Азийн хөгжлийн банк болон “Хасбанк” ХК-ийнхан 50 сая ам.долларын санхүүжилтийн багцад гарын үсэг зурлаа. Энэхүү багц нь Азийн хөгжлийн банкны 40, Ази тивд хувийн хэвшлийг дэмжих Канадын уур амьсгал ба байгалийн сангийн 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс бүрджээ. Санхүүжилтийн багцын багадаа 70 хувийг нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах төслүүдэд зориулах аж.
Үлдсэн хувийг нь бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд, тэр дундаа эмэгтэйчүүдийн эзэмшдэг болон удирддаг бизнесүүдэд зээл олгоход зарцуулах юм байна. Азийн хөгжлийн банкны зах зээлийн шийдэл хариуцсан дэд ерөнхийлөгч Баргав Дасгупта “Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалахад туслах зорилгоор “Хасбанк”-тай хамтран ажиллаж байна” гэж онцолжээ.
Ч.ЗУЛ