Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Говийн их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” хэмээн тусгасан нь байгаль орчны салбарынхны унтууцал, бухимдлыг “өрдөж” байна. Говийн их дархан цаазат газрын А хэсэгт, бөхөн, мазаалай, хавтгай, хар сүүлт зэрэг ховор амьтны гол идээшил нутагт боомтын үйл ажиллагаа эхлүүлснээр говийн бүсийн, цаашлаад Монгол орны экосистем, биологийн олон янз байдалд нөхөж баршгүй гарз хохирол учирна хэмээн судлаач, мэргэжилтнүүд болгоомжилж буй юм.
БНХАУ-ын Ганьсу мужтай хиллэдэг тус боомтыг Говь-Алтай аймагт 1990-ээд оны эхэн үед байгуулсан бөгөөд нээснээс нь жил гаруйн дараа бүрмөсөн хаажээ. Шалтгаан нь хүн, машины хөдөлгөөнөөс үүдэлтэй зэрлэг амьтдын дайжилт, хөрсний эвдрэл элэгдэл, хууль бус ан гаарсан явдал байж. Дархан цаазат газрын нутгаар авто замын сүлжээ дайран өнгөрч буйд олон хүн шүүмжлэлтэй ханджээ. Орон нутгийн удирдлагууд энэ цагаас хойш Нарансэвстэйн боомтыг сэргээн байгуулах саналыг төр засгийн түвшинд удаа дараа тавьсан аж. 2022 оноос хойш үүний талаар илүү эрчимтэй ярих болж, БНХАУ-ын талтай хүртэл хэлэлцсэнээр “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд ажил хэрэг болгохоор хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан байна. Ерөнхий сайд өнгөрсөн онд Говь-Алтайд хийсэн нэгэн уулзалтынхаа үеэр “Засгийн газраас Нарансэвстэйн боомтыг нээхээр судалж байна” хэмээн мэдэгдсэн нь цахим хуудсанд баримт болон үлджээ.
Албаны хүмүүс уг боомтын үйл ажиллагааг сэргээснээр “Баруун бүсийн хөгжлийн гарц нээгдэнэ” хэмээж буй бол байгаль орчны салбарынхан “Экологийн сүйрлийн гарц нээгдэнэ” гэж сэрэмжлүүлж байгаа. Дархан цаазат газрын хилийн цэсийг өөрчилж, төвлөрөл, суурьшил бий болгосноор “Монголд л зөвхөн байдаг” хэмээн сурталчилдаг говийн мазаалайгаа устгах, бусад ховор амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тасалдуулах эрсдэлтэйг ч сануулах болов. Ховор амьтдын судалгаа, менежментийн нийгэмлэгийн тэргүүн Б.Мижиддорж тэргүүтэй судлаачид хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан үүний эсрэг байр сууриа илэрхийлж байна. Зарим нь нэгдэж нийлээд, холбогдох сайд, дарга нар, олон улсын байгууллагад энэ асуудлаар хандаж буй сурагтай. “Ирвэс хамгаалах сан” зэрэг байгууллагаас Засгийн газрын Олон нийттэй харилцах төвийн утсанд энэ талаарх гомдол, саналаа албан ёсоор илэрхийлэхийг салбарын судлаач, мэргэжилтнүүддээ уриалж эхэлжээ. Уг бүсэд эхнээсээ л боомт байгуулах ёсгүй байсан, холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийлгүй ийм бодлогогүй шийдвэр гаргасан, үүнийхээ уршгийг ч их, бага хэмжээгээр амссан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Хэрэв дахин ийм алдаа гаргавал Монгол Улс олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг амлалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн, ноцтой үйлдэл болно гэж анхааруулах хүн цөөнгүй.
Н.МИШЭЭЛ