Кэмбрижийн хөтөлбөрийн шилдэг суралцагч шалгаруулах үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Энэ нь Монгол Улсад анх удаа болж буйгаараа онцлог аж. Кэмбрижийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр 34 сургуульд хэрэгжүүлж буй юм. Эдгээрээс 11 сургуулийн 49 сурагчийг шалгаруулан, дөрвөн төрлийн шагналын эзнээр тодруулсан байна. Тухбайлбал, нарийн мэргэжлийн, сонгон судалдаг судлагдахуунаар улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан 17 сурагчийг “High achievement” буюу “Хамгийн өндөр үнэлгээтэй суралцагч”-аар шалгаруулсан гэнэ.
Мөн судалсан хичээлээрээ хамгийн өндөр оноо авсан 28 сурагчид “Монголын шилдэг сурагч” шагнал хүртээжээ. Түүнчлэн IGCSE түвшний найм, AS түвшний дөрөв, “A lev-el” түвшний гурван хичээлийн багц дүнгээр тус тус хамгийн өндөр оноотой шалгуулсан гурван сурагчийг “Best аcross” буюу тухайн түвшнийхээ шилдэг сурагчаар нэрлэсэн аж. Харин тухайлсан нэг хичээлийн оноогоор “Орчлон” сургуулийн сурагч Р.Ананд, “Гёте” сургуулийн сурагч А.Амина, “Шинэ эрин” сургуулийн сурагч Б.Уранбат нар дэлхийн топ үнэлгээтэй сурагчаар шалгарчээ.
Ч.БОЛОР