УИХ-аас “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт хяналтын сонсголыг ирэх сарын 20-нд зохион байгуулна. Ж.Баярмаа нарын 22 гишүүн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол явуулах хүсэлтээ өнгөрсөн наймдугаар сарын 6-нд УИХ-д даргад ирүүлсэн юм байна. Үүний дагуу Хууль зүйн байнгын хорооныхон хуралдаж, уг хяналтын сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллах нь.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргүүлж ирээд нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Уг хэргээс улбаалан хяналтын сонсгол явуулах санаачилгыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гаргаж байв. Тэрбээр “Монгол Улс Үндсэн хуульдаа хүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлоохоор зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн хүнтэй хүнлэг бус харьцах, эрүүдэн шүүхийг хориглосон. Харамсалтай нь, иргэдээ хамгаалах үүрэгтэй батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад хүний амь эрсдэх тохиолдол, хүчирхийлэл, дарамт тасрахгүй, харин ч газар авсаар байна. Үүний нотолгоо нь хоригдож байсан 21 настай залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг боллоо” гэж байлаа.
Хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн болон олон нийтийн байгууллагынхан бүртгэлийн хуудас бөглөж, ирэх сарын 15-ны 17.00 цагаас өмнө sonsgol@parliament.mn и-мэйл хаягаар ирүүлэх ёстой юм байна.