Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил дунд түвшинд байгааг ЭМЯ, ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээллээ. Гэсэн ч нийслэлд уг өвчний дэгдэлт өндөр түвшинд хүрээд байна. Тус төвийн дэд захирал О.Батбаяр “Улаанбаатар болон долоон аймагт ханиад, томууны дэгдэлт өндөр түвшинд хүрсэн. Амбулаторийн тандалтаар өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 277 мянган хүн үйлчлүүлсний 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас ханджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 62.7 хувь нь ийм шалтгаантай” гэж ярилаа.
Амьсгалын цочмог халдвартай өвчтөнүүдийн 71.5 хувийг хүүхдүүд эзэлжээ. Халдварын дотор “Ковид-19”, синциталь, томуугийн А хүрээний вирус зонхилж буй аж. Орны ачааллын тухайд өнгөрсөн жилийнхээс 9.2 хувиар нэмэгдсэн гэнэ. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1561 ор ашиглаж буйгаас хэвтэн эмчлүүлэгсдийн 81 хувь нь амьсгалын замын өвчтэй байна. Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагыг шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг эмч нар уриалав.
О.УНДРАХ