Монгол Улс биологийн олон янз байдлын үзүүлэлтээр баялаг орны тоонд багтдаг. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хэмжээнд тоо толгой нь эрс цөөрсөн, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар устаж болзошгүй, эмзэг ангилалд багтсан ховор, нэн ховор амьтдын өлгий нутаг гэгддэг. Говийн бүс нутгийн шүхэр зүйл хэмээдэг мазаалай, тахь, хулан, хавтгай, хар сүүлт, бөхөн зэргийг энд дурдаж болно. Өөр ховор, сонин амьтан цөөнгүй бий. Харин цаашид манай улс биологийн төрөл, зүйл, экосистемийн онцлог, давуу талаа урт хугацаанд хадгалж, хамгаалж чадах болов уу. Монголд л зөвхөн байдаг мазаалай баавгай, монгол бөхөн, Пржевальскийн адуугаа устахаас сэргийлж, тоо толгойн тогтвортой өсөлтийг нь дэмжиж хүчрэх үү. Ийнхүү эргэлзэхэд хүрсэн нь “Амьд ертөнцийн тайлан-2024”-тэй холбоотой. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондоны амьтан судлалын нийгэмлэг (ZSL)-ийнхэн олон улсын шилдэг судлаачидтай хамтран хоёр жил тутамд гаргадаг ээлжит тайлангаа энэ сард танилцуулахдаа дэлхий дахинд “түгшүүрийн дохио” хангинууллаа.
Байгаль, цаг уурын хурдацтай өөрчлөлт, доройтол, хүний буруутай үйл ажиллагааны улмаас экосистемд, биологийн олон янз байдалд гамшгийн хэмжээний хохирол учраад буйг судлаачид олон нийтэд зарлав. Гэтэл манай улсын бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс говийн бүсийн ховор, нэн ховор амьтдын өлгий нутаг (Говийн их дархан цаазат газрын А хэсэг)-т боомт нээх санаачилга гаргаад, түүнийгээ ажил хэрэг болгохоор зүтгэж, эрдэмтэн, судлаачдынхаа санал, байр суурийн эсрэг ажиллаж байгаа нь ийнхүү эргэлзэхэд нөлөөлсөн юм. Байгаль орчны салбарын байгууллагууд, судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлын төвд ороод буй “Амьд ертөнцийн тайлан-2024”-ийн үр дүнг тоймлон хүргэе.
Зэрлэг амьтдын 73 хувь нь “алга болжээ”
Энэхүү тайланг гаргадаг судлаачид өнөөдрийг хүртэлх хугацаанд 5495 зүйлийн 35 000 орчим популяцыг хамруулан “Амьд ертөнцийн индекс”-ийг тооцоолж ирсэн. Өөрөөр хэлбэл, ийм тооны амьтдыг бүртгэж, хяналт мониторинг хийж, өсөлт, бууралтыг нь тогтмол хэмжсэн гэсэн үг. Тэгвэл 2024 оны индекс нь биологийн төрөл, зүйл гамшгийн хэмжээнд буурсныг дэлхий дахинд илчлэв. Сүүлийн 50 жилд зэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ. Өнөө хүртэл судлагдсан, бүртгэгдсэн нийт популяцын дөрөвний гурав нь “алга болчхож”. Ан амьтад 1970 оноос хойш жил бүр дунджаар 2.6 хувиар буурсан гэсэн тооцооллыг экологичид гаргажээ. Амьдрах орчноор нь авч үзвэл цэнгэг усны амьтад хамгийн их буюу 85 хувиар буурч. Үүний дараа хуурай газрынх 69, далай тэнгисийнх 56 хувийн үзүүлэлтээр эрэмбэлэгдэж байна. Харин бүс нутгаар нь ангилбал Латин Америкийн амьд организм 95, Африкийнх 76, Ази, Номхон далайнх 60, Хойд Америкийнх 39, Европ, Төв Азийнх 35 хувиар цөөрчээ. Бүс нутгуудын байршил, газар зүйн онцлог, нийгэм, соёл, голлон эрхэлдэг аж ахуй зэргээс хамаараад зэрлэг амьтдын тоо толгой харилцан адилгүй шалтгаанаар цөөрсөн ч нийтлэгээрээ уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын хямрал, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, харь зүйлийн тархалт, халдварт өвчин, хүний буруутай үйл ажиллагаа нөлөөлж байгааг тайланд тэмдэглэжээ. Байгалийн баялаг, эндемик (өөр хаана ч байдаггүй) зүйлийн нөөц арвин, биологийн олон янз байдлын үзүүлэлт хамгийн өндөр дэлхийн 17 орны долоо нь байдаг Хойд, Өмнөд Америкийн бүс нутагт байгалийн доройтол эрчимжсэн нь судлаачдын санааг хамгийн их чилээх болж. Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай мөөгөнцрийн өвчин тархсан нь хоёр нутагтны хувьд сүйрлийн шалтгаан болж буй гэнэ. Европт бизон (үхрийн төрлийн сүүн тэжээлтэн), борцгор хотон зэрэг цөөн амьтны нөөц “сэргэсэн” ч цэнгэг усны загас, мөлхөгч, хоёр нутагтны зүйлүүд устах эрсдэлд илүү ойртжээ. Африкийн бүс нутаг дахь хөхтөн амьтдын хамгийн том дайсан нь олзворлох аж ахуй эрхлэгчид хэвээр байна. Ази, Номхон далайн бүсэд харь зүйл болон халдварт өвчин аюул тарьж эхэлж. Жишээлбэл, Номхон далайн Гуам аралд санамсаргүй байдлаар нутагшуулсан модны хүрэн могойноос болж тус бүс нутаг дахь олон зүйлийн шувуу устахад хүрсэн гэнэ. Хамгийн аюултай нь “Амьд ертөнцийн индекс” цаашид ч эрчимтэй буурч, олон зүйлийн амьтан хүн төрөлхтний ой санамжид зураглал, номын хуудсанд баримт болж үлдэх эрсдэлтэйг судлаачид хөндсөн юм.
Сүйрэлд хөтлөх эргэлтийн цэгүүд
Аливаа зүйлийн хуримтлагдсан нөлөөлөл тодорхой босго утгад хүрэхэд өөрчлөлт тасралтгүй үргэлжилж, мэдэгдэхүйц, гэнэтийн, эргэлт буцалтгүй гэж хэлж болохуйц хувьслууд өрнөдөг гэнэ. Үүнийг эргэлтийн цэг гэж нэрлэдэг юм байна. Энгийнээр хэлбэл, ямар нэгэн зүйлийн дарамт, нөлөөлөл тодорхой хязгаараас давах үед огцом, хүчтэй өөрчлөлтөд хөтлөх эргэлтийн цэгүүд бий болдог аж. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтлоос үүдэлтэй дарамтууд нь дангаараа болон хавсран нөлөөлөх замаар дэлхийн экосистемийг “уналтад оруулж”, эргэлтийн шинэ цэгүүдийг бий болгож байгааг “Амьд ертөнцийн тайлан” ил болгов. Хойд Америкийн бүс дэх чинук яргай загасны нөөцийн хомсдол, Газар дундын тэнгис орчмын нутагт гардаг гал түймэр, Австрали дахь Их шүрэн далангийн шүр цайрах үзэгдэл, Амазоны ширэнгэн ойн доройтол зэрэг нь байгалийн экосистем төдийгүй хүн төрөлхтний амьдрал, нийгэм, эдийн засагт томоохон эргэлтийн цэг болж буйг экологичид анхаарууллаа. Тухайлбал, Австрали дахь Их шүрэн далангийн шүрийн риф (далай, тэнгисийн ёроолд орших шүрэн хадан давхарга)-ийн 91 хувь нь хэт загасчлал, бохирдол, усны температурын хэлбэлзлийн нөлөөгөөр өдгөө цайраад байгаа гэнэ. Энэ нь түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээг хамарсан цайралт ажээ. Үүний үр дүнд зарим бүс нутагт далайн шуурганы давтамж ихсэх, хоол хүнс болон амьжиргааны эх үүсвэр тасалдах эрсдэл нүүрлэжээ. Сонирхолтой баримт дурдахад, дэлхий дахинд 330 сая гаруй хүн шүрийн рифээс шууд хамааралтайгаар өдөр тутмынхаа хэрэгцээг хангадаг бол нэг тэрбум орчим иргэн аялал жуулчлал, арилжааны загас агнуур зэргээр дамжуулан эдийн засгийн үр ашгийг нь шууд бусаар хүртдэг байна.
Амазоны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ өдгөө 14-17 хувиар багасжээ. Энэ нь хэдийн дэлхийн экосистемд эргэлтийн цэг болоод буй. Тэгвэл эл үзүүлэлт 20-25 хувь болж өсөхөд л эргэлтийн цэг нь туйлдаа хүрэх эрсдэлтэй гэж тооцжээ. Гэтэл олон улсын байгууллагууд “2050 он гэхэд Амазоны чийгтэй ойн талбайн 47 хүртэлх хувь нь дулаарал, ган гачиг, ойн хомсдол, түймэрт нэгэн зэрэг өртөх магадлалтай” гэж тооцсон нь судлаачдын хувьд асуултын болон анхаарлын тэмдэг болж байна. Хүн төрөлхтөн яг одоогийн замбараагүй чиг хандлагаар амьдарсаар байвал сүйрлийн үр дагаварт хүргэх эргэлтийн олон цэгтэй нүүр тулна гэж мэргэжилтнүүд анхааруулав. Судлаачид одоогоор дэлхийн хэмжээний хүчтэй нөлөө үзүүлэх, нийгмийг хаа сайгүй тогтворгүй болгох зургаан эргэлтийн цэг тодорхойлоод байна. Үүнд Амазоны ойн доройтол, Атландын далайн урсгалаас үүдэлтэй өөрчлөлт, Гренландын ба Баруун Антарктидын мөсөн бүрхүүлийн хайлалт, шүрийн риф, цэвдгийн гэсэлт, туйл орчмын эргүүлэг зэргийг багтаажээ.
Алдарсан амлалт
Олон улсын байгууллагынхан ээлжит тайлангаараа дэлхийн улс орнуудын нэгдмэл зорилт, үүрэг амлалтын хэрэгжилтэд муу дүн тавилаа. Улс орнууд 2030 он гэхэд агаарын температурын өсөлтийг 1.5 хэмд хязгаарлах, биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоох, ядууралгүй, сайн сайхан амьдралыг цогцлоох нэгдмэл зорилтыг дэвшүүлсэн ч хэрэгжилт нь хангалтгүй гэж дүгнэв. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд юуны түрүүнд, Биологийн олон янз байдлын конвенцын хүрээнд боловсруулсан Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилгыг биелүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Эл баримт бичигт “2030 он гэхэд дэлхийн хуурай газар, далай тэнгис, эрэг орчмын бүс, гадаргын усны 30 хувийг хамгаалалтад авах, доройтсон газрын 30-аас доошгүй хувийг нөхөн сэргээх, бохирдлын хэмжээ болон харь зүйлийн тархалтыг 50 хүртэлх хувиар бууруулах, үйлдвэрлэлийн системийг тогтвортой болгох, ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаанд төрөөс олгодог татаасыг жил бүр 500 тэрбум ам.доллароор, хүнсний хаягдлыг хоёр дахин багасгах” зэргийг тусгасан аж. Тогтвортой хөгжил, сайн сайхан амьдралын эх үндэс нь байгаль гэдгийг судлаачид энэ удаа “чанга” хэллээ. Мөн “Одоогийн энэ байдлаар явбал 2050 он гэхэд тогтворгүй, тэгш бус ертөнц бий болно. Дэлхийн орнууд 2030 он хүртэлх хугацаанд дэвшүүлсэн зорилтынхоо талаас илүү хувийг нь биелүүлж чадахгүй, 30 хувь нь зогсонги байдалд орох юм уу, эсвэл 2015 оны үндсэн үзүүлэлтээс дордуулж болзошгүй байна. Парисын хэлэлцээрт нэгдсэн орнуудын 74 хувь нь хүлэмжийн хийг бууруулахтай холбоотой үүрэг амлалтаа чангатгасан хэдий ч энэ зууны эцэст дэлхийн дундаж температур гурван хэмээр нэмэгдэхэд хүргэх, цаашлаад эргэлтийн олон, шинэ цэг бий болгох төлөвтэй” гэж дүгнэжээ.
“Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг өргөжүүлэх хэрэгтэй”
Эргэлтийн цэгүүдийг сааруулж, эх дэлхийгээ хамгаалахын тулд бодитой ямар алхам хийх боломжтой вэ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ерөнхий захирал Кирстэн Шуйт эрчим хүч, хоол хүнс, санхүүгийн системийн асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлжээ. Тэрбээр “Эрчим хүч, хоол хүнс, санхүүгийн системийг уялдаа холбоотойгоор өөрчлөн шинэчлэх замаар экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн “хөдөлгөгч” хүчин зүйлсийг нэгэн зэрэг шийдэж чадсан тохиолдолд дэлхий нийтийн хүчин чармайлт амжилтад хүрнэ. Амьдрах орчны алдагдлын тэргүүлэх шалтгаан нь хүнсний хангамж. Хүн төрөлхтөн нийт усны хэрэглээнийхээ 70 хувийг хоол хүнсэнд зориулдаг. Хүлэмжийн хийн ялгаруулалтын дөрөвний нэгээс илүү хувийг энэ салбар “үйлдвэрлэдэг”. Гэсэн ч дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь хангалттай тэжээллэг хоол хүсн хэрэглэж чадахгүй байна. Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг өргөжүүлж, хог хаягдлын хэмжээг бууруулснаар эргэлтийн цэгүүдийг сааруулах боломжтой” гэв. Харин Колумб улсын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сайд, НҮБ-ын Биологийн олон янз байдлын талуудын бага хурлын ерөнхийлөгч Мария Сусана Мухамед Гонзалес “Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй доройтуулсан бүхнийг системтэйгээр засаж, сэргээх шилжилтийн замд зайлшгүй орох ёстой. Нүүрлэж буй аюулаас зайлсхийхийн тулд шинжлэх ухааны ололтууд юу “хэлж” буйг сонсох цаг нь болсон” гэжээ.