нутагшуулж чадаагүйг дурдсан байна. Үүнд эдийн засгийн болон хүний нөөцийн дутагдал голлон нөлөөлснийг ч тэмдэглэжээ.
ДЭМБ, Дэлхийн банкны судалгаагаар, Монголд хорт хавдрын эрт илрүүлэг, эмчилгээний үр дүнг сайжруулах томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг дурдаад, эдгэрэлтийн түвшинг бусад улсын дунджийн адил 70-80 хувьд хүргэх шаардлагатайг зөвлөсөн байв. Жишээ нь, АНУ, Япон, Канадад хорт хавдрын оношилгоо, эмчилгээ нь хамгийн орчин үеийн арга, технологиор, эмийн эмчилгээтэй хослуулан хийдгээрээ үр дүнтэйд тооцогдсон хэвээр. Өөрөөр хэлбэл, оношилгоо, эмчилгээ сайтай улс орнуудын иргэдэд хорт хавдар айдас, дарамт учруулахаа хэдийн больжээ. Эцсийн шатандаа оношлогдсон хавдрыг ч бүрэн эдгээх аж. Харин манайд хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээрээ. Ийм онош сонссон л бол удаандаа л 3-5 жил амьдарна. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээнд төр засгаас дорвитой анхаардаггүй. Сүүлийн үеийн оношилгооны аргуудыг ч нэвтрүүлэхийг хүсдэггүй. Учир нь хавдрын эмчилгээ хийдэг хувийн том эмнэлгийн даргаасаа эхлээд сайд нар, эрхэм гишүүд гээд бүгд гадаадад эмчлүүлчихдэг тул үүнд огтхон ч санаа зовдоггүй.
Олон улсад өмөнг цус, шээсээр гений түвшинд илрүүлж байна
Монголчуудыг хавдрын хожуу шатны эмчилгээтэйгээ “зууралдаж, дайтаж” байх зуурт дэлхийн хөгжил тасарчихлаа. Хиймэл оюун ухаан бүх салбарт эрчийг авч, түүний тусламжтай оношилгоо, эмчилгээний аргууд, шинэ технологиудыг улс орнууд эрүүл мэндийн үйлчилгээндээ өргөн нэвтрүүлсээр байна. Тодруулбал, биднийг гурван жил тутамд умайн хүзүүний эсийн, үр дүн багатай шинжилгээнд эмэгтэйчүүдийгээ хамруулах гээд мунгинаж суухад олон улсад хүний биологийн шингэнд хавдрын ДНХ тодорхойлдог болчихов. 2020-2024 онд дэлхийн хэмжээнд хорт хавдрын энэ мэт оношилгооны олон дэвшил гарчээ. Тэдгээрээс хамгийн үр дүнтэйд тооцогдож буй, өндөр түвшний оношилгооны зарим аргыг дурдъя.
Цус, шээс, биологийн бусад шингэнээс дээж авч, хорт хавдрын эсийг гений түвшинд илрүүлэх хүчин чадалтай, шингэн биопси (Liquid biopsy) шинжилгээг АНУ, Европын Холбооны орнууд, Австрали, Япон, Өмнөд Солонгост өргөн нэвтрүүлсэн. Мэс хүргэхгүйгээр хийдэг оношилгооны энэхүү орчин үеийн арга нь үйлчлүүлэгчдэд зовуурьгүй тул эрт илрүүлэгт нэн тохиромжтой аж. Мөн эмчилгээний явцыг хянахад үр дүнтэйг нотолжээ. Молекулын түвшний өөрчлөлтүүдийг илүү нарийвчлалтай илрүүлэх чадвартай, уламжлалт эдийн шинжилгээтэй харьцуулахад хурдан, хорт хавдрын үед өвчин дахих, эсэхийг “хэлж өгдөг”. Давтан шинжилгээ хийхэд аюулгүй, хавдрын өсөлт, бусад эрхтэнд тархах эрсдэл, эмийн мэдрэг чанар болон мутацыг ч хялбархан тодорхойлдог юм байна. Эдгээр шинжилгээг NGS, PCR зэрэг дэвшилтэт технологитой хослуулан, нарийвчлал өндөртэй оношилж эхэлжээ.
Оношилгооны өөр нэг техник нь AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан дүрслэлийн арга юм. Ингэхдээ MRI, CT, PET-CT аппаратын аль нэгээр оношлохгүйгээр, эдгээрээс авсан бүх мэдээллийг боловсруулж хавдрыг илүү хурдан, өсөлт, идэвхжлийг нарийвчлалтай илрүүлж буй. Тодруулбал, маш жижиг хэмжээтэй хавдрыг ч үүгээр оношлох боломжтой, хариуг богино хугацаанд гаргадаг, мөн л генетик, молекулын түвшинд өвчтэй, эсэхийг урьдчилан таамаглах боломжтой. Уламжлалт аргын сайжруулсан хувилбар гэдгийг олон улсад хэдийн хүлээн зөвшөөрч. Тус шинжилгээгээр АНУ, Герман, Азийн орнууд тэргүүлэгч.
Элэгний шинэ мутацыг ч захиалгаар “барьж авав”
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар дэлхийн дөрвөн улсын 14 байгууллагатай хамтран 2017-2022 онд элэгний өмөн буюу эсийн хавдар үүсэхэд монгол хүний геномын түвшинд ямар онцлог, өөрчлөлт гарч буйг судалсан. Тэгэхэд монголчуудын өвчилж буй элэгний хавдрын мутац нь дэлхийд бүртгэгдээгүй, шинэ төрлийнх болохыг тогтоосон юм. Иргэдийн геномын шинжилгээгээр нүүрсний утааны задрал буюу хүхрийн давхар ислээс үүссэн мутац илэрснийг тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү мэдээлсэн. Дэлхийн олон оронд хийсэн ижил төрлийн судалгаанаас ийм мутац одоогоор илрээгүй. Үүнийг нэг төрлийн гажигшил хэмээсэн. Тэгээд ч уг судалгааг Монголд хийх боломжгүй бөгөөд олон улсын геномын лабораторид захиалгаар хийлгэсэн билээ.
Геномын болон молекулын оношилгоо нь гений дарааллыг шинжлэх замаар хорт хавдрын төрөл, мутацыг тодорхойлж, эмчилгээг тохируулах дэвшилтэт арга юм байна. Тус судалгааг өдгөө Британи, Герман, Франц, АНУ, Хятад, Японд эрчимтэй явуулж буй. Тодруулбал, хорт хавдрын шалтгаан, өвөрмөц мутац, генетикийн өөрчлөлтийг молекулын түвшинд нарийвчлан тодорхойлж, оношлох орчин үеийн технологи аж. Энэ нь оношилгооны дараа өвчтөнд тохирсон эмчилгээний аргыг санал болгодгоороо бас давуу талтай. Мөн эмийн мэдрэг чанар, хорт хавдрын эсийн генетик өөрчлөлт, дахих магадлалыг хүртэл урьдчилан таамаглах, элэг, эмэгтэйчүүдийн хавдрын мутацыг илүүтэй ялган оношлох чадвартай.
Түүнчлэн тусгай биомаркер илрүүлэх системийг хөх, түрүү булчирхай, элэгний хавдрын оношилгоонд улс орнууд өргөн ашиглах болж. Энэ нь хорт хавдрын эсийг ДНХ-ээс ялган илрүүлэхдээ гойд сайн технологи аж. Хавдрын эсийг бусад оношилгооны адил эрт үед нь “барих” хүчин чадалтай, улмаар өвчний явцыг тодорхойлж, эмчилгээний үр нөлөөг ч эртнээс тооцдог.
Дэлхий дахинд ашиглаж буй хавдрын сүүлийн үеийн оношилгооны ал аргууд нь гений түвшинд, өвчтөн, үйлчлүүлэгчдэд аль болох мэс ажиллавар хүргэхгүй хийдгээрээ дэвшил болж буй юм. Мэдрэг чанарууд нь ч маш өндөр. Органоид оношилгоо (Organoid diagnosis) нь үүний нэг жишээ. Япон, Нидерланд АНУ-д өргөн хийдэг. Хавдрын эсийг лабораторид ургуулж, эмчилгээний үр дүнг бичил эрхтэн буюу өсгөвөрт туршдаг шинэлэг технологи тул эдгэрэлтийг түргэсгэхэд чухал нөлөөтэй. Зөвхөн тухайн өвчтөнд тохирох эмчилгээний аргыг эл технологиор гарган авч байна.
Өндөр түвшний оношилгоонууд харилцан адилгүй өртөгтэй. Шингэн биопси нь 500-1500 ам.доллар бөгөөд молекулын нарийн шинжилгээ шаардах тохиолдолд үнэ нь нэмэгддэг. Тэгвэл хиймэл оюун ухаанд суурилсан дүрс оношилгооны илрүүлэг 1000-2000 ам.доллар, геномын болон молекулын өгөгдлийг шинжлэх болбол үнэ нь мөн өснө. Харин геномын болон молекулын оношилгоо 5000 хүртэлх ам.долларын өртөгтэй. Үндсэн шинжилгээ нь 1000-3000 ам.доллар аж. Органоид оношилгоо ч өртөг өндөртэй, 3000-10 000 ам.доллар, түүнээс нэмэгдэх тохиолдол ч байдаг. Ерөнхийдөө эдгээр оношилгооны өртөг тухайн орны эрүүл мэндийн үйлчилгээ, лабораторийн чадавхаас нь хамаарна.
Дархлаа эмчилгээг нэвтрүүлтэл хэдэн хүн нас барах вэ
Манай улсын хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд орчин үеийн илрүүлгийн дээрх технологиудын алийг нь ч хараахан нэвтрүүлээгүй. Элэг, ходоод, уушгины хавдрыг дүрс оношилгоо (рентген, ЭХО, дуран)-гоор болон молекул генетикийн шинжилгээний зарим аргачлалаар илрүүлж байна. Хэдийгээр өндөр нарийвчлалтай MRI, CT, PET-CT зэрэг төхөөрөмж ашиглаж байгаа ч орон нутагт хүртээлгүй, молекул, геномын шинжилгээ авдаг ч гадаадын лабораторид хийлгэдэг нь хугацаа алддаг. Лапароскопийн болон робот мэс заслын зарим төрлийг нэвтрүүлсэн ч хумигдмал хүрээнд ашигладаг. Хавдрын эсийн өсөлтийг сааруулах зорилгоор таргет болон иммуно эмчилгээний дэвшилтэт аргыг тодорхой нөхцөлд хэрэглэдэг ч эмийн өртөг өндөр тул бас л хүртээмжгүй гэнэ. Лабораторийн оношилгооны чанар сайжирч буй гэх ч орон нутагт хангалтгүй.
Эмчилгээний тухайд гурван хэмжээст туяа, бай, химийнхийг даатгалаар хийдэг болсон зэрэг сайн тал бий. Хөх, умайн хүзүүний хорт хавдрын мэс заслын дараа сэргээн засах эмчилгээ хийдэг болсон ч оношилгооны чадамж муутайгаас өвчнийг тартагт нь тулсан хойно нь л илрүүлж байна. Тиймээс хавдрын шинэ эмнэлгийг даруй барих, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарахыг олон улсын байгууллагууд манайд зөвлөсөөр буй юм.
Хорт хавдрын эм, оношилгоог сайжруулахаар АТОМ хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Монгол Улс хорт хавдрын эмчилгээний дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхэд салбарын эдийн засгийн чадавхыг сайжруулах, хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, олон улсаас дэмжлэг авах хэрэгтэй. Үүний хүрээнд АТОМ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Бага болон дундаас доош орлоготой орнуудад хорт хавдраас үүдэлтэй дарамт, нас баралтыг бууруулах, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмж, хэрэглээг сайжруулах зорилгоор эл хөтөлбөрийг Хавдрын хяналтын олон улсын холбооноос хэрэгжүүлдэг” гэсэн юм. Гэвч уг хөтөлбөрийн хэрэгжилт эдүгээ тодорхойгүй.
ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Швейцарын “F.Hoffmann-La Roche” компанитай хамтран хавдрын сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оноос мөн эхлүүлж, санамж бичиг ч байгуулсан. Тухайн үед хорт хавдрын эмчилгээний стратегийг оновчтой болгох, монгол хүн эх орондоо, эдийн засгийн дарамтгүйгээр дэлхийн шилдэг технологи бүхий оношилгоо, эмчилгээг хийлгэх боломж бүрдэх нь хэмээж байв.
Дархлааны системийг идэвхжүүлж, хавдрын эсийг устгах зорилгоор хийдэг уг эмчилгээг олон улсад ч өргөн нэвтрүүлсэн. Харин манайд яриа хэлэлцээр, туршилтын шатанд л явна. Бүрэн нэвтрүүлэхэд эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг сайжруулах, санхүүгийн боломжоо өсгөх, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл ч шаардлагатай аж. Эдгээр хүчин зүйлийг бүрэн хангаж, дархлаа эмчилгээг Монголд хийдэг болоход 5-10 жилийн хугацаа шаардлагатай гэсэн судалгааг ч гаргаж. Тэр болтол хэдэн хүн нас барахыг хэлж мэдэхгүй.
Дархлаа эмчилгээг бүрэн нэвтрүүлэх нийт зардал нь 15-30 хүртэлх тэрбум төгрөг гэсэн тооцоо бий. Дээрх оношилгооны арга, технологиуд, дагалдах төхөөрөмжүүдийг нь нэвтрүүлэхэд ч 10-15 тэрбум төгрөг шаардлагатай юм билээ. Ийм хэмжээний мөнгө эрх баригчдад уг нь юу ч биш сэн. Хавдраас шалтгаалсан эрүүл мэндийн эдийн засгийн дарамтыг бууруулах, монголчуудын амьдралын чанарыг сайжруулах, насыг уртасгахад эрт илрүүлгийн, тэр дундаа өндөр түвшний оношилгоо, эмчилгээ л бидэнд нэн хэрэгцээтэй байна даа. Хэдий болтол монголчууд хавдрын хоцрогдсон системийн золиос болох билээ.