Энэ сарын 3-ны байдлаар манай улс 766 243 жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Ингэснээр “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилтоо 76.6 хувиар биелүүлээд байна. Өнгөрсөн онд Монголд 651 мянга гаруй аялагч ирсэн. Одоо үүнээс 115 мянгаар илүү жуулчин угтан аваад буй бөгөөд оны сүүлч гэхэд 800 мянгаас давах төлөвтэй гэж салбарын судлаачид тооцоолжээ.
Монгол оронд ирсэн жуулчдыг улсаар ангилбал хойд, өмнөд хөршийн болон Өмнөд Солонгосынх давамгайлж байна. Нийт аялагчдын 26.5 хувь буюу 203 788 нь ОХУ-аас ирсэн бол БНХАУ-аас 202 000, БНСУ-аас 190 182 хүн зочилжээ. 2023 онд манай улсад жуулчлах зорилгоор ирсэн иргэдийн олонх нь орос, солонгосчууд байсан юм. Харин энэ онд өмнөд хөршийн жуулчдын урсгал эрс нэмэгдэн, тоогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэв.
Н.МИШЭЭЛ