УИХ-ын чуулганаар улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны нэгдсэн төсвийн орлого 36.8, зарлага 35.8 их наяд, суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байна гэсэн төслийг Засгийн газраас оруулж ирсэн юм. Нэгдсэн төсөв нь улсын, үндэсний баялгийн, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс бүрддэг. Үүн дээр аймаг, сум, нийслэл, дүүргийн төсөв нэмэгдэнэ. Орон нутгийн төсвөө шат шатны өөрөө удирдах байгууллагууд тус тусдаа хэлэлцэн баталдаг. Харин парламент улсын нэгдсэн төсвийг ирэх сарын 15-ны дотор батлах ёстой.
Өнгөц харахад орлого нь зарлагаасаа давсан, “боломжийн” хуваарилалт харагдана. Байнга шахам л алдагдалтай төсөв баталж ирсний хажууд бол өөдрөг төсөөлөл. Мөн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 14 том мега төслийг хэрэгжүүлэх эхлэл нь 2025 он болох учиртай. Улс орныг бүсчилсэн зарчмаар хөгжүүлнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн учраас үүнд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн суурийг бий болгохоор төсвийн төсөлд тусгасан аж. Үүнд сүүлийн хэдэн жил ярьж буй нефть боловсруулах үйлдвэрээс эхлээд даацтай л зардал багтах учиртай. Гэвч сумуудад кинотеатр барих “нэн чухал” ажлыг энэ Засгийн газар эхлүүлэх гэж буй бололтой. Төсөв хэлэлцэх явцад гол ажлаа хойш тавьсан, мартсан, эсрэгээрээ тэвчиж болох барилга, байшингийн төсвийг урдуур зүтгүүлсэн гээд цөөнгүй “но” илэрч байгаа юм. Ач холбогдол, чухлаар нь биш, ашиг сонирхлоороо эрэмбэлчихсэн мэт хөрөнгө оруулалтын жагсаалтууд ч байна.
Сумуудад кинотеатр бариад, үнэгүй үзүүлэх үү
Бараг л ийм агуулгыг ирэх оны төсвийн төсөлд, тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад тусгажээ. Ховд аймгийн Жаргалант сумд төрийн санхүүжилтээр кинотеатр барих нь баруун бүсийн хүмүүсийн урлаг, соёлын үйлчилгээ авах “зайлшгүй” хэрэгцээг хангах чухал ажил юм байна. Үүнд нэлээд хэдэн тэрбум төгрөг төсөвлөжээ. Нэмээд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрхийн бичиг тараана гэсэн байна. Тэгэхээр төсвийн мөнгөөр кинотеатр бариад, түүндээ иргэдийг үнэгүй үзвэр үзүүлж, соён гэгээрүүлэх гээд буй бололтой. Гишүүн Ж.Баярмаа энэ талаар асууж, “Соёлын үйлчилгээ гэдэгт яг юуг багтаасан нь тодорхойгүй. Асууж лавлахад кино, жүжиг үнэгүй үзүүлэх эрх өгөх юм шиг байна. Төрөөс үнэгүй кино үзүүлэх нь яг ямар зорилготой юм бол. Төсвийн зардлыг хэмнэх санал оруулаад ч дэмжлэг авсангүй” гэв. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин түүнд “2023 оны арваннэгдүгээр сард 50 мянган хүүхэд хамруулсан тандалт судалгаа хийхэд соёлын үйлчилгээ үнэгүй авах эрхийн бичиг шаардлагатай гэж хариулсан” гэсэн сонин тайлбар өгнө лээ. Уг эрхийн бичгээр кино, жүжгээс гадна ном худалдан авах, дугуйланд хамрагдах боломж олгох аж. Үнэгүй бүхнийг дэлгэрүүлж, халамжийн сэтгэлгээг хөгжүүлэхэд л энэ “ажил” нь үр дүнтэй болох байх. Ч.Номин сайдтай холбоотой төсвийн балаг үүгээр дуусаагүй. Ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг түүний эзэмшлийн “Тэрэлж” зочид буудалд 50 сая төгрөгөөр зохион байгуулсан тухай дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. Тэрбээр УИХ-ын гишүүн болсон учраас эзэмших эрхээсээ татгалзсан, төсвийн хэлэлцүүлэг яагаад өөрийнх нь зочид буудалд болсныг бараг “мэдээгүй” гэх тайлбар өгнө лээ. Захиалга өгсөн, гүйцэтгэсэн байгууллагуудаас нь асуу гэсхийгээд дүйвүүлсэн билээ. Кинотеатр барих тухайд ч тэрбээр “Орон нутгийн иргэд соёлын үйлчилгээ авах эрхтэй шүү дээ” гэж хариулсан юм. Маргахгүй, мэдээж соён гэгээрүүлэх ажлыг кино урлагаар дамжуулан хийж болно. Гэвч эрэмбэ, дарааллын хувьд сумуудад кино театр барих нь тийм амин чухал ажил уу. Үүний оронд сумын сургууль, цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, эмнэлгийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх нь иргэдийн амьдрал, хүүхдийн боловсролд бодит дэмжлэг болно. Интернэт, гар утас байхад бүгд л хүссэн киногоо олоод үзчихдэг болсон цаг шүү дээ. Кинотеатруудыг хувьчлаад, хувийн компаниуд хийгээд, болоод явж буй ажилд заавал төр оролцох хэрэг үгүй. Энэ бүхэн нь коммунизм руугаа ухрах нь гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм. Гэтэл хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээн нэрлэсэн. Үг нь үйлдэлтэйгээ зөрөөд буйн нэг жишээ нь улсын уг төсвийн эрэмбэлсэн байдал гэдгийг иргэд харж байгаа биз ээ.
Мөн ХХААХҮ-ийн сайдын багцад Хөвсгөл аймагт 20 тэрбум төгрөгөөр бяслагийн үйлдвэр барих санал оруулж иржээ. Төр бодлого боловсруулах ёстой болохоос бизнес эрхлэгч биш. Жижиг, дунд үйлдвэрлэлийн ажилд хошуу дүрэх хэрэггүй хэмээн гишүүд сануулж байв.
Судалгаагүй төсөв ба тагнуулын хяналт
Аливаа ажил судалгаа, тооцоонд үндэслэх ёстой. Гэвч манай улсад судалгаа гэдэг зүйлийг мартаад удаж байна. Сэтгэлийн хөөрлөөр, амьдралаас тасарсан шийдвэр гэнэт гаргаад л иргэдээ тамлана. Нийтээр шүүмжлээд эхэлмэгц хэдэн өдрийн дараа өнөөх шийдвэрээ цуцлах зарчмаар ажиллаж байна. Улсын төсвийг боловсруулахдаа ч ийм хэнэггүй зарчмаа мартаагүй аж. Ирэх онд барих гол ажлуудын нэг нь Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор юм байна. Энэ оны төсвийг тодотгохдоо уг цогцолборын ТЭЗҮ хийхэд зориулж 100 тэрбум төгрөг хуваарилж. ТЭЗҮ нь хараахан бэлэн болоогүй. Гэвч 2025 онд барилга угсралтын ажилд нь 210 тэрбум төгрөг тусгасан байна. 2026 онд 210, 2027 онд ашиглалтад оруулахдаа 57, нийт 676 тэрбум төгрөгөөр уг цогцолборыг Хөшигийн хөндий явах замд буюу Номтын аманд барих гэнэ. Төрийн захиргааны ажилтнууд тийш нүүж, иргэдэд үйлчилнэ. Гэхдээ иргэд тэр хол газар яаж очихыг мэдэхгүй. Гишүүн Г.Уянгахишиг “Энд нэг ноцтой юм байна. ТЭЗҮ нь бэлэн болоогүй байхад уг барилгыг 676 тэрбум төгрөгөөр барина гэдэг тооцоог яаж гаргасан юм бэ. Үүнд тодорхой мэдээлэл өгөөч” гэсэн юм. Чуулганы хуралдааны үеэр бол хэн ч түүнд тодорхой мэдээлэл өгсөнгүй. “Шинэ Зуунмод” хотын төлөвлөлтийн хүрээнд ийм нэг цэгийн үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн юм билээ.
Түүнчлэн уг ажлыг ТЕГ-ын хяналт дор гүйцэтгэнэ хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо хариулсан. Гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Үүнд яагаад ТЕГ оролцож байгаа юм бэ. Одоо тендерээс эхлээд бүх зүйлийг ТЕГ-ын нэрээр хийдэг болох нь” гэхэд Б.Солонгоо “УИХ-аас гаргасан тогтоолд уг ажлыг ТЕГ-ын хяналт дор гүйцэтгэ гэсэн. Бид УИХ-ын тогтоолыг даган мөрдөж байгаа” гэв. “Ногоон автобус” худалдан авах ажиллагаа ийм зарчмаар явсан учраас тагнуул, улсын нууц гэдэг үгийн ард өөр “но” гарах вий гэсэн хардлагыг энэ бүхэн төрүүлж байгаа юм.
Мөрийн хөтөлбөрт тусгасан амлалт юу болов
УИХ-ын сонгуулиар МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт төсвийн алдагдлыг ДНБ-ий 25 хувьд барина гэсэн. АН-ынхан ч энэ тоог 20 хувьд байлгахаар амласан юм. Засгийн газарт хамтарсан гурав дахь нам болох ХҮН-ийнхэн ч төсвийн үрэлгэн зардлыг бууруулна гэсэн. Гэвч Засгийн газраас өргөн барьсан төсөлд зарлага нь ДНБ-ий 37 хувьтай тэнцэж буй аж. Гишүүн Н.Алтанхуяг энэ талаар байр сууриа илэрхийлж, “ДНБ-д эзлэх төсвийн зардлын хэмжээ сүүлийн жилүүдэд байнга өсөж байгаа. Одоо удахгүй 40 хувьд хүрэх нь. Энэ бол төрөөс хувийн хэвшил, бизнесийн ажилд их оролцож буйн илрэл. Коммунизм байгуулж байна гэсэн үг шүү дээ” гэжээ. Мөрийн хөтөлбөр дэх дээрх амлалтыг нь сануулсан гишүүн О.Цогтгэрэлд Сангийн сайд Б.Жавхлан “ДНБ-ий харьцааг шат дараалалтай өөрчлөх боломжтой. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшил буюу баялаг бүтээгчдээ дэмжиж байж энэ зорилтод хүрнэ. Эхлүүлсэн ажлаа дуусгах, эрчим хүч, зам, тээврийн бүтээн байгуулалт хийхэд 2025 оны төсөв чиглэсэн. Үүний үр өгөөжийг хувийн хэвшлийнхэн хүртэж, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2025 оны төсөвт урсгал зардлыг 30 хувиас хэтрүүлэхгүй гэсэн тусгай шаардлагыг хуульчилсан” хэмээн хариулжээ.
Мөн ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан зургаан хувиар нэмэхээр тусгасан юм билээ. Энэ талаар гишүүн Ж.Баярмаа “226 мянган төрийн албан хаагч бий. Гэтэл төсөлд 230 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмэхэд 7.5 их наяд төгрөг зарцуулна гэсэн байна. Төрийн албан хаагчдын тоог 4000-аар нэмэх гэж байгаа юм уу, төр цомхон байх амлалт чинь юу болов” хэмээн асуусан юм.
Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ-аар хэлэлцэх явцад усыг нь шүүж, шаардлагагүй заримыг нь хасаж, танахаас эхлээд өөрчлөлт оруулдаг. Гэвч цөөхөн гишүүн л бурууг нь анзаарч дуугарахаас хэтрэхгүй, төсөв хэмнэх санал оруулаад ч дэмжлэг авахгүй байгаа учраас үндсэн агуулгыг нэг их өөрчлөхгүйгээр баталчих шиг бололтой. Томоохон, бас тодорхой тооны төслийг урагшлуулахад бодит санхүүжилт хийж, түүндээ анхаарах учиртай ч манайд жижгээсээ эхэлдэг зарчим үйлчилж байна. Улсад биш, хэсэг хүнд илүү ашигтай төслүүдээ зүтгүүлээд байна уу гэсэн хардлага ч төрүүлж буй юм.