Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар газар 38 304 удаа хөдөлсөн байна. Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт газар 22 610 удаа хөдөлжээ. Эдгээрээс 3.5-4.4 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол 36 удаа бүртгэгдсэн байна. Харин үүнээс дээш магнитудын хүчтэй хөдөлсөн дөрвөн удаагийн тохиолдлыг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Тус хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч, доктор А.Мөнхсайхан “2024 он гарснаас хойш газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлсөн 40 орчим тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн хүчтэй нь өнгөрсөн сарын 28-нд Хөвсгөл аймгийн Галт сумд боллоо. Газар хөдлөлийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй тохиолдол олон. Суурьшлын бүсээс хол зайд бол хүмүүс мэдэхгүй өнгөрдөг. Монгол Улс Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэв.
Ч.БОЛОР