Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо болон “Цогт-Очирын Лоохууз” сангийнхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз агсны мэндэлсний 100, хэлмэгдүүлэлтэд өртсөнийх нь 60 жилийн ой энэ онд тохиож буй гэнэ. Эдгээр ойг тохиолдуулан, бас 1950-1960 онд Монгол Улс сэхээтнүүдээ хоморголон хэлмэгдүүлэх замаар хөгжлийн боломжуудаа хойш татсаныг олон нийтэд таниулах зорилготой эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулахаа дээрх хоёр байгууллагынхан мэдээлэв. 1950-1960 оны хэлмэгдүүлэлтийн талаарх мэдээлэл, түүхийн баримт одоогоор тун бага байгаа гэнэ. Тиймээс энэ чиглэлийн судлаач, эрдэмтдэд мэдээлэл, баримтуудаа хуваалцах боломж бүрдүүлэхийн тулд уг хурлыг хийж байгаа аж.
“1950-1960 онд дайны аюул алсарч, цагийн аяс уяссан ч социалист системийн гажуудал олон талаар мэдрэгдэх болсон. Үүнийг олж харсан хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн тэр үеэс Монгол Улс сэхээтнүүдээ зохиомол хэрэгт гүтгэн хилсдүүлэх нь хэрээс хэтэрчээ. МАХН-ын хэрэгжүүлж буй бодлогын алдааг шүүмжилсэн болгон “төөрөлдсөн сэхээтэн”, “намын бодлогод харш этгээд”, “улсдаа дайсагнасан этгээд” зэргээр гүтгэгдэж, “намын эсрэг бүлэг” гэх зохиомол хэрэгт холбогдох болсон. Монголынхоо сор болсон сэхээтнүүдийг зориуд сонгож, ийнхүү хэлмэгдүүлсэн байдаг. Шинэ цагийн сэхээтнүүдээ хэлмэгдүүлснээр улсын хөгжил уруудсан. Хойч үед ийм явдал бүү давтагдаасай” гэж Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо мэдээлсэн юм.
М.ОЧ