Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас олгож буй цахим гарын үсгийг авах гэж өнгөрсөн бямба гарагт өдөржингөө нааш цааш явав. Ингээд ч авч чадсангүй. Учир нь үүнийг олгодог төрийн цахим үйлчилгээний машинууд нь доголдоод, гацчихсан байв. Иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэх ёстой ухаалаг төхөөрөмжүүд нь хүртэл төрийн байгууллагынхны адилаар бямба, ням гарагт “амарчихдаг” аж.
“Мишээл экспо”, “Наадам центр”, “Их наяд” зэрэг худалдааны төвд байршуулсан ТҮЦ болон “Хурдан” машиныг ашиглах гээд барсангүй. Уг нь аль аль нь ажил, амралтын өдөр харгалзахгүй, 24 цагийн турш ажилладаг гэх. Эдгээрийн үйл ажиллагааг хариуцсан мэдээллийн ажилтан “ТҮЦ машинуудыг хэрэглээнээс халах гэж байгаа. Сүлжээ нь доголдож, гацах болсон. Тиймээс та “Хурдан” машиныг ашиглаарай” гэж зөвлөв. Ингээд зөвлөснийх нь дагуу хоёр газарт байршуулсан өнөөх машинаас нь үйлчилгээ авах гэтэл гацаад, алдаа заагаад болсонгүй. “УБЕГ-аас сервис дуудалт амжилтгүй боллоо”, “Тоон гарын үсгийн хүсэлт амжилтгүй. QR ирсэнгүй” гэсэн бичиг гарч ирж байв. Мэдээллийн ажилтантай хэдэнтээ холбогдсоны эцэст “Цахим гарын үсэг олгох ажил түр саатсан” гэдэг хариулт авлаа. Тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг зогсоосон юм биш, системүүд нь доголдсоноос ийм байдалд хүрсэн гэж “оношлов”.
Манай улсад төрийн үйлчилгээг цахимжуулж, цаас, цаг зав, хөрөнгө санхүү хэмнэх талаар яриад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч бодит байдалд хэрэгжилт нь ийм байна. Иргэд цаг завдаа тааруулан амралтын өдөр цахим системээс мэдээлэл, лавлагаа авах нь эрс ихэсдэг. Гэтэл ухаалаг төхөөрөмжүүд нь энэ үед ажиллахгүй, төвөг чирэгдэл учруулах. Холбогдох байгууллагынхан нь “Тоон гарын үсгээ аваарай” хэмээн завсар чөлөөгүй сурталчлах ч цахим системүүд нь үүргээ гүйцэтгэхгүй байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрынхан төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ оны зургаадугаар сараас “Хурдан” киоск машиныг улсын хэмжээнд байршуулах ажлыг эхлүүлсэн. Төрийн байгууллагын 400 гаруй үйлчилгээг үзүүлдэг, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан функцтэй гэх уг “дэвшилт” төхөөрөмж нь хэзээ амрах, ажиллахаа тааллаараа шийддэг бололтой. Цахим төхөөрөмжүүд нь амралтын өдөр амарчихдаг, цахим үндэстэн гэж байх уу даа.
УБЕГ-ын 1800-1890 дугаарын лавлах утсаар өчигдөр холбогдоход “Манай байгууллагын нийслэл болон орон нутаг дахь салбаруудад иргэний үнэмлэхтэйгээ очиж, тоон гарын үсэг авах боломжтой. Амралтын өдрүүдэд улсын бүртгэлийн байгууллагын, эсвэл ХААН банкны киоск машинаас цахимаар авч болно” гэв. Түүний хэлж буйгаар амралтын өдрүүдэд зөвхөн дээрх хоёр машинаас л цахим гарын үсэг авч болох нь. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрынхны санал болгосон “Хурдан”, хуучин ТҮЦ машин ашиглаад нэмэргүй аж. Уг нь эдгээрийн аль алинд нь ийм үйлчилгээ үзүүлэх цэс бий, мэдээллийн ажилтнууд нь ч зорьж очихыг санал болгосон юм. Төрийн байгууллагынхан нь өөрсдөө энэ олон ухаалаг төхөөрөмж, цахим машин дундаа төөрч будилж яваа бололтой дог шүү.
Н.МИШЭЭЛ