МУИС цахим номын сангаа өчигдөр нээлээ. Энэхүү цахим номын сан нь олон улсын жишигт нийцсэн, Монголдоо анхдагч гэдгээрээ онцлогтой. Цахим номын сантай болсноор орон зайнаас үл хамааран мэдээллийг шуурхай хүлээн авах боломж бүрдэхийг тус сургуулийн удирдлагууд онцолжээ. Түүнчлэн төрийн өмчит бусад их сургуулийн оюутнууд ч энэ номын санг ашиглаж болно. Энд одоогоор МУИС-ийн багш, оюутнуудын бүхий л судалгааны ажлыг байршуулжээ. Цахим сан нь 100 орчим ном, судалгаа, эрдэм шинжилгээний 5000 гаруй өгүүлэлтэй аж. Түүнчлэн номын сан дахь магистрын түвшний 6500 гаруй бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлжээ.
Ийнхүү цахим хэлбэрт оруулсан нь дараа дараагийн судалгааны ажлуудын чанарыг ахиулах ач холбогдолтой гэнэ. Мөн бусад их, дээд сургуулийг эл цахим номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахыг тус сургуулийн удирдлагууд уриаллаа. МУИС-ийн номын сан дахь номыг цахим хэлбэрт оруулахын тулд 1000 гаруй бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч нарынх нь зөвшөөрлийг авчээ. Цахим номын санг ашиглахын тулд тус сургуулийн е-library.num.edu.mn хаягаар хандах юм байна.
А.ҮҮЛ