Спортын салбарын оны шилдгүүдийг тодруулж, “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа УДЭТ-т энэ сарын 19-нд болно. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн санаачилгаар, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1, 4.3-т заасныг үндэслэн уг наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг баталсан. Наадам зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, төлөвлөгөө, хуваарилалтыг хэлэлцэн, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
22 дахь удаагийн “Бөртэ чоно-2024” наадмын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллах нь. Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг уг наадмыг анхлан санаачлагч нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин. Бөхийн спортынхноос анхны “Бөртэ чоно” цомыг ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв. Харин хамгийн олон хүртсэн нь олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар (2004, 2006, 2009 он) юм.