Манай улсад эмийн чанар, аюулгүй байдал алдагдаж, импортлогч аж ахуйн нэгжүүд мөнгө, ашиг л олж байвал монгол хүний эрүүл мэндийг үл ойшоох болсон гэхэд хилсдэхгүй. Шинжилгээний байгууллага нь хөлдсөн, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц тарилгын шингэнийг ашиглаж болох дүгнэлт гаргаад явуулчихдаг, нэг лаборатори нь “тэнцэхгүй” гэж дүгнэж байхад, танил тал, өнгө мөнгөөр нөгөөгөөс нь “тэнцэнэ” хэмээсэн дүгнэлт бичүүлээд авчихдаг явдал манайд тогтоод байна. Энэ үед эм, тарилга импортлогч аж ахуйн нэгжүүдэд, дур зоргоороо эм хэрэглэдэг монголчуудад сургамжтай, цаашид ямагт анхаарч байвал зохилтой нэгэн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Энэ хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс уншигчдадаа хүргэе.
Гар цүнхэндээ “ачаад” ирдэг эмийн бизнес
2017 оны нэг болон дөрөвдүгээр сард гадаад руу аялсан “Царамхайрхан групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А нүдний эмнэлгүүдэд ашигладаг “Авастин” (Bevacizumab) хэмээх тарилгыг гар цүнхэндээ хийгээд аваад иржээ. “Царамхайрхан групп” ХХК нь холбогдох байгууллагуудаас эм импортлох, түгээх тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж. Гэхдээ хүний эрүүл мэндтэй холбоотой учраас тухайн салбарт хууль, эрх зүйн олон зохицуулалт үйлчилдэг. Тэдгээрийг зөрчин хилээр тарилгыг гар тээшиндээ хийгээд авчирсан байгаа юм. Энэ үед мэдээж гааль, мэргэжлийн хяналтынхан хувь хүний өөртөө зориулж хэрэглэх гэж буй эм, тарилга гэж үзээд саадгүй нэвтрүүлсэн бололтой. Уг нь бол эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль, эрх зүйн зохицуулалтаар Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн “Авастин” (Bevacizumab) тарилгыг импортлох, худалдах, түгээхдээ ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авах ёстой байдаг юм билээ. Өнчин гэдгийг хуульд хүний амь насанд аюултай, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг ховор тохиолдох өвчин, эмгэгийг эмчлэхэд хэрэглэх эмийг ойлгохоор заажээ.
Тэгвэл “Царамхайрхан групп” ХХК-ийнхан зохих зөвшөөрөл аваагүйг холбогдох байгууллагын гэрчүүд баталсан байгаа юм. Тодруулбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн “Манай байгууллага өнчин эмийн жагсаалтад орсон нэг удаагийн эмийг улсын хилээр импортлох, экспортлох хүсэлтийг 2003 оноос хойш хүлээн авч шийдвэрлэж байгаа. 2005 оноос эхлэн хүсэлтийг цахимаар авдаг болсон. “Царамхайрхан групп” ХХК-ийн хувьд өнчин эмийн жагсаалтад орсон нэг удаагийн эмийг улсын хилээр импортлох, экспортлох хүсэлтийг 2003 оноос одоог хүртэлх хугацаанд манай байгууллагад гаргаагүй, лиценз буюу тусгай зөвшөөрөл огт авч байгаагүй” хэмээн мэдүүлсэн бол өөр нэг гэрч “Царамхайрхан групп” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Гэхдээ Монгол Улсад эм импортлохдоо дээрх зөвшөөрлөөс гадна эм оруулж ирэх бүрдээ Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс импортын зөвшөөрөл авах ёстой байдаг. “Царамхайрхан групп” ХХК нь уг зөвшөөрлийг авалгүйгээр “Авастин” тариа оруулж иржээ” хэмээсэн байгаа юм.
Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн “Aвастин” гэх бэлдмэлийг судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйлтэй холбогдон хавдрын цусан хангамжийг алдагдуулан түүний өсөлтийг саатуулдаг бай эмчилгээний бэлдмэл хэмээн тодорхойлсон байна. Уг эмийг “Царамхайрхан групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А гэх хүн гар тээшиндээ хийгээд оруулж ирээд ЭХЭМҮТ, “Сондра”, “Орбит” эмнэлэгт худалджээ. Энэ нь Монгол Улсад эмийн бүртгэл, хяналт хангалтгүй, импортлогч аж ахуйн нэгжүүд нь хууль, журмыг уландаа гишгэдэг, өөрсдийн гар хөл болсон авлигачдыг төрийн холбогдох байгууллагад “шургуулчихсан” учраас ашигтай шийдвэр гаргуулдгийг илтгэж буй нэг жишээ. Хэрэв хууль, журмаа яс мөрддөг байсан бол Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу заавал тухайн үеийн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторид шинжлүүлэн дүгнэлт гаргуулах ёстой. Харамсалтай нь, тус компанийн гүйцэтгэх захирал нь хуулийг хэрэгжүүлэлгүй, бүртгэлгүй, шинжлүүлээгүй эм эрүүл мэндийн байгууллагуудад зарчихсан нь эцэстээ маш хортой сөрөг нөлөө учруулав.
Хоёр хүн хараагаа үүрд алдаж, олон иргэнд сөрөг нөлөө нь илэрчээ
“Царамхайрхан групп” ХХК нь нэг бус эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх эрхтэй аж. Үүнийхээ дагуу ЭХЭМҮТ, нүдний “Сондра”, “Орбит” эмнэлэгт Энэтхэгээс авчирсан гэх “Авастин” тарилгаа нийлүүлсэн байгаа юм. Хавтаст хэрэгт энэ талаар “Царамхайрхан групп” ХХК-д 2017 оны аравдугаар сарын 3-нд “Орбит” нүдний эмнэлгийнхэн “Авастин”-ы төлбөрт 3.4 сая төгрөг төлсөн бол 2017 оны тавдугаар сарын 10-нд “Сондра” нүдний эмнэлэг уг тарилгын төлбөрт 1.1 сая гаруй төгрөг тушаажээ. ЭХЭМҮТ-ийнхөн дөрвөн сая гаруй төгрөг төлсөн гэх баримт бий. Тус төвийн ажилтан Х.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Манай эмнэлэг жил бүр эм худалдан авахаар тендер зарладаг. Нүдний эм гэсэн багцад “Царамхайрхан групп” шалгарсан байсан. 2017 онд тус компанийн нийлүүлсэн “Авастин” тарианаас таван ширхгийг худалдаж авсан. А гэх хувь хүнтэй гэрээ байгуулаагүй, “Царамхайрхан групп” ХХК-тай гэрээ хийсэн” хэмээжээ.
“Царамхайрхан групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А 2017 оны нэгдүгээр сард анх дөрвөн фалкон “Авастин” тариаг оруулж ирсэн бол дөрөвдүгээр сард мөн тоогоор авчирсан аж. Эхний ээлжид авчирснаа ЭХЭМҮТ-д, хоёр дахь удаагийнхаас гурвыг нь “Орбит”, нэгийг нь “Сондра” эмнэлэгт нийлүүлсэн нь тогтоогдсон байна. Энэ тарилгуудаас нь нян илэрч, хоёр хүн үүрд хараагүй болж, хэд хэдэн иргэнд сөрөг нөлөө үзүүлсэн гэнэ. Хавтаст хэрэгт энэ талаар МХЕГ-ын улсын байцаагч өгсөн мэдүүлэгтээ “2017 оны аравдугаар сарын 13-нд “Царамхайрхан групп” ХХК-иас худалдан авсан “Авастин” эмийг өвчтөнд хэрэглэсэн боловч хүндрэл үүссэн тухай гомдол “Орбит” эмнэлгээс ирүүлсэн” хэмээсэн байна. Энэ гомдлынх нь дагуу МХЕГ-аас ажлын хэсэг томилогдон шалгалт хийж эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийн олон барааг битүүмжилсэн аж. Холбогдох байгууллагаас тарилгад шинжилгээ хийгээд “Царамхайрхан групп” ХХК-иас “Орбит” эмнэлэгт худалдсан НО155ВО6 серийн дугаар бүхий хоёр флакон “Сондра” эмнэлэгт худалдсан мөн серийн дугаар бүхий нэг флакон “Авастин”-ы үйлчлэлээр ижил шинж тэмдэг бүхий үрэвсэлт өвчин үүссэн нь тухайн серийн дугаар бүхий флаконууд дахь эм үрэвсэл үүсгэгч нянтай байсан гэж дүгнэсэн гэнэ.
“Сондра” эмнэлгээр үйлчлүүлж “Авастин” тариулаад хараагаа алдсан иргэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “2017 оны нэгдүгээр сард тус эмнэлэгт үзүүлж, баруун нүдэндээ хагалгаа хийлгэхээр болж, аравдугаар сард мэс засалд орох ёстой байсан. Гэвч тус эмнэлгийн төлбөр өндөр байсан учраас хийлгээгүй. Харин эмчтэйгээ зөвлөж байгаад “Авастин” (Bevacizumab) тариа баруун нүдэндээ тариулсан. Түүнээс хойш миний нүд юм харахаа больсон. “Сондра” эмнэлгээс сэтгэл санааны хохирол болох 15 сая төгрөг нэхэмжилсэн боловч мөнгө гаргаж өгөх боломжгүй гэх албан бичиг ирүүлсэн. “Авастин” тариулснаас хойш баруун нүд сохорсон” гэжээ. Тэгвэл өндөр настай өөр нэг хохирогч “2017 оны аравдугаар сарын 10-нд “Сондра” эмнэлэгт “Авастин” тариулснаас болж нүдэнд нь идээт үрэвсэл үүсэж, эцэстээ цэцгийгээ авхуулсан байна.
“Сондра”-гаас төлбөр гаргуулж, хохирогчдод олгохыг эсэргүүцэж байжээ
Хоёр хүнд “Авастин” тариа хийсний улмаас хараагаа алдсан хэрэгт иргэний хариуцагчаар “Сондра” эмнэлгийг татаж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар хоёр иргэний сэтгэл санааны хохиролд төлбөр гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн юм. Хуульд зааснаар иргэний хариуцагч гэдэг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын төлөө Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх хувь хүн ба хуулийн этгээдийг хэлэхээр заасан. “Сондра” эмнэлэгт үйлчлүүлээд хараагаа алдсан хоёр иргэн сэтгэл санааны хохиролд тус бүр 15 сая төгрөг нэхэмжилснийг “Сондра” эмнэлэг, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Анараа өмгөөлөгчийнхөө хамтаар хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Тиймдээ ч тэд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны болон Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Түүндээ “Сондра“ ХХК-ийн эмнэлэг, эмч, мэргэжилтнүүдийн болгоомжгүй болон санаатай, зөрчлийн болон эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл огт тогтоогдоогүй байхад шүүх бусдын буруутай үйлдлээс учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Хууль болон гэрээгээ зөрчиж, бүтээгдэхүүн нийлүүлсэн нь нотлогдсон атал худалдан авагч тал болох “Сондра“ ХХК-ийг захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс хохирогч нарт эрүүл мэндийн хохирол учирсан мэт дүгнэсэн нь буруу, хоёр хохирогчийн аминд аюул учирч болохуйц нүд, тархины идээт хүндрэлээс 100 хувь сэргийлж нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж түүний төлбөрийг хэн нэгнээс нэхэмжлээгүй байхад шүүх хэрэг үйлдсэн этгээдийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, сэтгэл санааны хохирол тооцож олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн гомдол гаргасан аж.
Харин нянтай эм зохих зөвшөөрөлгүйгээр хилээр оруулж ирж, ЭХЭМҮТ, “Орбит”, “Сондра” эмнэлэгт нийлүүлсэн “Царамхайрхан групп” ХХК-ийнхан “Хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож 23 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь буруу, хүчингүй болгож өгнө үү” хэмээсэн байдаг.
Харин тэдгээр гомдолд прокуророос “Сондра” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж бусдад учирсан хохирол, төлбөрийг төлүүлэх шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гэж өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж байна. “Сондра” ХХК-иас үйлчлүүлэгчдээ аюулгүй байдал хангасан эм, тариагаар үйлчлэх ёстой байтал үүргээ биелүүлэхгүй, хариуцлагагүй үйлдэл гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас харахад уг эмийг хүлээж авсан хүн нь тодорхойгүй. Эмийг “Сондра” эмнэлгийн эм зүйч хүлээж авах ёстой байсан. Гэтэл эм зүйчээр ажиллаж байсан хүн нь тийм мэргэжилтэй хүн мөн, эсэх нь тодорхойгүй. Тухайн хүлээж авсан эмийг үйлчлүүлэгчийн нүдэнд тарьснаар өнөөдрийн үр дагавар бий болсон. Иймд “Сондра” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь зөв юм. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол үр дагаврыг тус компанийн эмнэлэг төлөх ёстой.
Гэмт хэргийн улмаас хоёр хүний нүд юм харахаа больсон нь хохирогчдын сэтгэл зүйд долоон жилийн турш маш их шаналал, зовуурь бий болгож өдий хүрсэн” хэмээн эсэргүүцлийнхээ үндэслэлийг тайлбарласан байна.
Хавтаст хэрэгт байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээчдийн дүгнэлтэд “Сондра” эмнэлгийн мэс заслын хэсгийн орчны эд зүйлс, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт заавар журмын дагуу хийгдээгүй, халдвар эсэргүүцэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах нөхцөлийг бүрдүүлж байна” гэсэн бол тус эмнэлгийн эрх бүхий албан тушаалтан Т.Анараа “Манай эмнэлэг нэг ширхэг тариа авсан бөгөөд дөрвөн хүнд түүнийгээ тарьсан юм. Тэгтэл тарьсан хүний нүдэнд идээ татаад эхэлсэн учир холбогдох байгууллага руу албан бичиг хүргүүлсэн. Эмнэлгийн мэс ажиллаврын хэсэг, ариутгал, угаалга Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага стандартын хэрэгжилтийг хангахгүй байгаа нь халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байгааг зөвшөөрч байна. Мэргэжлийн халдвар судлагч эмчгүй, чанарын баг дотоод хяналтыг хийдэг. Шалгалтын явцад илэрсэн бүх зөрчлийг хүлээн зөвшөөрч байна” хэмээжээ.
Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоодугаар сарын 29-нд хэлэлцэн шийдвэрлэж, “Царамхайрхан групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А-ийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэм буруутайд, тус компанийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14-4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцжээ. Улмаар А-ийн үйлдлийг 2021 онд УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон бол “Царамхайрхан групп” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 23 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Харин хараагаа алдсан хоёр хүний нэхэмжилсэн 15 саяын долоон сая гаруйг иргэний хариуцагч “Сондра” эмнэлгээс гаргуулан хохирогч тус бүрд олгуулах, үлдсэн мөнгийг нь А-ээр төлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч хүлээлгэсэн хариуцлага, нэхэмжилсэн мөнгийг олгуулах заалтыг хэвээр нь үлдээсэн байна. Улсын дээд шүүхээс шүүгдэгч А таалал төгссөнтэй холбоотойгоор түүнд ногдуулсан хариуцлагыг хэрэгсэхгүй болгож, “Царамхайрхан групп” ХХК-д оноосон ял, “Сондра” эмнэлгээс хохирол гаргуулах анхан шатны тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн юм.
“Авастин” гэх тариаг хорт хавдрын эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэх ёстой. Үйлдвэрлэгчээс нүдний эмчилгээнд хэрэглэх заалт байхгүй атал манайхан дур мэдэн нүдэнд тарьснаас хоёр ч хүн харах мэлмийгүй болчхоод байгаагаас сургамж авч, хараагаа ямагт хамгаалж, элдэв тариа, эмийг болгоомжтой хэрэглэхийг сануулъя.