Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, МУИС, “Говийн гайхамшигт амьтад” төрийн бус байгууллага хамтран “Мазаалай баавгайн хамгаалал, судалгаа” сэдэвт олон улсын хурлыг өчигдөр зохион байгуулав. Говийн баавгайн гол тархац нутаг болсон Говийн их дархан цаазат газрын нийт талбайн хэмжээ 4.6 сая га. Одоогоор үүний 18 000 ам км-т нь мазаалай амьдарч байгаа нь тус амьтны түүхэн тархац нутаг 80 хувиар хумигдсаны нотолгоо гэдгийг судлаачид онцлов.
2017 онд хийсэн судалгаагаар манай оронд 32 бодгаль буйг тогтоосон бол Монгол, Хятадын хамтарсан техникийн туслалцаа үзүүлэх төслийнхөн 52 гэж тоолон, энэ талаарх судалгаагаа хэвлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Манай улс энэ онд говийн баавгайг хамгаалах чиглэлээр гурван зорилт бүхий 21 ажил хийхээр төлөвлөжээ. Говийн их дархан цаазат газарт, мазаалайн амьдрах орчныг сайжруулах долоон ажлыг 269 сая төгрөгөөр хэрэгжүүлж байгааг хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат дурдав.
Н.Мишээл