Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024 оны сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгаас сонгогдсон АН-ын гишүүн Очирбатын Амгаланбаатарын товч намтар УИХ-ын албан ёсны цахим хуудсандаа ч, өмнө нь ажиллаж байсан Говь-Алтайн ЗДТГ-ынхад ч байдаггүй аж. ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр ажлын гараагаа Говь-Алтай аймаг дахь Бургастай боомтын гаалийн байцаагчаас эхэлсэн нэгэн. Орхон аймаг болон Өмнөговийн Гашуунсухайтын гаалийн хороонд ажиллаж байгаад “Гаалийн” хэмээх Х.Баатарын авлига, албан тушаалын хэрэгт ч нэр холбогдож явсан хүн юм. Гэхдээ түүний буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй учраас ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Ийнхүү 2012 он хүртэл гаалийн байгууллагад ажиллаж байгаад улс төрд орох замаа засаж, тухайн оны орон нутгийн сонгуулийн дараа Говь-Алтай аймгийн Засаг дарга болсон байдаг. Ийн ажиллаж байхдаа Говь-Алтайн иргэд, тэр дундаа Есөнбулаг сумынхнаа цэвэр усаар хангах ажлыг эхлүүлж, Тайшир сумд цэвэр ус савлах үйлдвэр ашиглалтад оруулсан юм. Үүнийгээ аймгийн төвтэй шугам хоолойгоор холбох санаачилга гарган ажилласан гэдэг. Уг үйлдвэрийг нээснийхээ дараа 2016 оны сонгууль дөхөх үед мань эр цэвэр усны саван дээр өөрийн зургийг хэвлэн тарааж, олонд танигдах ажиллагаа явуулсан нь хэвлэлээр шүүмжлүүлэхэд хүргэсэн.
2020 оны орон нутгийн сонгуулийн дараа Засаг даргаар дахин томилогдож, мөн л хэл амны бай болсон хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, ганц бие залуучуудыг хооронд нь танилцуулах уулзалт зохион байгуулж, үр дүнд нь цөөнгүй гэр бүл хуримаа хийсэн гэдэг. Энэ арга хэмжээгээ дараа жил нь нэрийг нь өөрчилж “Жангар фестиваль” болгон 21 аймгийн төлөөлөл төдийгүй монгол туургатан залуусыг оролцуулан зохион байгуулсан хэмээдэг. Бас социализмын үед баруун бүс нутагт гадаргын усыг ашиглаж байсан хоолойнуудыг сэргээн ашиглалтад оруулан, орон нутагт жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх зорилго өвөрлөн ажилласныг хэлэх хүмүүс бий.
Түүнчлэн О.Амгаланбаатарын удаа дараа зүтгүүлж буй нэгэн санаачилга бол Нарансэвстэйн боомтыг нээх. Орон нутгийн иргэд, байгаль орчны төлөөх байгууллагуудын ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч буй энэ ажлыг зүтгүүлэх шалтгаан нь ӨМӨЗО-ыг “алгасаад”, БНХАУ-ын Ганьсу мужаар дамжуулан өмнөд хөрштэй шууд харилцах гэж тайлбарладаг. Гэхдээ энд боомт нээснээр байгаль орчинд асар их хор уршиг учирч, хамгаалах, тоо толгойг нь өсгөн үржүүлэх гээд байгаа мазаалай баавгайд ч сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг эрдэмтэн, судлаачид байнга анхааруулсаар буй. Түүнчлэн энэ боомтыг нээж ашиглалтад оруулснаар Талын мэлтэсийн алтны орд газрыг ухах нөхцөлийг “нинжа” нарт бүрдүүлж өгнө гэдгийг ч орон нутгийнхан нь өгүүлсээр байгаа билээ. Магадгүй, О.Амгаланбаатар алтны “нинжа” нарын дэмжлэгтэйгээр УИХ-д сонгогдсон гэсэн яриа нутгийн иргэдийн дунд байдаг нь ч үүнийг батлах мэт. Талын мэлтэсийн ордыг ухах ажиллагааг Нарансэвстэйн боомтоор халхавчилж, ашиглалтад оруулбал Говь-Алтай аймаг хөгжинө хэмээн олон нийтэд нөлөө үзүүлэхийн тулд сэтгүүлчдийг хил дагуу авч явсныг ч нийгмийн сүлжээнд учир мэдэх хүмүүс шүүмжилж байсан юм.
Юутай ч О.Амгаланбаатартай холбоотой хэл ам олон нийтийн сүлжээнд цөөнгүй гардаг ч гэм буруутай нь тогтоогдсон, хариуцлага тооцсон тохиолдол бараг л үгүй. Тухайлбал, цагдаагийн алба хаагчидтай маргалдаж, шаардлагыг нь биелүүлэлгүй “Намайг танихгүй байна уу” хэмээн зугтсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байсан ч тэгсхийгээд дарагдсан. Энэ мэт үйлдэл нь хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан нөлөө бүхий хүнтэй холбоотой гэх хардлага ч байдаг. Бас эхнэр Ш.Анхмаа нь нийслэлийн Засаг даргын орлогч асан, МАН-д дээгүүр албан тушаал хашиж байсантай нь ч холбох хүмүүс бий. Юутай ч төрийн өндөр албан тушаалтны хувьд АТГ-т жил бүр гаргаж өгдөг ХАСХОМ нь их эргэлзээтэй. Ямар нэг компани, аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшдэггүй хэмээн бүртгүүлсэн бөгөөд монгол хүн бүр л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны тодорхой хэсгийг эзэмшдэг атал О.Амгаланбаатар түүний талаар огт дурдаагүй нь ХАСХОМ-ээ үнэн, зөв гаргадаг, эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Морины зүтгэлтэн тэрбээр ХАСХОМ-ийнхээ “Мал аж ахуй” хэсэгт юу ч байхгүй мэтээр бүртгүүлсэн нь ч ийн эргэлзэх бас нэг шалтгаан болж байна.
О.Амгаланбаатартай холбоотой хамгийн сүүлд “Аксу алтай” ХХК-ийн захирал Г.Чинбатад тендер авч өгөөд мөнгийг нь хамт завшсан” хэмээн мэдээлэл цацагдсан. Энэ асуудлыг өдгөө АТГ-ынхан шалгаж эхлээд буй юм билээ.